Жил бүрийн өдийд нийслэлийнхний хувьд тариаланчдаас шинэ ургацын ногоог хямд үнээр авах боломж нээгддэг. Үнэ хямд, дээр нь тариаланчдаас Монголын хөрсөнд ургасан ногоо, жимс авдгаараа онцлог. Олон нийтийн газар, гудамж талбайд шинэ ургацын ногоо жимсний үзэсгэлэн худалдаа одоо ч үргэлжилж байна. Харин зах, худалдааны төвүүдэд хүнсний ногооны үнэ өдөр бүр нэмэгдэх болж, иргэд хямд үнэтэй шинэ ургацын ногоо худалдан авч чадахгүй байгаа юм.
ЧЕНЖҮҮД НОГООНООС АШИГ ОЛЖ, ТАРИАЧИД АЛДАГДАЛТАЙ, ИРГЭД ҮНЭТЭЙ НОГОО АВДАГ
Орон нутгаас нийслэлийг зорьсон тариачид болон зах худалдааны төвүүдийн наймаачдын худалдаалж буй хүнсний ногооны зөрүү эрс ялгаатай байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, олны нэрлэж заншсанаар Ялалтын талбайд шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаагаар орвол ногооны үнэ хямд, тариачид ч үг солих завгүй байх аж. Монголчуудын өдөр тутмын хүнсний хэрэглээ болох төмс кг нь 600-700 төгрөг, лууван кг нь 700-1000 төгрөг, байцаа кг нь 1000 төгрөг, монгол сонгино кг нь 2500 төгрөг, хүрэн болон шар манжин кг нь 700 төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин зах, худалдааны төвүүдэд төмс кг нь 700-800 төгрөг, лууван, хүрэн, шар манжин кг тутам нь 1500 төгрөг, монгол сонгино кг нь 3000 төгрөгийн үнэтэй. Харьцуулахад, кг лууванг 500-800 төгрөгийн илүү үнээр борлуулж байгаа гэсэн үг.
Ченжүүд тариаланчдаас илүү хямд үнээр ногоо бөөндөж аваад багагүй үнэ нэмж хэрэглэгчдэд зардаг. Тухайлбал, нэг кг төмсийг ченжүүд 300-400 төгрөгөөр үнэлж, шуудайг нь ихдээ л 10 мянган төгрөгөөр тариаланчдаас худалдан авч, цааш нь үнэ нэмж зардаг байна. Иймд ногоочид намрын налгар өдрүүдэд амжиж үзэсгэлэн худалдаагаар дамжуулан ногоогоо худалдахыг илүүд үзэх болжээ. Тэд ченжүүдэд ногоогоо хямд үнээр бөөндөж худалдсанаас өөрсдөө ногоогоо зарсан нь ашигтай гэж үзэж байгаагаа хэллээ.
Ногоочдын хэлснээр худалдааны төвүүдэд ногоогоо борлуулахын тулд ченжүүдийн аманд орсон үнээр заримдаа худалдах тохиолдол цөөнгүй гардаг аж.
ТАРИАЧИД ЧЕНЖҮҮДЭЭС ИЛҮҮ ӨӨРСДӨӨ НОГООГОО ХЯМД ҮНЭЭР ЗАРАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ногоочин Я.БАТ-ИШ:
-Ченжүүд биднээс ногоог аль болох хямд авахыг илүүд үздэг. Өөрсдийн санасан үнээр ногоо бөөндөж авдаг. Ченжийн гараар дамжихаар ногоо бас илүү үнэтэй зарагдана. Харин бидэнд ашиггүй. Үзэсгэлэн худалдаанд оролцож, өөрсдөө ногоогоо зарсан нь бидэнд ашигтай байна. Үзэсгэлэн худалдаа бидэнд их боломж олгож байна. Миний хувьд өрхийн аж ахуй эрхэлдэг, хэрэглээнээс гарсан ургацаа борлуулдаг юм. Иргэдийн тухайд өргөн хэрэглээний хүнсний ногоо төмс, лууван, сонгино, байцаа худалдан авах нь их байна. Худалдан авалт ч сайн. Иргэд бас ногоо хямд байгаад ам сайтай байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ногоочин А.ЛХАГВАСҮРЭН:
Бид үзэсгэлэн худалдаанд оролцож, өөрсдөө ногоогоо худалдах нь ашигтай. Ченжүүдэд ногоогоо бөөндөж зараад ашиггүй. Ногооноос олсон ашиг замын зардалд таарна. Ашиг үлдэх үү, үгүй юу болно. Нэгэнт орон нутгаас хотод ирсэн болохоор ногоогоо ченжүүдийн хэлсэн үнээр хямд зарж, мөнгө олохыг бодно. Тэдэнд ногоогоо бөөндөж зарлаа гэхэд цааш нь үнэтэй зарна. Төмс кг нь 600 төгрөгөөр бид борлуулж байхад ченжүүд кг нь 200-300 төгрөгөөр бөөндөж авдаг гэсэн үг. Нэг шуудтай төмсийг кг нь 10 мянган төгрөгөөр биднээс авч, 15 мянган төгрөг болгож зарна шүү дээ. Тиймээс бидэнд өөрсдөө ногоогоо зарах нь илүү ашигтай. Иргэдийн хувьд ногоо хямд үнэтэй байгаад ам сайтай, худалдан авалт ч их байна. Ногооны лангуун дээр өдөржин зогсоод, сая төгрөгийн орлого олж чадахгүй. Ченжүүд ногоогоо бөөндөж зарах ч ашиггүй гэлээ.
ИРГЭД: НОГООНЫ ҮНЭ ӨДӨР БҮР 100-200 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ БАЙНА
Ногооны үзэсгэлэн худалдаагаар орж, хэсэг саатахад иргэдийн хөл хөдөлгөөн их байв. Үзэсгэлэн худалдаанд ногоо илүү хямд үнэтэй тул аль болох ногоогоо бөөндөж худалдан авч буй хүмүүс их аж. Харин зах, худалдааны төвүүдэд ногоо үнэтэй, худалдан авалт ч муу байгаа нь нийтлэг аж. Хамгийн хямд үнэтэй, бөөний төв гэгддэг “Барс” худалдааны төвд төмс кг нь 700 төгрөг, лууван, хүрэн манжин кг нь 1200-1500 төгрөг, монгол сонгино кг нь 3000 төгрөг, байцаа кг нь 1000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Наймаачид ногооны үнэ өсөөгүй гэх тайлбар өгч буй. Харин хүнсний ногоо худалдан авч буй зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонсвол ногооны үнэ өссөн гэдэгт санал нэг байлаа.
Иргэн Д.ОТГОНБАЯР:
-Ногоо хямд дээр нь бөөндөж авч байна. Үзэсгэлэн худалдаанд ногоо худалдааны төвөөс хямд үнэтэй байна. Хүрэн манжин гэхэд кг нь 700 төгрөг байхад зах, сүлжээ маркетуудад кг нь 1500-2000 төгрөг байдаг. Ер нь ногооны үнэ зах, худалдааны төвүүдэд өссөн байна билээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагаад ногооны үнэ өссөн болов уу гэж харсан. Тиймээс аль болох хямд үнээр ногоогоо авахаар үзэсгэлэн худалдааг зорилоо.
Иргэн Д.ИЧИННОРОВ:
-"Барс" худалдааны төвд өргөн хэрэглээний барааны үнэ илүү хямд байдаг болохоор хүнсний ногоогоо худалдан авдаг. Төмс хямдарч кг нь 800 төгрөг болсон байна. Харин бусад ногооны үнэ өссөн санагдлаа. Лууван, манжин кг нь 1400 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл "Бөмбөгөр" худалдааны төв, “Номин”, “И-март” сүлжээ дэлгүүрт ногоо үнэтэй байдаг. Ер нь сүүлийн үед ногооны үнэ өдөр өдрөөр 100-200 төгрөгөөр нэмэгдэх болсон шүү дээ.
ИРГЭН Б.ТУЯА
-Үзэсгэлэн худалдаанд ногоо илүү хямд байна. Харин зах худалдааны төвүүдэд үнэтэй байна билээ. Намар шинэ ургацын ногоо гардаг гэх боловч хямд үнээр ногоо авч чаддаггүй. Үзэсгэлэн худалдааг зорьж хямд ногоо авна уу гэхээс бусад үед зах, худалдааны төв, сүлжээ маркетууд ялгаагүй л ногоо үнэтэй байдаг. Өргөн хэрэглээний барааны өсөлтийг дагаад хүнсний ногоо үнэтэй байна.
"БӨМБӨГӨР" ХУДАЛДААНЫ ТӨВД ХҮНСНИЙ НОГООГ 100-1000 ТӨГРӨГИЙН ИЛҮҮ ҮНЭЭР ЗАРЖ БАЙНА
Дараа нь “Бөмбөгөр” худалдааны төвөөр орвол гадаа болон дотоод ногооны тасагт хүнсний ногоо ижил үнэтэй байв. Тус худалдааны төвийн худалдаачид хүнсний ногоогоо “Барс” худалдааны төвөөс бөөндөж борлуулдаг тул бөөний төвөөс илүү үнээр наймаачид ногоог зарж байв. Төмс кг нь 800 төгрөг бол лууван кг нь 1500-2000 төгрөг, хүрэн манжин, шар манжин кг нь 1500 төгрөг, монгол сонгино кг нь 3000 төгрөг, байцаа кг нь 1000-1500 төгрөгийн үнэтэй байлаа. Тус худалдааны төвийн зарим худалдаачин иргэдийн худалдан авах чадвар муудсаныг хэлсэн юм.
Бөмбөгөр худалдааны төвийн худалдаалчин Д.НАНСАЛМАА:
-Ногооны үнэ нэмэгдээгүй байхад энэ жил худалдан авалт эрс буурсан. Орлого ч муу байна. Иргэд ногоо хямдарсангүй, үнэтэй байна гэж шүүмжилж байгаа ч худалдан авах чадвар буурсан байна. Ногоо худалдан авч буй хүмүүс ч бас өмнөх шигээ их хэмжээгээр нь худалдаж авахаа больсон. Өдөр тутмын хэрэглээндээ тааруулж ихдээ гурван кг-аас хэтрэхгүй ногоо худалдан авдаг. Эгч нь арван жил “Бөмбөгөр” худалдааны төвд ажиллаж байна. Өмнө нь иргэд ногоогоо аль болох их хэмжээгээр худалдан авдаг байлаа шүү дээ. Гэтэл жилээс жилд иргэдийн худалдан авах чадвар буурч, ногоог бага хэмжээгээр л авч байна гэлээ.
НОГООНЫ ҮНЭ ӨССӨН Ч ХЯНАЛТ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Наймаачид хүнсний ногооны үнэ нэмэгдээгүй гэх ч Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр өнгөрсөн долоо хоногт төмснөөс бусад ногооны үнэ нэмэгджээ. Тухайлбал, монгол лууван 8.7 хувиар өсч 1420 төгрөгөөр, монгол байцаа 19.1 хувиар өсч 1036 төгрөгөөр, монгол хүрэн манжин 3.2 хувиар өсч 1923 төгрөгөөр, сонгино 6.9 хувиар өсч 1757 төгрөгөөр зах худалдааны төвүүдэд борлуулж буй. Ногооны үнэ өсч байгаа нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой ч бас ченжүүд, наймаачид дур мэдэн үнэ нэмж зарж байгаа нь иргэд шинэ ургацын ногоо хямд үнээр авч чадахгүйд хүрч байна. Үнийн өсөлтөд хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас одоогоор хяналт тавьж ажиллаагүй гэх тайлбар өгч байсан билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ