Киргизстанд төр эргэх салхи босов

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Киргизстанд төр эргэх салхи босов

Киргизстанд төр эргэх салхи босов

Киргизстаны сонгуулийн төв комиссоос өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон парламентын сонгуулийг хүчингүйд тооцох болсныг зарлалаа. Тус улсын нийслэл болон өөр олон хотод санал хураалтын үр дүнг эсэргүүцсэн өргөн жагсаал өрнөж, өчигдөр сөрөг хүчнийг дэмжигчид Бишкек дэх парламентын ордныг дайран эзэлсэн юм. Сөрөг хүчний зүгээс парламентын сонгуулийг шударга бус болсон гэж үзэн дахин санал хураалт явуулахыг шаардаж байв.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, нэг хүн амь үрэгдэж, олон зуун хүн гэмтэж бэртсэний олонх нь хууль сахиулагчид аж. Киргизстанд нийтийг хамарсан үймээн самуун гарахаас сэрэмжлэн маргаан дагуулсан сонгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргаснаа Сонгуулийн төв комиссын дарга Нурзхан Шайлдабекова мэдэгджээ. Үүнээс өмнө Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков эсэргүүцлийн жагсаалын талаар мэдэгдэхдээ тодорхой улс төрийн хүчнүүд хууль бусаар төрийн эрхийг булаах оролдлого хийсэнд буруутгажээ.

Орон нутгийн цагаар Ням гаригийн өглөө сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулсны дараа эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Социал демократ намын лидерүүдийн дунд үүссэн зөрчлөөс үүдэн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын дэмжигчид “Эв нэгдэл нам” байгуулж, энэ удаагийн сонгуульд оролцсон бөгөөд нийт 120 суудалтай Киргизстаны Дээд зөвлөлийн 46 суудал авч ялсан байна.

Харин хүчтэй сөрөг хүчин болох Республика намаас салаад байсан Ата-Журт нам "Миний эх орон Киргизстан нам"-тай эвсэн парламентад 45 суудал авчээ. Үүнээс гадна Киргизстан нам 16 суудал, Нэгдсэн Киргизстан нам 13 суудалд авсан байв. Киргизстаны сонгуулийн хороо Даваа гаригт нийт хүчинтэй саналын хуудасны 98.14 хувийг тоолж дууссан гэж мэдээлсэн юм.

Сөрөг хүчний зүгээс санал худалдаж авах болон өөр бусад хууль зөрчсөн үйлдлээр дамжуулан эрх барих хоёр нам болон түүнийг дэмжигч элитүүд саналын олонхыг авсныг эсэргүүцжээ. Улмаар сонгуулийг хүчингүйд тооцож, шинээр санал хураалт явуулахыг шаардаж байв. Гэвч тайван эхэлсэн жагсаалыг цагдаа нар хүч хэрэглэн тараахыг оролдсоноор үймээн самуун, мөргөлдөөн болон хувирчээ. Цагдаа нар жагсаалыг тараахын тулд даралттай ус шүршигч, нулимс асгаруулагч хий болон их дуутай гранат ашиглаж, жагсагчдыг бороохойгоор зодсон аж. Мөргөлдөөний үеэр 590 хүн гэмтэж, нэг хүн амь үрэгдсэн гэж Киргизстаны эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Сооронбай Жээнбеков

Хууль хүчнийхэн хүчээр жагсаалыг дарахыг оролдсон ч бүтэлгүйтэж, уурссан олон мянган хүн парламентын ордон, ерөнхийлөгчийн албан өрөөг дайран эзэлжээ. Сөрөг хүчнийхний зүгээс одоогийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг суудлаас нь буулгаж, шинээр засгийн газар бүрдүүлэхээр төлөвлөж байна. Харин Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков жагсагчдад хандан тайвшрахыг уриалаад, сонгуулийн луйвар, булхай явагдсан эсэхийг албаныхан мөрдөн шалгаж тогтоох болгоно хэмээн мэдэгджээ.

Улс орон даяар өрнөсөн жагсаалын үеэр хэсэг бүлэг жагсагчид Киргизстаны экс Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг хорих газраас суллажээ. Тэрбээр авлигын хэрэгт шалгагдан, энэ оны эхээр 11 жил хоёр сар шоронд хоригдох ял сонссон байв. Киргизстаны аюулгүй байдлын төв хорооноос жагсагчидтай хэлэлцээ хийснээр экс Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг сулласан аж. Тэд “Атамбаевыг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад парламентаас хууль бусаар огцруулсан” гэж үзэж буй аж.

Шүүхийн шийдвэрээр Киргизийн ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг өнгөрсөн 2019 оны наймдугаар сард баривчилсан юм. Тухайн үед түүнийг дэмжигчид хууль сахиулах байгууллагынхантай мөргөлдсөний улмаас тусгай хүчний нэг алба хаагч амиа алдаж, 98 хүн гэмтэж бэртсэн байв. Алмазбек Атанбаев 2011-2017 оны хооронд зургаан жил Киргизийн Ерөнхийлөгчөөр ажилласан билээ. Харин түүний орыг залгасан Сооронбай Жеенбеков Засгийн эрхэнд гармагцаа түүнд холбогдох хэргийг нээсэн юм.

Алмазбек Атамбаев

ОХУ, Хятадтай ойрын харилцаатай, 6.5 сая хүн амтай Төв Азийн Киргизстан улсад сүүлийн жилүүдэд улс төрийн тогтворгүй, хурцадмал байдал үүсээд байна. Тухайлбал, өнгөрсөн 15 жилийн хугацаанд Киргизстаны хоёр ч Ерөнхийлөгч эсэргүүцлийн жагсаалын улмаас огцорч байв. Мөн 2010 онд Киргизстаны өмнөд хэсгийн узбекүүд голдуу суурьшсан бүс нутагт үймээн, мөргөлдөөн гарсны улмаас онц байдал тогтоож байв. Киргизийн зүүн бүсэд оршдог Ош хотод эхлэн улмаар Жалал-Абад хот болон эргэн тойрны хот, бүсүүдэд дорхноо түгэн газар авсан хүчирхийллийн улмаас одоогоор 138 хүн амь үрэгдэж, 1458 хүн шархдаж бэртсэн ба 80 мянга орчим узбек иргэн дүрвэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж