УЕП: Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчирна

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

УЕП: Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчирна

УЕП: Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчирна

Улсын прокурорын Ерөнхий газар (УПЕГ)-аас өнөөдөр (2020.10.07) мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас 2020 эхний гуравдугаар улирлын байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 570 хэрэгт хяналт тавин ажилласнаас 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэв. 

Мөн прокурорын байгууллагаас гаргасан тоон мэдээллээс харахад авлига, албан тушаалын хэрэг арван хувиар, хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг 55 хувиар, хүн худалдаалах хэрэг 35 хувиар,  мөнгө угаах хэрэг 11 хувиар, эрүү шүүлт тулгах хэрэг 5.8  хувиар тус тус өсчээ.

Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг 13 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 15 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг 22 хувиар тус тус буурсан байна.

Хурлын үеэр НПГ-ын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

“ЖИ ТАЙМ”-ЫН ГЭХ ХЭРЭГ ШҮҮХЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭГДСЭН

“Жи Тайм” сүлжээний гэгдэх Э.Оюунчимэгт холбогдох хэрэгт 11.386 хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг эргэн төлүүлэх шүүхийн шийдвэр долдугаар сарын 20-ны өдөр гарсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас  зургаан тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн.

Г.СОЛТАН, Д.ДАМБА-ОЧИР, Б.УНДАРМАА НАРТ ЯЛ ОНООВ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглан их хэмжээний зээл авсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүн асан Г.Солтанд нийтийн албанд томилогдох эрхийг таван  жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Д.Дамба-Очирт ийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял, Б.Ундармаад 2.6 жилийн хорих ялыг тус тус оноосон.

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС Ж.ЭРДЭНЭБАТ, Н.НОМТОЙБАЯР НАРЫН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭСЭН

Өнгөрсөн долдугаар сард УИХ-ын гишүүн асан С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, М.Энхсайхан, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэргүүдийг шүүхээр шийдвэрлэсэн. Дээрх хүмүүсээс Ж.Эрдэнэбат,  Н.Номтойбаяр нар давж заалдсан бөгөөд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Дараа нь Ц.Насанбат прокурор сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа хэвээрээ юу?

-Мөрдөх байгууллагаас Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчрах талаар холбогдох байгууллагуудад хандсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт нэмж өөр гишүүдийг шалгаж байгаа юу?

-УИХ-ын зарим гишүүдтэй холбоотой хэргүүдийг эцэслэн шийдвэрлэсэн. Цаана нь шалгаж байгаа хэргүүд бий.

Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэрэг зохион байгуулсан гэх үндэслэлээр монгол хүмүүс холбогдоод байсан. Гэтэл шүүгдэгч дунд тухайн хүний нэр байгаагүй. Энэ нь ямар учиртай юм бэ?

Хятадын 15 иргэнтэй холбоотой хэрэг, зургаан хүнтэй хэрэг хоёр дүүргийн шүүхэд шилжсэн. Гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал товлогдсон. Өмнө нь хэд хэдэн удаа хойшилсон. 

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан асуудлыг Тусгай хяналтын дэд хороо шалгаад прокурорт шилжүүлсэн. Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Т.Гэрэлийг тус хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. Хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл өгч болох уу?

-Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж