К-Попоор дэлхийг байлдан дагуулж буй Тайланд бүсгүй

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

К-Попоор дэлхийг байлдан дагуулж буй Тайланд бүсгүй

К-Попоор дэлхийг байлдан дагуулж буй Тайланд бүсгүй

"NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа дэлхийн хөгжмийн ертөнцөд “К-поп” урсгалыг таниулж буй "Blackpink" хамтлагийн реппер Лизаг онцолж байна. Тэрбээр Өмнөд Солонгосын “YG” энтертайнментын дадлагажигчаар 2010 оноос хойш бэлтгэгдэн, 2016 онд дөрвөн гишүүнтэй охидын хамтлаг болох "Blackpink"-ийн гишүүнээр сонгогдсон юм. Өдгөө Лиза Ази төдийгүй дэлхийн хэмжээний од болжээ.


ТАЙЛАНД ОХИН СОЛОНГОСЫН СОЁЛЫН ДОВТОЛГООНД ӨРТӨВ

Лиза 1997 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Тайланд улсын Бурирам мужид мэндэлж, эцэг эх нь түүнд Пранприяа Манобан хэмээх нэр хайрлажээ. Нутгийнхаа Прапамонтри бага, дунд сургуульд суралцсан тэрбээр хожим нь нэрээ Лализа хэмээн өөрчилсөн аж. Түүний ээж нь Тайланд, хойд аав нь тогооч мэргэжилтэй Швейцарь хүн. Лиза багаасаа л Өмнөд Солонгосын дуу хөгжим, соёлд татагдаж, дөрвөн настайгаасаа эхлэн бүжгийн дугуйлданд суралцан, “To Be Number One” гэх алдартай бүжгийн тэмцээнд оролцон, өөрийгөө нээжээ. Түүний авьяастайг мэдсэн We Zaa Cool бүжгийн хамтлаг Лизаг багтаа элсүүлж, 2009 онд хамтдаа “LG” энтертайнментын Million Dream Team тэмцээнд оролцон “Special Team” шагналыг хүртэв.

We Zaa Cool бүжгийн хамтлагт Лизатай хамт Got7 хамтлагийн дуучин Бамбам бүжиглэж байсан.

Бүжиглэхийн хажуугаар дуулах авьяасаа хөгжүүлж, Moral Promotion төвийн зохион байгуулсан дууны тэмцээнд дунд ангийн сурагч байхдаа дэд байранд оржээ. Тэрбээр багаасаа "Big Bang" болон "2NE1" хамтлагуудын дууг сонсдог байсан аж.

ӨРСӨЛДӨӨН ДУНДААС ОНЦГОЙРОВ

Өмнөд Солонгосын алдарт “YG” энтертайнмент 2010 онд “К-поп”-ын дараагийн шинэ дүр төрхийг хайх эрэлдээ гаран Тайланд улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлав. Ойролцоогоор дөрвөн мянга гаруй шалгуулагчдаас 13 настай Лиза охин ганцаараа тэнцэж, Солонгосыг зорих эрхтэй болжээ. Тэрбээр 2011 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор YG энтертайнментийн дадлагажигч болж, тус байгууллагын анхны Солонгос бус дадлагажигч болсон аж. Лиза анх Солонгос улсад ирэхдээ "Сайн байна уу?" гэдэг үгийг л мэддэг байж. Харин хамтлагийн гишүүд болон Солонгос хэлний багшийн ачаар хэлээ сайжруулж, өдгөө чөлөөтэй ярьдаг болжээ.

2011 оноос хойш 2016 он хүртэл таван жилийн нөр их хүч хөдөлмөр, бэлтгэл сургуулилтын эцэст Лиза охидын "Blackpink" хамтлагийн дөрвөн гишүүний нэгээр сонгогдож, YG энтертайнментийн түүхэнд хамтлагт орсон анхны Солонгос бус уран бүтээлч болжээ.

Таван жилийн турш уран бүтээлч болохоор бэлтгэгдэж байхдаа Лиза гоо сайхны хагалгаа хийлгэн хамар, уруул, зовхио янзлуулж, арьсаа цагааруулжээ. Үүнийхээ ачаар тэрбээр 2015 онд "Nona9on" хувцасны бренд болон 2016 онд "Moonshot" гоо сайхны брендийн нүүр царай ч болж чадсан байна.

BLACKPINK ТИВ, ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛАВ

2016 оны наймдугаар сард байгуулагдсан "Blackpink" хамтлаг “Whistle”, “Boombayah” зэрэг анхны дуунуудаа олон нийтийн хүртээл болгож, тэсрэлт хийв. Хятад болон Өмнөд Солонгосын бүхий л хөгжмийн чартуудыг “Whistle” дуу нь тэргүүлж, асар хурдацтай Азид танигдсан. 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр "Blackpink" хамтлаг Black болон Pink гэдэг үгнүүдийг нийлүүлэн Blink гэх нэршлийг гарган ирж, фэн клубээ үүгээр нэрлэв.

2016 онд Лиза Лализа хэмээх нэрээ өөрчилж, одоогийн нэрээ сонгожээ. Лализа гэж Тайланд хэлээр “Магтаал бүхнийг хүлээн авах хүн” гэсэн утгатай аж.

Дэлхийн алдарт “Coachella” шоуны тайзан дээр дуулсан анхны Өмнөд Солонгос хамтлаг

Азидаа танигдаж байсан "Blackpink" хамтлаг Япон улсад 2017 онд анхны тоглолтоо хийх үедээ 200 мянган тасалбарыг борлуулсан ч цэнгэлдэхийн гадна тэднийг тоглолтыг үзэж чадаагүй 14 мянган хүн үлдсэн юм.    Ийнхүү Азидаа нэгэнт хөлөө олсон Blackpink 2018 онд анхны дэлхийн аялан тоглолтоо зарлав. YG энтертайнмент ч охидын хамтлагаа дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөнө гэдгийг мэдрэн,  АНУ-ын алдарт Universal Music группын эзэмшдэг Interscope Records компанитай гэрээ байгуулан, олон улсад гарах эхний алхмаа хийжээ. “In Your Area World Tour” 2019 оны эхний гурван сард Азиар аялан тоглолтоо хийж, 2019 онд АНУ-д анхны үзүүлэн тоглолтоо зохион байгуулав.

Тэдний гаргасан “Kill This Love” дуу 2019 оны Биллбоардын шилдэг зуун дууны 66-д эрэмбэлэгдсэн бол “Forever Young” дуу нь тухайн жилдээ 2.5 сая удаа татагдаж, жинхэнэ хит болов. Мөн "Ddu-Du Ddu-Du" дуу нь Их Британийн хөгжмийн чартад цацагдсан даруйдаа дээгүүр байрт жагсан тус улсын хөгжмийн чартад байр эзэлсэн анхны “К-поп” охидын хамтлаг болжээ.

ДЭЛХИЙН ОДУУДТАЙ ХАМТАРЧ ЭХЛЭВ

Гаргасан дуу бүр АНУ-ын хөгжмийн биллбоардад дээгүүр жагсч байсан "Blackpink" хамтлаг 2019 оны төгсгөл гэхэд дэлхийн хамтлаг болсон байлаа. АНУ болон олон улсын алдартай дуучид тэдэнтэй хамтран өөрсдийн Ази дахь зах зээлээ тэлэх бодлоготой байв. Энэ ч жишгээр 2019 оны аравдугаар сард Англи дуучин Дуа Липа "Blackpink" хамтлагтай хамтран “Kiss and Make up”, 2020 оны гуравдугаар сард Лэди Гага тус хамтлагтай хамтран “Sour Candy”, 2020 оны долдугаар сард Селена Гомез мөн хамтран “Ice Cream” зэрэг дуунуудыг тус тус бүтээжээ.

"Blackpink" хамтлагийн өнгөрсөн зун гаргасан “How you like that” дуу 2020 оны Youtube платформын зуны шилдэг арван дууны нэгдүгээрт бичигдэж, 2020 оны MTV Video Awards шагнал гардуулах арга хэмжээний "Шилдэг зуны дуу"-гаар шалгаран энэхүү арга хэмжээнээс шагнал хүртсэн анхны Солонгос хамтлаг болжээ.

ЛИЗАГИЙН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

  • Лиза Тайланд, Англи, Солонгос хэлээр чөлөөтэй ярьж чаддаг бол Япон, Хятад хэлээр хэрэглээний түвшинд ярьдаг.
  • Тэрбээр өөрийн “Lisa TV” хэмээх реалити шоутай байсан.
  • Лиза зургаан мууртай. Түүнтэй хамт Лука, Лили, Луйс, Лео нар Солонгост амьдардаг бол Хантер, Тига нар ээж аавтай нь Тайландад амьдардаг.
  • Түүний үлгэр дуурайлал авдаг хүн бол Америк дуучин, бүжигчин Келани.
  • Лиза хэрвээ урлагийн хүн болоогүй бол Австрали руу сурахаар явах байсан.
  • Тэр Диснейн гүнж байсан бол Рапунзель байх байсан. Учир нь түүний хамгийн дуртай Диснейн хүүхэлдэйн кино бол Танглед.
  • Лиза кока-кола болон сүшинд дуртай.
  • Тэрбээр инстаграм дээр хамгийн олон буюу 40.1 сая дагагчидтай “К-поп” дуучин. Түүний оруулсан зураг хоёр өдрийн дотор хоёр сая хүнд таалагдаж, энэхүү амжилтанд хүрсэн анхны эмэгтэй “К-поп” уран бүтээлч болжээ.
  • Лиза бол дэлхийд хамгийн алдартай Тайланд уран бүтээлч. Түүний жилийн орлого 6-8 сая ам.доллар.
  • Түүний үерхэл, хайр сэтгэлийн талаарх мэдээлэл тун хомс бөгөөд Лиза өөрөөсөө ах хүнийг сонирхдог тухайгаа радиогийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ. Гэхдээ хэт их ахмад бус өөртэй нь ойролцоо насны хоол сайн хийдэг хүн таалагддаг гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж