Өвчнөөр популизм хийхгүй ээ, Д.Сарангэрэл сайд аа !

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Өвчнөөр популизм хийхгүй ээ, Д.Сарангэрэл сайд аа !

Өвчнөөр популизм хийхгүй ээ, Д.Сарангэрэл сайд аа !

Эрүүл мэндийн сайдаар гурван жил ажиллахдаа  гадаадад эмчлүүлэхээс аргагүй болсон иргэдэд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломжийг олгоогүй атлаа  “Одоо боломж бий. 10 тэрбум төгрөг шаардана” гэж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ярьж суух юм.

Өвчин гэдэг хэцүү, хэнд ч тохиолдож болзошгүй учраас 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болох санаачлага хамгийн энэрэнгүй, хүнлэг л сонсогдоно. Гэвч уучлаарай, Эрүүл мэндийн экс сайд аа, өвчнөөр бүү популизм хий.

Сар бүр цалингаасаа Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд цаг заваа гаргаад эмнэлгээр явахаар оношлогоо ч хийлгэж чадахгүй байна.  Эмч нь байхгүй, цаг нь дууссан, аппарат эвдэрсэн.

Жишээ татвал, улсдаа зүрх, мэдрэлээр дагнан оношилгоо, эмчилгээ үзүүлдэг Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн төвийнх нь  эмирай аппарат эвдэрсэн тул олон өвчтөн оношлуулж чадахгүй буцаж байна.  Эмч нь “Нэг бол Гэмтэл согог судлалын үндэсний төвд харуул, эс бол хувийн эмнэлэгт үзүүл. Төлбөр нь 300 гаруй мянган төгрөг болно” гэдэг тайлбар хийгээд сууж байна.

Харин хоёрдугаар шатлалын эмнэлэг болох дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхийн тулд иргэд шөнийн 02.00 цагаас эхлэн дугаараа манаж, эмнэлэгт хоног төөрүүлдэг.  Өглөө 06.30 цагт очсон иргэн тухайн өдөр үзүүлэх цаг авч чадахгүй, дуусдаг. Группээ сунгуулах иргэд “Эмчийнхээ гарыг цайлгахгүй бол болохгүй” гээд гүйлдэж байна. Энэ бол эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа наад захын проблем. Цааш ухвал их юм бий.

Яагаад энэ бүхнийг жишээ болгов гэхээр эмнэлгүүдэд мөнгө нь хүрэлцэхгүйгээс техник технологио шинэчилж чадахгүй байна, эвдрэлтэйгээ засч чадахгүй цаг их алдаж байна. Иймээс  мөнгө өгнө гэж популизм хийхээсээ өмнө  эмнэлгүүдийнхээ техник технологийг нь шинэчилж өг,  эмч нарыг сурга.  Иргэдээ Монголдоо эмчлүүлдэг болох боломжоор ханга.

Тэр цагт Монголын эрүүл мэндийн салбар хөл дээрээ босно, хөгжинө.

Хэрэв Эрүүл мэндийн даатгалын сангийн харьяа Эрсдлийн сангаас Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний оноштой хүмүүст 100 хүртэл сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд эхэлбэл одоогийн санд төвлөрч буй мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй болно. Эхлээд 10 тэрбум төгрөг шаардана, ирэх жилээс нь 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос  аргагүй нөхцөл үүснэ.

Дээр нь энэ 100 хүртэл сая төгрөг үнэхээр жирийн иргэдэд хүрнэ гэдэг баталгаа байхгүй. Эрх мэдэл, албан тушаалтай нэгэнд л олддог, түүнийг авахын төлөө танил тал хардаг, цаашлаад авлига хээл хахууль өгөлцөж, авалцдаг сүлжээг л бий болгоно.

Гадаадын их, дээд сургуулийн Засгийн газрын тэтгэлэгтэй хөтөлбөр, Төрийн сангийн зээлд хэний хүүхдүүд хамрагдаж, боловсрол эзэмшсэнийг эргээд нэг санаарай.

Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, Барилга хот байгуулалтын сайд асан Б.Баделханы хүү гэхчлэн хөвөрдөг.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг хэн хүртлээ. Шадар сайд Я.Содбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Учрал гэхчлэн цуварна.  Иргэдэд туслах нэртэй санг цөлмөгчид нь улстөрчид л байдаг.

Мөн “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2019-2023 онд 50 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Эхний жил буюу 2019 онд 4.6 тэрбум төгрөг төсөвлөж, 2-12 насны нэг хүүхдэд 60 мянган төгрөгт багтаан үйлчилгээ үзүүлэхээр тооцсон ч нэг л шүд эмчлэхэд хүрэлцэх мөнгө болж, эмнэлгүүд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс цааргалж эхэлсэн.

Харин Эрүүл мэндийн яам 2020 оны аравдугаар сарын байдлаар 143 мянган хүүхдийн шүдийг эмчилсэн тухай мэдээллийг хамгийн сүүлд цацсан нь үнэхээр бодитой мэдээлэл мөн үү гэдэг эргэлзээ дагуулж буй.  Эл статистик мэдээ үнэн үү гэдгийг шалгаж, эргэлзээг тайлах цаг нь ч болсон.

Дахиад сануулъя, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд мөнгө өгөх тухай ярьж, популизм хийхийн оронд Монгол хүн эх орондоо эмчлэгддэг болох цагийг авчрахын төлөө  бодлогыг нь тодорхойлж, боломжоор хангаж өгөхөд л анхаарал хандуулж, ажилла.

Хоёр жилийн өмнө л ашиглалтад оруулах тухай ярьж байсан Түлэнхийн төвийн барилга яагаад өнөөдрийг хүртэл гацав, эзэмшил газар дээр нь яагаад 16 давхар орон сууц сүндэрлэв. Эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж, ажиллахыг хүсч байвал үүнд л санаа тавь.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж