
Чикагод өнгөрсөн зургадугаар сарын 30-наас хойш цагаан будааны үнэ 15 хувиар өсч, Нью-Йоркт хөвөн даавууны үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 26 хувиар нэмэгдсэн байна. Цаашлаад Хятадад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа юм. Өмнө нь Хятадад 1998 онд их үер болж байсны улмаас цагаан будааны үнэ 16 хувиар нэмэгдэж байв. Хятадын Ерөнхий сайд Вэн Зябао доод тушаалын дарга нартаа үерийн гамшигт өртсөн нутгийн ард иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхийг даалгажээ. Хятадын Иргэний явдлын яамнаас өнгөрсөн сарын 27-нд мэдээлснээр үерийн улмаас нийт 400 мянга гегта газар сүйдэж, 7.8 тэрбум ам.долларын хор хохирол учирсан байна. Ямартай ч энэ оны эцэс гэхэд цагаан будааны гаралт 10 хувиар буурч магадгүй аж. Одоогийн байдлаар үр тариа, мах тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дунджаар 6.9-7.1 хувиар өсчээ. Энэ нь Хятадын хэрэглээний үнийн индексийг 2.38 хувиар нэмэгдүүлсэн байна. Цаашид ч дээрх үзүүлэлт өсөх хандлагатай байгаа юм. Ирэх есдүгээр сарын эцэс гэхэд Намрын дунд сарын баяр болно. Тэр үе хүртэл үнийн өсөлт зогсохгүй байх аж. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас гаргасан судалгаагаар өнгөрсөн Хятад 2009 онд 137 сая тонн цагаан будаа үйлдвэрлэжээ. Тус улсын Засгийн газар хомсдох хандлагатай байгаа хүнсний бүтээгдэхүүнээ нөөцлөх талаар арга хэмжээ авж эхэлсэн байна. Тиймээс үнийн өсөлт гарах ч тэр нь хязгаарлах боломжгүй тийм хэмжээнд хүрэхгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс нь онцолж байгаа юм. Хятадад жил тутамд 500 сая тонн цагаан будаа тэргүүтэй үр тариа хэрэглэдэг. Харин Засгийн газар нь нийт эрэлтийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нөөцийг бий болгодог байна.
Орост болж буй гангийн улмаас улаан буудайн үнэ сүүлийн 22 сард байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ өнгөрсөн зургадугаар сараас хойш 50 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү өсөлттэй холбоотойгоор гурил, цаашлаад талх, жигнэмэгний үнэ өсчээ. ОХУ бол улаан буудайн экспортын хэмжээгээрээ АНУ, Европын холбоо, Канадын дараа дөрөвдүгээрт ордог. Харин хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Казахстан тэргүүтэй орон өнгөрсөн онд нийт улаан буудайн экспортын 25 хувийг бүрдүүлжээ. Ерөнхийдөө цаашид улаан буудайн үнэ өсөх хандлагатай байгаа. Гэхдээ ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Дэд сайд Александр Беляев “Москвагаас улаан буудайн экспортоо бууруулахгүй” хэмээн мэдэгдсэн нь уг бүтээгдэхүүний үнийг бага зэрэг бууруулжээ. Гэхдээ А.Беляевын нэг онцолсон зүйл нь урьдчилсан тооцоогоор Оросын улаан буудайн гарц 20 сая орчим тонноор буурах төлөвтэй байгаа юм. Тус улс өнгөрсөн 2009 онд 97 сая тонн улаан буудай хураасан билээ. Орост болж буй ган гачгийн улмаас хөрш зэргэлдээ Казахстан, Украйн экспортоо бууруулна гэх таамаг байгаа юм.
Улаан буудайн үнэ өнгөрсөн зургадугаар сараас хойш 50 хувиар нэмэгдсэн тухай дээр дурьдсан. Өмнө нь 2008 онд хүнсний бүтээгдэхүүнүүд хэт өндөр үнэтэй болж байсан. “Wall Street Journal”-д бичсэнээр тухайн үед үнийн өсөлтөөс болж Египет, Гайти, Пакистанд үймээн самуун гарахад хүрч байв. Харин энэ жил АНУ-ын улаан буудайны ургац их гарна гэх тооцоо байгаа. Тус улс ирэх оны тавдугаар сар гэхэд 30 сая тонн улаан буудай нөөцөлсөн байхаар төлөвлөж байна. Энэ талаар АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ. Ядаж АНУ-д ургац их гарч буй нь үнийн хэт хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх боломжийг олгож байгаа юм.
Харин элсэн чихэрний үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улсад нийлүүлэлтээс давсан эрэлт бий болсны улмаас уг түүхий эдийн үнэ нэмэгдэж, хомсдол бий болох аюултай болооод байгаа. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр элсэн чихрийн үнэ 4.5 хувиар өсч, дэлхийн зах зээлд нэг фунт нь 18.26 цент болж байв. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард нэг фунт элсэн чихэр 16.55 цент байсан билээ. Энэтхэг улсад уг бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурах хандлагатай байгаа нь ийнхүү үнийн өсөлтийг дагуулжээ. Дэлхийн элсэн чихрийн үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр хагас жилийн байдлаар 157 сая тоннд хүрсэн байна. Харин өнгөрсөн даваа гарагт нэг фунт элсэн чихэр 19.88 цент болсон нь өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас хойшхи хамгийн өндөр үнэ юм. Бразильд олон өдрийн турш их устай, ширүүн бороо үргэлжлэн орсны улмаас боомтууд нь хэвийн ажиллах боломжгүй болсон. Тиймээс тус улсаас ирэх экспорт тасалдахад хүрээд байгаа. Үүнтэй зэрэгцээд Азид элсэн чихрийн эрэлт өссөөр байна. Ямартай ч Энэтхэг улс үйлдвэрлэлээ нэмэхийг зорьсоор байгаа юм. Тус улс ирэх улиралд 25.5 сая тонн элсэн чихэр үйлдвэрлэхээр тооцож буй нь өнгөрсөн оны мөн үед 18.7 сая тонн байснаас давсан хэмжээ болжээ.
Ийнхүү хаа сайгүй байгалийн гамшиг тохиож буйн улмаас улаан буудай, цагаан будаа, элсэн чихэр тэргүүтэй хүнсэнд хэрэглэдэг гол түүхий эдүүдийн үнэ өссөөр байна.
Т.ЭЛИСА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин