Засгийн газрын өнөөдөр (2020.10.07)-ийн хуралдаанаар Үндэсний геологийн албаны дэд даргаар Б.Уянгыг томилжээ. Б.Уянга нь ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг “Геологийн зураглал” мэргэжлээр төгссөн.
Тэрбээр үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаад 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий Гараг судлалын тэнхимд Төв Азийн геологи, тектоникийн асуудлаар Докторын зэрэг хамгаалсан. 2019 оныг хүртэл Японы Токиогийн их сургуульд Хөвсгөл, Тува-Монголын орчмын эртний геологийн тогтцын судалгааг докторын дараах судалгааны төслийн дагуу хийж гүйцэтгэж байгаад эх орондоо ирж суурьшсан геологич юм.
Б.Уянга нь АНУ болон Японд суралцаж, судалгаа хийж байх хугацаандаа АНУ-ын Геологийн Алба, Японы Геологийн Албадад ажиллаж, судалгаа хийж байсан туршлагатай. Тэрбээр геологийн суурь судалгааны үр дүнгээ олон улсын, чансаа өндөртэй сэтгүүлүүдэд тогтмол хэвлүүлдэг эрдэмтэн бөгөөд Америкийн Геофизикийн холбоо, АНУ болон Японы геологийн холбоод, Японы Геологи судалгааны нийгэмлэгийн гишүүн юм.
Сануулахад, Засгийн газар өнгөрсөн долдугаар сард Үндэсний геологийн алба байгуулж, даргаар нь О.Чулууныг томилсон билээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ