Л.Болд, Ж.Батзандан хоёрын эрх ашиг салав уу?

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Л.Болд, Ж.Батзандан хоёрын эрх ашиг салав уу?

Л.Болд, Ж.Батзандан хоёрын эрх ашиг салав уу?

Ордны эр хоёр загал болтлоо ижилдэж, Ардчилсан намаас өрх тусгаарлан шинэ өргөө гэртэй болсон Л.Болд, Ж.Батзандан хоёрын эрх ашиг хийгээд нөхөрлөлд цэг тавигдсан бололтой. М.Энхболдыг огцруулахаар Ардын намын гуравтай нэгдэж, нийлж, жагсаал цуглаан хийж явсан тэдний нөхөрлөл "сайн хужаа сарын найз" төдий л байж. Үнэндээ ордны жагсагчдаас албан тушаалгүй, гудамжинд гарсан нь ганц Ж.Батзандан. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр сайд болсон бол Т.Аюурсайхан УИХ-ын дэд даргын суудалд заларсан. Журмын найз, намын нөхөр Л.Болд нь Ерөнхийлөгчийн хаяаг бараадсан.

Цэв цэнхэр явсан Л.Болдыг ув улаан болтол нь өөрчилсөн Ж.Батзандан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, “АН-тай нэгдэх, нийлэх асуудал яригдаагүй. Л.Болд бол ШИНЭ намын нэг гишүүн, Төв зөвлөлийн дарга. Л.Болд гэдэг хүний санал бол нэг гишүүний санал гэсэн үг. Түүнээс биш өвөр түрийндээ яаран орох шаардлагагүй гэж бид үзэж байна” гэж хэлэв. Түүний энэ үг Л.Болдын тав хоногийн өмнө хэвлэлд өгсөн “Би ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга хэвээрээ байгаа. Ж.Батзандан намын дарга хэвээрээ. Орон нутгийн сонгуулийн дараа сонгуулийнхаа үр дүнг хэлэлцэнэ. Их хурлын сонгуулийн дараа намын дарга улс төрийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн. Цаашдаа ШИНЭ нам, АН нэгдэх процесс явна” гэх ярилцлагад өгч буй хариу бололтой. Тэдний үг, ярианаас харахад Л.Болд, Ж.Батзандан хоёрын байр суурь зөрчилдөх болжээ гэлтэй. УИХ-ын сонгуулиас хойш өвдөг шороодсон тэд ШИНЭ намын албан тушаалаа өгч байгаагаа зарласнаас хойш хамтдаа “үзэгдээгүй”. Гэхдээ хэн хэн нь намынхаа албан тушаалаа өгөөгүй хэвээр аж.

УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа Л.Болд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр очсоноос хойш ШИНЭ намыг АН-тай нэгдэх нийлүүлэх асуудлыг байнга ярих болсон. Харин хэсэг чимээгүй “бүгсэн” Ж.Батзандан гэнэт гарч ирээд Л.Болдын ярьсныг үгүйсгэж байгаагаас харвал тэдний эрх ашиг салж, нөхөрлөлд нь цэг тавигдсан бололтой.

А.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж