Томуугийн дэгдэлтээс сэргийлж, эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлж ажиллана | News.MN

Томуугийн дэгдэлтээс сэргийлж, эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлж ажиллана

Томуугийн дэгдэлтээс сэргийлж, эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлж ажиллана

Томуугийн дэгдэлтээс сэргийлж, эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлж ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Тандалт, урьдчилан сэргийлэлтийн албаны дарга Б.Баатарсүхтэй томуу, томуу төст өвчний цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд амьсгалын замын халдварт өвчин, тэр дундаа томуу, томуу төст өвчин эрс нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар,  өвчлөлийн түвшин ямархуу байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин /ТТТӨ/ жил бүрийн 10 дугаар сард нэмэгдэж, өвчлөлийн дэгдэлт 12, 1, 2 дугаар сард явагддаг. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторийн үзлэг дэх ТТТӨ-ний хувийг 7 хоног бүрийн 2 дахь өдөр, орны мэдээг өдөр бүр гаргаж байна. Тухайлбал, 2020 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 102.371 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3452 тохиолдол оношлогдсон байна.

Энэ нь нийт үзлэгийн 3.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.9 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 35.2 хувийг 0-1 нас, 30.4 хувийг 2-4 нас, 17.4 хувийг 5-9 нас, 7.2 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 800 дуудлага ирснээс 37.8 хувь нь ТТТӨ-ний оноштой байна.

-Эмнэлгүүдийн орны ачаалал ямар байгаа вэ?

-2020 оны 10 дугаар сарын 06-ны байдлаар, нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн 1047 орон дээр 650 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 80 буюу 18.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагаас 90.0 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 13 буюу 14.0 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

-Томуугийн дэгдэлтийн үед дэлгэх орны тоог жил бүр нэмэгдүүлж ирсэн. Энэ жил хүүхдийн орны зохицуулалтыг хэрхэн зохион байгуулж ажиллах вэ?

-Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ТТТӨ-нөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын А/577 дугаар захирамжаар баталсан нийслэлийн календарчилсан төлөвлөгөний дагуу хэрэгжүүлж байна. Тухайлбал, жил бүрийн 12, 1, 2 дугаар сард явагддаг томуугийн дэгдэлтээс үүдэж эмнэлгүүдийн амбулатори болон орны ачаалал эрс нэмэгддэг тул орны зохицуулалтыг 9 дүгээр сард хийсэн.

Ингэхдээ өнгөрсөн жилийн амбулаторийн үзлэг, хүүхдийн орны ачаалал, түргэн тусламжийн дуудлагад ТТТӨ-ний хамгийн өндөр эзэлсэн хувийг харгалзаж бэлэн байдлаа хангасан. Өнөөдрийн байдлаар, нийслэлд 1123 хүүхдийн ор ажиллаж байгаа. Амбулаторийн үзлэгт ТТТӨ-ний эзлэх хувь 5 хүртэл хэмжээнд байхад одоо байгаа орны зохицуулалт бүрэн боломжтой гэж үздэг. Харин үзлэгийн хувь 5-9 хүрсэн үед  нэмэлтээр 600 ор дэлгэхээр бэлтгэсэн. Өнгөрсөн гурван жилийн дунджаас авч үзэхэд  хамгийн их ачаалалтай үед орны тоо 1775 хүрч байсан тул эрүүл мэндийн байгууллагад дэлгэх ор 1123+1729 буюу 2852, мөн цэцэрлэг, зочид буудал гэх мэт эрүүл мэндийн бус байгууллагад дэлгэх орны тоо 750, нийт 3602 ор дэлгэхээр бэлтгэсэн.

-Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь болон эмч, мэргэжилтнүүдийн зохицуулалтыг хэрхэн хийсэн бол?

-Өвчлөл нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн хувь 5 хувиас дээш болсон үед дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа Хүүхдийн амбулатори болон Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийг уртасгасан цагаар ажиллуулна. Мөн ӨЭМТ-ийн нийт үзлэгийн 60 хүртэлх хувийг гэрийн эргэлтэд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авахаар төлөвлөсөн.

Мөн томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг дүүргийн Эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэх бөгөөд энэ дугаарыг 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын дугаарт ажиллаж буй операторуудад өгсөн. Эцэг эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөө, мэдээллийг асууж лавлах бүрэн боломжтой юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ТТТӨ-ний бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийх зорилгоор дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ЗДТГ-уудад үнэлгээ хийж, арга зүйгээр хангаж байна. Томуугийн өвчлөлийн ихэнх хувийг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд эзэлдэг тул эрүүл мэндийн зөвлөмж, мэдээллээр хангах чиглэлд Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллаж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд ажлын байрны дотоод сургалт хийж байгаагаас гадна ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нар 7 хоног бүр дүүргийн Хүүхдийн тасгийн эмч, мэргэжилтэнд мэргэжлийн дадлага, сургалтуудыг явуулж байна. Тухайлбал дүүргийн эмнэлгийн Хүүхдийн тасгуудад ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч нар ажиллаж, ажлын байран дээр нь дадлагажуулан сургах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

-Улирлын томуугийн дархлаажуулалтад одоогоор хэчнээн хүн хамрагдаад байна вэ. Иргэд энэ тал дээр юуг анхаарах ёстой вэ?

-Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/449, НЭМГ-ын даргын А/116 дугаар тушаалын дагуу улирлын томуугийн дархлаажуулалтыг 10 дугаар сарын 01-нээс эхлэн зохион байгуулж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 351.200 хүн тун томуугийн вакцин ирсэн бөгөөд байнгын 153, түр 343, явуулын 106 зэрэг нийт 602 цэг ажиллаж, томуугийн дархлаажуулалтыг хийж байна. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн буюу 6 сараас 10 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, 65-аас дээш насны болон архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулж байна. Өнөөдрийн байдлаар, нийт 89.612 хүнийг дархлаажуулаад байна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийг улирлын томуугийн дархлаажуулалтад хамруулахын өмнө багш, сурган хүмүүжүүлэгчээр нь дамжуулж эцэг эхчүүдээс зөвшөөрөл авч байгаа. Энэ нь томуугийн вакциныг хувийн эрүүл мэндийн байгууллага болон бусад газарт хийлгэсэн тохиолдолд давхацуулахгүй байх, хүүхдийн эрүүл мэндийн байдлыг харгалзах, вакцины талаарх тодорхой мэдээллийг хүргэх, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлээс сэргийлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нарын хувьд сургууль, цэцэрлэгт нь хийлгэх дархлаажуулалтад анхаарах хэрэгтэй.

-Өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Энэ жил Эрүүл мэндийн яамнаас амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд ӨЭМТ-өөр нь дамжуулж, гэрийн эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр зорьж ажиллаж байгаа. Энэ хүрээнд вирусын эсрэг эм, антибиотик, халуун бууруулах, дархлаа дэмжих, аминдэмжүүлэх зэрэг 10 гаруй нэр төрлийн эм, утлагын аппаратыг ӨЭМТ-дэд олгохоор болсон. Ингэснээр хүүхдийн амьсгалын замын өвчлөл хүндрэхээс сэргийлэх, эндэгдлийг бууруулах, эмчилгээний хугацааг богиносгох, эмнэлгийн ачааллыг бууруулах ач холбогдолтой юм. Уг ажилд зорилтот бүлгийн 12.000 гаруй хүүхдийг хамруулахаар судалгаа авч, бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас боловсролын байгууллагын багш, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ter 2020-10-07 66.181.188.240

ternees umun vaktsinaa hurteemjtei hii.daraa garah zardal n baga baih bolovuudaa

Avatar

Зочин 2020-10-07 185.220.102.241

““——- Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу —- https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж