УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Чингэлтэй дүүргийн 7-р хороонд дэд бүтэц тавихад хэрэгтэй 200 сая төгрөгийн асуудлыг нийслэлийн удирдлагад танилцуулснаа, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Г.Занданшатар даргатай Завханд очиж долоон асуудлыг газар дээр нь шийдвэрлэснээ нүүр номдоо мэдээлжээ. Гишүүдийн хийх ёстой үндсэн ажлууд нь биш л дээ, гэхдээ манай гишүүд гүйцэтгэх засаглалын ажилд оролцох дур сонирхолтой. Дур сонирхлынх нь ард ашиг сонирхол нь дандаа явж байдаг.
Уг нь, УИХ дахь энэ ашиг сонирхлуудыг цэгцлэх гэж өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ардын намын автор бүхий шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайдад танхимаа чөлөөлөх, томилох эрх мэдэл олгож, УИХ-ын төсөв, мөнгө, томилгоонд оролцдог эрхийг нь хумьж өгсөн юм. Ингэснээр “Парламентын ардчиллыг зөв гольдрилд оруулж, ард түмний засаглах эрхийг сайжруулж, төрийн эрх мэдлийг хяналт, тэнцлийг оновчтой болгосон. Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар бий болгож, хүний эрх, эрх чөлөөг хангалаа” гэж УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан тухайн үед амаа олохгүй магтаж байсан нь, алив.
Монгол Улсад болж буй муу муухайн үүр овоохой “болсон” Үндсэн хуулийг өөрчилсөн ч эрх ямбаа булаацалдсан институц хоорондын зөрчил яг бахь байдгаараа байна. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдтайгаа барьцаж, гүйцэтгэх засаглалын ажилд хуруу, хушуу дүрсэн хэвээрээ. Хөдөө, орон нутагт ажиллахдаа Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын тэргүүн аятай шинэ төмөр замын бүтээн байгуулалт, цалин хөлс яриад явах болсон. Гишүүд нь аймгийн Засаг дарга нарыг үүрэгдэж, сайд нарт даалгавар чиглэл өгсөн шигээ У.Хүрэлсүхийн эрх сүрээс “хуваалцах” болжээ. Товчхондоо урьдын адил Монголд гүйцэтгэх засаглалын ажлыг заадаг, зааварладаг, шалгадаг 77 Ерөнхий сайд байна. Дээр нь аймаг, сумын Засаг дарга нар гэж Ерөнхий сайдын эрх мэдэлтэй хүмүүс бий болоод удаж буй.
Б.Баярсайхан цэргийн цоохор хувцас өмсөөд зам шалгах, М.Оюунчимэг дэд бүтэц тавих мөнгө гуйх, Д.Батлут, Ж.Чинбүрэн нар Орхонд очоод “Эрүүл Эрдэнэт хүн” хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг үйлдэх, Б.Жаргалмаа архины савлагаа ярих нь гишүүдийн Үндсэн хуульд заасан үүрэгт ажил нь биш. Үндсэндээ энэ мэт ялыг нь үүрэхгүй ч ямбыг нь эдлэхийг хүсэгчид улстөрд олон болсон байна.
Тэр ч бүү хэл УИХ-ын дарга Г.Занданшатар Завхан очоод авто зам нээх үгүйг, эмнэлэгт нь диализын аппарат өгөх эсэхийг, онгоцны тийзний үнийг хямдруулах асуудлыг газар дээр нь шийддэг хүн биш. Тэр алх барьж буй ч парламентын бусад сайд нарын адил төсөв мөнгө, томилгоонд оролцох эрх байхгүй. Газар дээр нь асуудлыг шийдэх ёстой ганц хүн нь УИХ-ын дарга биш, Ерөнхий сайд У.Хүрэлсүх юм. Энэ мэт эрх мэдэлд шунасан, булаацалдсан институциудын эрх, үүрэг, ямба, ялыг нь цэгцлэхийн тулд Үндсэн хуулийг өөрчилсөн биш үү?
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гишүүдийн үүргийг
- Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн алдагдал, зарлагын хэмжээг нэмэгдүүлж үл болно.
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.
- УИХ ээлжит чуулган хагас жил тутамд 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.
- УИХ-ын нийт гишүүдийн 39-өөс доошгүй гишүүний саналаар хууль батална гэж бүр нарийн тодорхой суулгаж өгсөн.
Даанч тойрог бүртээ том эрх мэдэлтэй Ерөнхий сайд болж харагдах нь гишүүдэд гоё, сайхан санагддаг байх. Баахан хурган дарга нарыг урд хойноо гүйлгэж, эрх мэдлээ мэдрэх таашаалтай бас бяртай ч санагддаг биз. Гэхдээ тэр бүхэнд, гишүүдийн ард, урд дагалдаж давхисан дарга нар ажлаа алдахын хэрээр ард түмэнд чирэгдэл учруулдаг. Гишүүд харахаараа дагаад гүйчихдэг хөдөө орон нутгийн дарга нараас болж төрийн ажил их, бага хэмжээгээр цалгарддаг нь хэвийн үзэгдэл болсон. Энэ хэвийн үзэгдлүүдийг хэвийн биш болгохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан билээ.
Тавдугаар сарын 25-ны зуны эхэн сарын шинийн гуравны морин цагаас бүх нийтээр шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдөөд таван сар болох гэж байна. Энэ таван сарын хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу У.Хүрэлсүх Засгийн газраа эмхэлсэн. Товчхондоо, У.Хүрэлсүхийн өмнөх Засгийн газар 100 хувь давхар дээлтэй байсан бол өнөөгийн танхимд нь Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Х.Нямбаатараас бусад нь дан дээлтэй.
Урьд нь тохиролцооны, бүлэглэлийн Засгийн газар байгуулдаг байсан бол энэ удаад У.Хүрэлсүх лидерийн Засгийн газар байгуулах гэж оролдож байна. Гэтэл УИХ-ын гишүүд нь гүйцэтгэх засаглалын ажлыг давхар хийгээд, гүйгээд байх юм бол У.Хүрэлсүхэд Үндсэн хуулиар ямар ч “супер” эрх мэдэл өгөөд өнөө л улс төрийн, засаглалын, эдийн засгийн, нийгмийн хямрал нь арилахгүй. Дахиад буух эзэнгүй, буцах хаяггүй тогтолцоотойгоо үлдэнэ.
У.Хүрэлсүхийн зургийг нүүрэндээ наагаад, УИХ-д гараад ирсэн МАН-ын 62 гишүүний хувьд "Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө" байх ёстой. Бүгдээрээ үүрэгддэг, загнадаг, мэдэмхийрдэг, аахилдаг, архирдаг болчихвол системийн хямрал нь тогтворжихгүй, авлига, хүнд суртал нь арилахгүй.
Ерөнхийлөгч нь одонгоо тарааж, гишүүд нь чуулганыхаа танхимд хэрэлдэж суувал хэн, хэндээ дээр. Түүнээс УИХ-ын гишүүд болгон У.Хүрэлсүх болчихоод хүн загнаж, зандраад, эрх мэдлээ булаацалдаад явбал Үндсэн хуулийг шинэчилж, өөрчилсний үр дүн гарахгүй. Улс төрөөс эхтэй эдийн засаг, нийгмийн хямрал ч арилахгүй. Засаглалын хямралыг тогтворжуулж, эрх мэдлийн хуваарилалтаа тодорхой болгоно гэж Үндсэн хуулиа өөрчилсөн юм бол өөр өөрсдийнхөө үүрэгт ажлаа хийцгээ.Тэгээд ч Монгол Улсад 77 Ерөнхий сайд хэрэггүй!
Холбоотой мэдээ