Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны улирлын аварга тун удахгүй тодорно. Энэ жилийн аваргын шатанд өрнөд бүсээс Лос Анжелес Лэйкерс, дорнод бүсээс Майами Хит багууд шалгараад байгаа билээ. Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр (2020.10.07) явагдаж, Лос Анжелес Лэйкерс баг гурав дахь хожлоо авав.
- Майами Хит 96 – 102 Лос Анжелес Лэйкерс
Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолтод Майами Хит багаас Бам Адебайо эргэн ирсэн боловч холбон тоглогч Горан Драгичийн хувьд улирал нь дуусчээ. Тоглолт дөрвөн үеийн турш ойрхон явагдаж, эцсийн мөчид шийдэгдлээ. Лэйкерсээс эхний хагаст Энтони Дэвис болон Леброн Жэймс нар довтолгоонд төдийлөн идэвхитэй оролцоогүй бол Дэнни Грин, Маркифф Моррис, Кентавиус Колдуэлл-Поуп зэрэг тоглогчид үүргээ сайн биелүүлэв.
Эсрэг Майами Хит багаас Жимми Батлер, Тайлер Хирро, Данкан Робинсон нар сайн тоглолтоо үзүүлсэн бол гэмтлээсээ эргэн ирсэн Бам Адебайо 15 оноо, долоон самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд Энтони Дэвисийн амжилттай гүйцэтгэсэн гурван онооны шидэлт тоглолтын эцсийн цэгийг тавьсан гэж хэлж болно.
Цувралыг 3-1 гэсэн харьцаатай тэргүүлж эхэлсэн Леброн Жэймс тоглолтын дараа “Ажил дуусаагүй байна. Ажлаа дуустал унтах бодол алга” хэмээжээ. Харин тоглолтын өмнө багийн нөхөд рүүгээ "Заавал хожих ёстой тоглолт. Энэ бол миний амьдралын хамгийн чухал тоглолтуудын нэг. Тоглолтод хожигдож, цуврал 2-2 гэсэн харьцаатай болвол Майами Хит багийг давж гарахад хэцүү шүү" гэх мессежийг илгээсэн гэнэ. Тэрбээр энэхүү тоглолтод 28 оноо, 12 самбараас бөмбөг авалт, найман ашигтай дамжуулалт гүйцэтгэв.
Лос Анжелес Лэйкерс баг NBA-ийн аваргын 17 дахь цомоо хүртэхэд ердөө ганцхан хожил үлдлээ. Тэд хамгийн сүүлд 2010 онд Коби Брайантын эрин үед багийнхаа 16 дахь аваргын цомыг хүртэж байжээ.
Холбоотой мэдээ