Монголын ордуудын хувьцаа ”Моод”-нд оров

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Монголын ордуудын хувьцаа ”Моод”-нд оров

Ойрын өдрүүдэд олон улсын биржүүдэд Монголын уул уурхайн компаниудын хувьцааны ханш тогтмол өсч байна. Жишээ нь, газрын тосны хайгуул хийдэг “Петро Матад” компанийн хувьцааны ханш л гэхэд сүүлийн ганцхан сарын дотор хоёр ч удаа дээд амжилт тогтоолоо. Наадмын дараахан тус компани Тамсагийн савд Давсан толгой хэмээх газраас асар их нөөцтэй байх магадлалтай газрын тосны орд илрүүлсэн юм. Магадлалтай гэхийн учир нь одоогоор тус ордын нийт нөөцийн хэмжээг нарийвчлан тогтоогоогүй. Гэхдээ судалгааны цооногуудад хийсэн ажиглалтаар 20 сая орчим баррель нефтийн нөөц байх боломжтой гэсэн дүгнэлт хийгээд буй юм билээ.
Энэ үед “Петро Матад”-ын нэгж хувьцаа 56.75-87.5 пенс болж, 54.2 хувиар огцом өсч байв. Жилийн өмнө ердөө 17.25 центтэй тэнцэж байсан ч ийн шинэ рекорд тогтоов. Мөн өнгөрсөн баасан гарагт нэгж хувьцаа нь 144 пенсэд хүрч дахин дээд амжилт тогтоож чадсан юм.

Тус компанийн удирдлагууд газрын тосны нөөц илрүүлсэн даруйдаа дэлхий нийтэд зарлан хувьцааныхаа ханшийг өсгөж чадсан нь энэ. Олон улсын шинжээчид ч ийн тайлбарлаж байгаа. Жишээ нь, Английн “Barclays Stock brokers”-ийн шинжээч Паул Инкстер “Петро Матад”-ын хувьцаа богино хугацаанд огцом өсөх шалтгаан бол яах аргагүй шинэ орд илрүүлсэн тухай мэдээлэл. Уул уурхай, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниуд ингэж л амжилт олох учиртай” хэмээжээ. Харин Лондонгийн хөрөнгийн бирж дээр тогтвортой өсч байсан тус компанийн хувьцааны ханш өчигдөр ялимгүй буурчээ. Тодруулбал, нэгж хувьцаа нь 131.4 пенс болж, 1.20 хувиар буурсан байна. Гэхдээ энэ нь сүүдтэй зүйл биш. Энэ зэргийн хэлбэлзэл бол энгийн үзэгдэл.

Ер нь Монголын ашигт малтмалыг барьцаалан олон улсын биржээр хувьцаагаа арилждаг 26 компани бий. Харин тэднээс Монголын хөрөнгө оруулалттай нь зөвхөн “Петро Матад”. Тус компанийн 40 хувийг “Петровис” компани эзэмшдэг юм. Тиймээс олон улсын биржээс олж буй ашгийн тодорхой хувь монголчуудын халаасанд ордог гэсэн үг. Харин бусад компанийн хувьд бидэнд хүртээлгүй. Ийн хэлэхийн учир нь нэгэнт байгаа баялгийг олборлож, ашиглахаас гадна олон улсын биржүүдэд IPO хийх замаар мөнгө босгох нь юу юунаас илүү боломж байдаг. Нөөцийн хэмжээ нь ч тодорхойгүй нэг орд илрүүлсэн тухай мэдээ цацахад л биржид бүртгэлтэй компани хэсэгхэн хугацааны дотор “цулайчихаж” байна. Тэгвэл бид дэлхийд дээгүүрт тооцогдож буй алт, зэс, нүүрсний ордуудаа яагаад ингэж “ажилд оруулж” болохгүй гэж. Оюутолгой, Тавантолгойгоос гадна Асгат гэж цул мөнгийг “амьгүй” хэвтүүлээд байж таарахгүй. Угаасаа Монголын баялгийн төлөө улайрч буй гадны компаниуд газрын баялгийг ухаж авахыг урьтал болгодоггүй. Хамгийн гол нь хувьцаа гаргаж, “цөм хийх” зорилго. Бид бас тэдэн шиг сэтгэж болно шүү дээ.

Ерөнхийдөө энэ зун манай ашигт малтмалд санаа тавьсан гадныхны айлчлал, уул уурхайн сэдэвтэй олон улсын чуулган, семинараар дүүрэн байлаа. Энэтхэг, Хятадаас эхлээд энэ салбарт дэндүү их анхаарч байгаа. Харин энэ бүхэн нь манай улсын баялгийг үнэд оруулах таатай боломжийг нээж өгсөн гэхэд болно. Зөвхөн олон улсын зах зээл гэлтгүй дотоодын биржээр арилждаг уул уурхайн хувьцааны ханшид ч эерэгээр нөлөөлсөн байдаг. Тухайлбал, “Тавантолгой” ХК-ийн хувьцаа л гэхэд Монголын Хөрөнгийн бирж дээр үнэ хийгээд, арилжаалагдсан тоогоороо цахиур хагалах болсон. Дэлхийд “од” болж буй Тавантолгойгоос гадна нүүрсний нөөц нь шавхагдах дөхсөн “хөгшин” компаниудын хувьцаа ч чамгүй өсдөг болоод буй. Энэ таатай үзэгдэл нэлээд удаан хугацаанд үргэлжлэх боломжтой гэдгийг ч эдийн засагчид хэлж байгаа юм. Ямартай ч додоодын бирж дэх ханшид гадаад хүчин зүйл, харин олон улсын биржүүдэд Монголын хүчин зүйл хүчтэй нөлөө үзүүлдэг нь өдгөө нэгэнт тодорхой болчихоод байна. Жаахан дэлгэрэнгүй тайлбарлах юм бол Монголын төр, засгаас гаргаж буй уул уурхайн салбарт холбогдох шийдвэрүүд олон улсын биржүүдийн үйл ажиллагаанд шууд бус, дам утгаараа нөлөөлдөг гэсэн үг. Жишээ нь, сүүлийн үед монголын уул уурхайн хувьцааны ханш тогмтол өсч байгаа нь Монголын төр, засаг уул уурхайн салбар хийгээд байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахад гол түлхэц болох төмөр замын талаар баримтлах бодлогоо тодорхой болгосонтой холбоотой гэж олон шинжээчид дүгнэж буй аж. Гэхдээ олон улсын бирж дэх монголын уул уурхайн компаниудын хувьцааны өсөлтөөс улс төртэй холбон тайлбарлаж болох олон сонирхолтой дүр зураг ажиглагддаг. Ялангуяа Оюутолгой ордыг ашиглахаар болсон “Айвенхоу майнз”-ын хувьцаа их онцгой. Эдний хувьцааны ханш дээш, доош нэг их хөдлөөд байдаггүй. Гэхдээ иргэний хөдөлгөөнүүд Оюутолгойтой холбоотой асуудал үүсгэж, жагсаал цуглаан хийгээд эхлэхээр бага зэрэг унадаг. Харин чимээ намжиж, төрийн шийдвэр тодорхой болох тусам өсч эхэлдэг. Ингэхээс ч аргагүй. Харин дэлхийд тэргүүлэх хэмжээний нөөцтэй гэдэг нь тодорхой атал хувьцааны ханш нь үсрэнгүйгээр өсдөггүй нь хачирхалтай. Үндсэндээ жилийн турш тус компанийн нэгж хувьцаа 16-18 канад долларын хооронд хэлбэлзэж байна. Өсөлт, бууралт нь 1-2 хувиас хэтэрдэггүй. Өчигдөр л гэхэд Торонтогийн бирж дэх “Айвенхоу майнз”-ын нэгж хувьцаа өмнөх өдрөөсөө 0.08 центээр нэмэгдэж 18.12 канад доллар болсон байв. Жилийн өмнө Засгийн газрын гэрээгээр баталгаажуулсан, Техник эдийн засгийн үндэслэлийг нь баталчихсан байхад хувьцааны ханшийн өсөлт нь тийм ч хангалтгүй байгаа нь Оюутолгойд ямар нэгэн айдас байгааг илтгэх мэт. Уг нь дээрх баталгаанд тулгуурлаад хувьцаа худалдан авах итгэл илүү батжих учиртай баймаар. Гэтэл “Петро Матад”-ын хувьцаа шинэ ордын сураг төдийхнөөр суга өсч буй нь сонирхолтой юм. Гэхдээ Монголын баялгийн үнэ цэнэ өдрөөс өдөрт их, бага хэмжээгээр нэмэгдэж буй нь муу зүйл биш. Олон улсын биржүүдийн өчигдрийн арилжаагаар Монголын уул уурхайн бусад компаниудын  хувьцааны ханш ч өссөн байна билээ. Жишээ нь, “Интрий гоулд”-ын хувьцаа хамгийн өндөр буюу 4.29 хувиар өсч, 2.19 канад доллар болсон. Мөн “Сентерра голд” хувьцаа 2.47, “Монголиа Энержи” корпорацийн хувьцаа 1.28 хувиар тус тус өссөн. Ерөнхийдөө Монголын уул уурхайг барьцаалсан хувьцааны ханш цаашид тасралтгүй өсөх болно гэсэн дүгнэлтийг олон улсын хөрөнгийн зах зээлийн шинжээчид хийж байгаагийн зэрэгцээ ийм агуулга бүхий мэдээлэл сүүлийн үед их цацагдах болжээ. 

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж