Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2020.10.07) Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцов. Уулзалтад Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны талаар Байнгын хорооны даргад танилцуулсан юм. Үндсэн хуулийн талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл сайжирсантай холбоотойгоор цэцэд мэдээлэл гаргах тоо жил ирэх тусам өсөж байгааг Үндсэн хуулийн цэцийн дарга энэ үеэр онцлоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн батлах хууль тогтоомжуудын талаар танилцуулаад хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажилд Улсын Их Хурал онцгойлон анхаарч байгааг онцлон дурдав.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийг иргэдэд сурталчлан таниулах, Үндсэн хуулийн цэц болон Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Холбоотой мэдээ