УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр (2020.10.07) хуралдаж, кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл, ажлын хэсэг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд орчин цагийн кино урлагийн чиг хандлагад нийцэхгүй, бодитой зохицуулалт болж чадахгүй байгаа учраас хууль эрх зүй орчныг сайжруулах, үндэсний түүх соёлоо дэлхийд таниулж, сурталчлах, мөн улсын төсөвт мөнгө оруулах, үндэсний киног дэлхийд өрсөлдүүлж, кино урлагийг дэмжих боломжтой юм байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хуулийн төсөлд санхүүжүүлэх тухай маш ерөнхий заасан байна. Кино урлаг хөгжих гол хүчин зүйл нь санхүүжилт. Төрөөс санхүүжилтийг дэмжинэ гэсэн ерөнхий байдлаар оруулахаас илүү хувийн хэвшлийн кино дэмжигч, санхүүжүүлэгчдийг оруулж өгөх нь зөв болов уу. Татварын хөнгөлөлт, мөнгөн урамшуулал, татаас хэлбэрээр зохицуулж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой байдаг. Зээлээр кино санхүүжүүлнэ гэдэг бол худлаа. Кино үйлдвэрлэж байхад зардал нь урьдчилж гардаггүй учраас зээлээр хийнэ гэдэг боломжгүй учраас сан байдлаар биш буцалтгүй тусламж хэлбэрээр санхүүжүүлэх нь илүү бодитой болох болов уу” гэв.
Соёлын сайд С.Чулуун “Хуульд ерөнхий нэг л заалт бий. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн Кино урлагийг дэмжих сан байгуулсан. Киноныхон зээл авна, төлөх нөхцөлөө дааж чадах уу гэдэг асуудал бий болж, уран бүтээлчдээ хүнд байдалд оруулах вий гэсэн болгоомжлол байгаа учраас ажлын хэсэг дээр ярилцана” гэсэн тайлбар өглөө.
Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал “Бид кино урлагт хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт татахад оюуны өмчийн эрхийн хамгаалалт хэр хийгдсэн бэ гэж асуудаг. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд кинонуудыг үнэлэх, дүрмийн санг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Киног өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил, бусад салбарууд л санаачилж, хөрөнгөө гаргаж хийсэн шүү дээ. Мөн кино урлагийг дэмжих сангийн менежментийг сайжруулж, хөрөнгө оруулалт хийхгүй бол болохгүй” хэмээн санууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Кино урлагийн салбарыг гадарлах хүний хувьд энэ хууль цаашид Монголын кино урлагийг дэмжих хууль байх ёстой юм. Зовлон, жаргалыг нь шийдэх, хүнд суртлыг нь багасгах зэрэг асуудлыг шийддэг байх хэрэгтэй. Өнөөдөр кино хийж байгаа хүмүүс төрийн дэмжлэг авч чадахгүй байна. Олон улсын жишиг, стандартад нийцсэн кино хийе гэвэл энэ хэмжээний асуудлыг нь шийдэхээс өөр аргагүй. Тиймээс Соёлын яам менежментийн хувьчлал хийсэн кино үйлдвэр, кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг тавьсан нь зөв. Иргэн Дорж 1 хувийн хүүтэй зээл авч кино хийнэ, кинотеатрт гаргана, эргүүлэн мөнгөө төлнө гэдэг үлгэрийн далай. Үүнийг цаашид боловсруулах тал дээр анхааруулах хэрэгтэй гэж саналаа илэрхийллээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ