ОХУ-ын Алс Дорнод, Камчатка хойгийн ойролцоох далайн амьтдын асуудал улам хурцдаад байна. Тухайлбал, тус хойгийн Авача булангийн далайн нийт амьтдын 95 хувь нь үхэж дууссаныг эрдэмтэд олж мэджээ.
Өнгөрсөн долоо хоногт Камчаткын эрэг дээр олон зуун мянган далайн амьтан гарч ирж үхсэнээс хойш эрдэмтэд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа юм. Нутгийн иргэд далайн эрэг дээр үхсэн олон мянган наймаалж, хавч, далайн од, далайн хөвөн гэх мэт амьтдын зураг, бичлэгүүдийг гар утсаараа авч, цахим орчинд нийтэлжээ. Түүнээс гадна далайн усанд орсон хүмүүсийн нүд түлэгдсэн хэмээн олон тамирчин мэдүүлсэн байна.
Улмаар эрдэмтэд далайн амьтдыг судалж үзээд далайн усанд, ёроолд, гадаргад ойрхон амьдардаг бүх амьтдын 95 хувь нь үхсэнийг тогтоосон байна. Байгаль орчин, далай судлалын Кроноцки хүрээлэнгийн судлаач Иван Усатовын хэлснээр, маш цөөн тооны том загас, хавч, сам хорхойнууд амьд үлджээ. Мөн Наличева голын уснаас авсан дээж хар, бор өнгөтэй, хөөсөрсөн байдалтай байсан ч дотор нь ямар ч амьд нян илрээгүй байна.
Ийм нөхцөлд амьд үлдсэн цөөхөн амьтан ч цаашдаа хоол тэжээлийн гинжин хэлхээ алдагдсанаас болж үхэж дуусах аюултай юм.
Эрх баригчид болсон явдлыг эрэн сурвалжлахаар ажлын хэсэг томилсон ч одоохондоо далайн ус тийнхүү бохирдсон шалтгааныг тодорхойлж амжаагүй байна. Гэхдээ Камчаткын Байгаль орчны сайд ус бохирдсон шалтгааныг хойгийн ойрхон явж өнгөрдөг тээврийн хөлөг онгоцууд, эсвэл 2011 онд живсэн БНХАУ-ын тээврийн хөлөг онгоц гэх мэт усан доор буй хүний гараар бүтээгдсэн зүйлстэй холбон таамаглаж байгаа аж.
Эргээс холгүй Радигино цэргийн сургуулилалтын бааз байрладаг ч ОХУ-ын тэнгисийн цэргийн флот болсон явдалд холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, зургадугаар сараас хойш ямар нэг хүнд техникийн туршилт, сургуулилалт хийгээгүйгээ зарласан байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ