Монгол Улс Европын холбооны саарал жагсаалтаас гарсан талаар өнөөдөр (2020.10.07) Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын зөвлөх, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан Б.Мандахбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын чухал гуравдагч хөрш Европын холбооноос өчигдөр (2020.10.06) Монгол Улсыг татварын асуудлаар хамтарч ажилладаггүй улсуудын жагсаалтаасаа хаслаа. Энэ жагсаалтаас гарч байгаа нь сайшаалтай юм. Европын холбооноос өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсыг бүр хар жагсаалтад оруулсан. Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, холбогдох яамд шуурхай ажилласны үр дүнд 49 хоногийн дараа 2018 онд нэгдүгээр сарын 23-нд гаргасан юм.
Бид Европын холбооны өмнө татварын асуудлаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын стандартыг Монголд нэвтрүүлж ажиллах болон тус холбооны гишүүд татвараас зугтаж, Монголд ирэхэд зохих мэдээллийг Европын талд өгөх үүрэг хүлээсэн. Энэ үүргийг хууль эрх зүйн хүрээнд дагаж мөрдөнө. Захиргааны татварын асуудлаар хамтран ажиллах олон улсын конвенцэд Монгол Улс нэгдэн орсон. Энэ оны нэгдүгээр сарын 3-нд Монгол Улсын их хурал энэ конвенцийг соёрхон баталж, Ерөнхийлөгч батламж жуух бичигт гарын үсэг зурсан. Гадаад харилцааны яамнаас Европын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт гардуулж өгсөн. Энэ концвенц Монгол Улсын хэмжээнд зургадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Монгол Улс Европын холбооноос өгсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлсэн учраас өчигдөр Европын холбооны Сангийн сайд нарын зөвлөл Монгол Улсыг татварын асуудлаар хамтарч ажилладаггүй улсуудын жагсаалтаасаа бүрэн хаслаа. Монгол Улс одоо мөнгө угаах, терроризмтэй тэмцэх асуудлаар ФАТФ-ын саарал жагсаалтаас хараахан гараагүй байна. Гэхдээ энэ жагсаалтаас Монгол Улс гарахад Европын холбооны өчигдрийн шийдвэр шууд бусаар нөлөөлнө. Европын холбоонд санхүүгийн гэмт үйлдэлтэй холбоотой хоёр жагсаалт бий.
Нэг нь, татварын асуудлаар хамтарч ажилладаггүй улс орнуудын жагсаалт бол нөгөөх нь ФАТФ-ын саарал жагсаалтад байгаа улс орнуудыг Европын холбоо мөнгө угаах, терроризмтэй тэмцэх дутагдалтай орнуудын жагсаалт гэдгийг хөтөлдөг. Тэр жагсаалтад Монгол Улсыг энэ оны хавар оруулсан юм. Аливаа жагсаалтад улс орнууд орох нь муу үр дагавартай. Энгийн үгээр хэлбэл, татвараас зайлсхийх, бохир мөнгө угаах гэмт хэргийн эсрэг дэлхийн улс орнууд нэгдэж, хамтран ажиллаж байна.
Тухайн үед Монгол Улсыг татварын диваажин гэж дүгнэж байсан бол одоо тийм боломж хаагдлаа. Нэг жагсаалтаас гарсан. ФАТФ-ын хувьд анх 40 гаруй зөвлөмж гаргасан байсан бөгөөд бид зөвлөмжийг амжилттай хэрэгжүүлж, саяхан шалгалтын баг ирж, танилцаад явсан. Аравдугаар сарын 20-ны үеэр ФАТФ-ын хурал болно. Тэр хурлаар нааштай шийдвэр гарах болов уу гэж найдаж байна” гэв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ