Улсын прокурорын Ерөнхий газар (УПЕГ)-аас өнөөдөр прокурорын байгууллагын 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажлаа танилцуулах үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат олны анхаарал татсан зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн. Түүний хэлснээр, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа ажээ.
Хэргийн тухайд тодруулбал, Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагджээ. Улмаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна. Тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэсэн “хамгаалалттай”-гаар хуулийн байгууллагад шалгагдаж буй аж.
А.Адъяасүрэн гишүүн жилийн 800 гаруй сая төгрөгийн орлоготой, тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 800 сая төгрөгийн хадгаламж, 300 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ