Наймааны цонхоор бүтэлгүйтсэн ба амжилт олсон ТАМИРЧИД

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Наймааны цонхоор бүтэлгүйтсэн ба амжилт олсон ТАМИРЧИД

Наймааны цонхоор бүтэлгүйтсэн ба амжилт олсон ТАМИРЧИД

Европын хөлбөмбөгийн зуны солилцоо наймааны цонх албан ёсоор өчигдөр (2020.10.06) хаагдлаа. Үүнтэй холбогдуулан бид та бүхэндээ энэхүү солилцоо наймааны цонхоор амжилттай ажилласан болон бүтэлгүйтсэн баг, тамирчдын талаар танилцуулж байна. Удахгүй биеллээ олно гэсэн наймаанууд бүтэлгүйтэж, хэний ч төсөөлөөгүй наймаанууд хэдхэн хормын дотор албан ёсоор зарлагдсан тун сонирхолтой үйл явдлууд тохиов.

  • Амжилттай ажилласан: Челси

Орос тэрбумтан Роман Абрамовичийн Челси өнгөрөгч зуны солилцоо наймааны цонхоор идэвхтэй ажилласан. Тэд Герман довтолгооны хослол Тимо Вернер, Кай Хаверц, Аяакс багийн уураг тархи Хаким Зиеш, Англи зүүн жигүүрийн хамгаалагч Бен Чилвелл, туршлагатай хамгаалагч Тиаго Силва, Францын Ренн багийн хаалгач Эдуард Менди зэрэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэв. Челси багийн бүрэлдэхүүний шинэчлэлд нийтдээ 260 сая ам.доллар зарцуулагдаж, солилцоо наймааны цонхоор хамгийн идэвхитэй ажилласан багуудын нэг байлаа. Одоо гол нь хүссэн тоглогчдоо эгнээндээ нэгтгэсэн Фрэнк Лампард энэ багийг хэрхэн удирдах нь сонирхолтой байна.

  • Бүтэлгүйтсэн: Лионель Месси

Энэ зуны хамгийн том дуулианыг Лионель Месси дэгдээсэн. Түүний Барселона багтай байгуулсан гэрээ дуусахад нэг жил дутуу байхад багаасаа явах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Багийнхаа удирдлагуудад сэтгэл дундуур байгаа Мессиг өнгөрөгч солилцоо наймааны цонхоор буурь сэлгэн Английн Манчестер Сити баг руу явах тухай яриа ч их гарлаа. Гол нь түүний гэрээг чөлөөлөх 700 сая евро асуудал болов. Месси ч дуртай дургүй багтаа үлдэхээс өөр аргагүйд хүрсэн бол түүний сайн хамтрагч Луйс Суарезыг баг нь Атлетико Мадрид руу, залуу авьяастан Артур Мелог Италийн Ювентус руу явуулж, оронд нь Миралем Пьяничийг авчрав.

  • Амжилттай ажилласан: Реал Мадрид

Испанийн аваргууд Реал Мадрид өнгөрөгч солилцоо наймааны цонхоор томоохон наймаанууд хийсэн гэхээсээ илүү хэрэггүй олон тоглогчоосоо салж, ачаагаа хөнгөллөө. Тэд хүүхдийн академийнхаа бүтээгдэхүүн болох Ашраф Хакими, Серхио Регилон, Оскар Родригез зэрэг тоглогчдыг 94 сая ам.доллараар зарсан бол Гарет Бэйл, Хамес Родригез зэрэг өндөр үнэтэй тоглогчдоосоо салж чадлаа.

  • Бүтэлгүйтсэн: Манчестер Юнайтед

Домогт Сэр Алекс Фергюсоныг зодог тайлснаас хойш тогтвортой амжилтыг үзүүлж чадахгүй байгаа Манчестер Юнайтед баг солилцоо наймааны цонхоор аргаа ядсан нүүдлүүдийг хийлээ. Улаан чөтгөрүүд зуны турш Боруссиа Дортмундаас Жэдон Санчог авах гэж хичээсэн боловч бүтэлгүйтэж, солилцоо наймааны цонхны сүүлийн өдөр чөлөөт агент Эдинсон Кавани, Портогийн зүүн жигүүрийн хамгаалагч Алекс Теллес, залуу авьястнууд Амад Диалло болон Факундо Пеллестри нарыг эгнээндээ нэгтгэв. Харамсалтай нь, Амад Диалло ирэх нэгдүгээр сар хүртэл шинэ багийнхаа төлөө тоглож чадахгүй. Мөн тэд Аяакс багаас хагас хамгаалагч Донни Ван де Бекийг 46 сая ам.доллараар эгнээндээ нэгтгэсэн.

Төвийн хамгаалалтандаа шинэ тоглогч худалдан аваагүй Манчестер Юнайтед баг Премьер лигийн сүүлд явагдсан тойрогт Тоттенхэм Хотспур багт 6-1 гэсэн харьцаатай ялагдсан билээ.

  • Амжилттай ажилласан: Байерн Мюнхен болон Боруссиа Дортмунд

Боруссиа Дортмунд баг Жэдон Санчог үлдээж чадсан нь тэдний хамгийн том амжилт байлаа. Өдгөө Европын бүхий л том багуудын арааны шүлсийг гоожуулж буй залуу авьяастан Жэдон Санчогоос гадна тэдэнд Эрлин Холанд, Гио Рейна, Жуде Беллинхэм болон саяхан Реал Мадрид багаас зээлээр ирсэн Рейньер нар байна. Мөн Францын ПСЖ багаас үнэгүй нэгдсэн туршлагатай хамгаалагч Томас Мёнье ч Боруссиа Дортмундын аварга болох их үйлст хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

Харин одоогоор Германдаа төдийгүй Европт босоо байгаа аваргууд Байерн Мюнхен баг Лерой Сане, Дуклас Коста, Тангу Куасси, Эрик Максим-Чупо Мотинг , Марк Рока нарыг эгнээндээ нэгтгэсэн. Гэвч багийнхаа төвийн бүсийн гол хүн Тиаго Алкантараг Английн Ливерпүүл руу алдсан нь харамсалтай.

Дээрх хоёр багтай Германы Бундеслигт гол өрсөлдөөнийг үзүүлэх РБ Лейпциг болон Байер Леверкузен багууд довтолгооны гол тоглогчид болох Тимо Вернер болон Кай Хаверц нарыг Челсид худалдсан. Ингэснээр Германы хөлбөмбөгийн дээд лигт дахин хоёр багийн өрсөлдөөн бий боллоо гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд үзэж байна.

  • Бүтэлгүйтсэн: Лацио

Өнгөрсөн улиралд Италийн Сериэ-А лигтээ гайхалтай амжилт үзүүлж, УЕФА Аваргуудын лигт оролцох эрхтэй болсон Лацио баг өнгөрөгч солилцоо наймааны цонхоор араараа тавиулсан гэж хэлж болно. Тэд Английн Манчестер Сити багтай байгуулсан гэрээ нь дууссан Испани шидтэн Давид Силватай гэрээ байгуулахаар урьдчилсан тохиролцоонд хүрээд байсан ч Давид Силва эцэст нь нутгийнхаа Реал Соссьедад багтай гэрээ байгуулсан билээ.

Лацио багийн үйл ажиллагаа хариуцсан захирал Игли Таре “Би Давид Силвагийн Реал Соссьедад баг руу явсан наймаанаас их зүйл сурлаа. Би түүнийг хувь хүн талаас нь бус, тамирчин хүнийх нь хувиар хүндэлдэг” хэмээжээ.

Давид Силвад араараа тавиулсан Лацио Манчестер Юнайтед багаас Андреас Перейраг зээлээр авсан юм.

  • Амжилттай ажилласан: Антонио Конте

УЕФА Европа лигийн шигшээ тоглолтод Испанийн Севилья багт хожигдсоны дараа Интер Милан багийн дасгалжуулагч Антонио Конте багийн удирдлагууддаа сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэж, байдал буруудвал багаас явна гэдгээ мэдэгдсэн. Гэвч Интер Милан багийн удирдлагууд түүнийг алдахыг хүссэнгүй өнгөрөгч солилцоо наймааны цонхоор хүссэн тоглогчдыг нь багтаа нэгтгэв. Тэд залуу авьяастан Сандро Тонали, туршлагатай Артуро Видал, Александр Коларов, Маттео Дармиан зэрэг тоглогчдыг багтаа нэгтгэж, мөн Алексис Санчезыг бүрмөсөн худалдаж авав. Үүнээс гадна Барселона багтай удаан хугацаанд нэр холбогдсон багийнхаа гол довтлогч Лаутаро Мартинезыг үлдээж чадсан.

  • Бүтэлгүйтсэн: Валенсиа

Санхүүгийн асуудалд орсон Испанийн Валенсиа баг өнгөрөгч солилцоо наймааны цонхоор үнэд хүрч болох бүх тоглогчоо зарж, банкныхаа өрийг дарахыг хичээв. Тэд багийнхаа довтолгооны гол хүн Родриго Мореног Английн Лийдс Юнайтед руу, хүүхдийн академийнхаа бүтээгдэхүүн Ферран Торресыг Манчестер Сити руу, хагас хамгаалалтын хослол Дани Парехо болон Францис Коклен нарыг Виллареал руу тус тус зарж нийтдээ 100 сая гаруй еврог олжээ. Гэвч энэхүү мөнгөнийх нь тэн хагас нь банкны өрөнд зарцуулагдсан аж.

Багийнхаа санхүүгийн нөхцөл байдлыг мэдсэн тус багийн шинэ ахлах дасгалжуулагч Хави Гарсиа шинэ тоглогч багтаа элсүүлэх бус багийнхаа хүүхдийн академийн залуучуудаар бүрэлдэхүүнээ зузаатгажээ.

  • Амжилттай ажилласан: Астон Вилла

Астон Вилла баг Премьер лигийн сүүлд хийсэн тоглолтдоо өнгөрсөн улирлын аваргуудыг 7-2 гэсэн харьцаатай хожиж, энэ улиралд хэр чансаатай байгаагаа харуулсан. Ялангуяа өнгөрөгч солилцоо наймааны цонхоор доод лигийн Брентфорд багаас 39 сая ам.доллараар худалдан авсан Олли Уаткинс хэмээх довтлогч Ливерпүүлийн эсрэг хет-трик буюу гурван гоол оруулав. Мөн түүнээс гадна Росс Баркли, хаалгач Эмилиано Мартинез, Бертранд Траоре, Мэтти Каш зэрэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн нь үр дүнгээ харуулаад эхэлсэн.

Өнгөрсөн улирлын төгсгөлд л багаасаа явна гэгдэж байсан Жек Грилиш багтаа үлдсэн нь сайн мэдээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж