Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан дархлаагаа хэрхэн дэмжих талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хоол зүйч О.Хонгорзултай ярилцлаа.
-Өвлийн цагт дархлаагаа сайн дэмжвэл ханиад томуу тусахгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Хүйтний улиралд хүний дархлаа сулардаг уу?
-Хүний биеийн дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт гэсэн үг. Хүйтний улиралд гаднаас хүйтэн температур биед ороод ирэхээр биеийн градус буурдаг. Тиймээс дулаан хувцаслах, биеийн температурыг нэмэгдүүлэх зорилгоор илчлэг, тэжээлтэй хоол хүнс идэх шаардлага гардаг.
Тиймээс хүмүүс хоол хүнсээрээ дамжуулан олон төрлийн шим тэжээл, аминдэмийг авч байвал сайн. Ялангуяа үндсэн шимт бодис болох өөх тос, нүүрс ус, уургийг тэнцвэртэй хэмжээгээр авах нь маш чухал. Гэхдээ их хоол иднэ гэсэн үг биш. Хэрэгцээтэй аминдэм агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэх шаардлагатай. Зарим хүмүүс хүүхэддээ дэртай хүнсийг нь өгч байна гээд хэт илчлэг ихтэй, чихэрлэг хүнс хэрэглэх тохиолдол бий. Ингэснээр чихэрлэг хүнс нь эсрэгээрээ биеийн дархлааг дарангуйлж байдаг. Тиймээс чихэрлэг хүнсний хэрэглээгээ багасгахыг зөвлөе.
-Зарим хүмүүс дархлаагаа дэмжихийн тулд өндөр тунгаар витамин, бэлдмэл уух нь бий. Энэ нь хоол хүнснээс авч буй аминдэмээс илүү үр дүнтэй байж чаддаг болов уу?
-Эмчийн заалтаар эрчимтэй дархлаагаа дэмжих шаардлагатай хүн бол өндөр тунтай витаминаар дархлаагаа дэмжиж болно. Зарим хүмүүс “Энэ витамин сайн гэнэ” гээд дураараа хэтрүүлэн хэрэглэх тохиолдол бий. Олон найрлагатай витаминыг давхардуулж хэрэглэвэл дутахаасаа гадна ихэдвэл хүний биед сөрөг нөлөөтэй. Жишээлбэл хүн болгон Д витамины дутагдалтай гээд ууж эхэлсэн. Уг нь тэр хүн цусан дахь тунгаа тодорхойлуулж, тохирох хэмжээгээр эмчийн заалтаар хэрэглэх ёстой. Гэтэл иргэд дур мэдэн Д витаминыг өндөр тунгаар хэрэглэснээр хүний биеийн ясны бүтцэд эргэж нөхөгдөхгүйгээр өөрчлөлт оруулдаг сөрөг нөлөөтэй.
Сүүлийн үеийн судалгаануудаар гэдэсний бичил орчиноо тэнцвэртэй буюу сайн бичил биетнээ нэмэгдүүлж чадсанаар эрүүл байх гол үндэс гэж үзэх болсон байна. Хүний гэдэсний бичил биетний төрөл зүйл, тоо хэмжээ бидний хоол хүнс, амьдралын орчноос ихээхэн хамаардаг. Гэдэсний ашигтай бичил биетнүүд нь: Дархлааг дэмжинэ, аминдэм, бусад шимт бодисыг нийлэгжүүлнэ, эмгэг төрүүлэгч бичил биетнийг дарангуйлна, гэдэсний орчинг эрүүл байгаж бусад өвчнөөс сэргийлдэг. Тэгэхээр хооллолтондоо тараг, айраг, хоормог зэрэг эсгэг цагаан идээ, мөн эслэг ихтэй буюу төрөл бүрийн жимс, хүнсний ногоо, бүтэн үрийн бүтээгдэхүүн буюу хөц будаа, арвайн будаа, бор гурил зэрэг үйлдвэрийн боловсруулалт багатай бүтээгдэхүүн идэхийг зөвлөж байна.
-Тэгвэл дархлаагаа хэрхэн дэмжих ёстой вэ?
-Хүн бүрийн биеийн өндөр, жин харилцан адилгүй. Тиймээс өдөрт хоол хүнснээс авах илчлэг шим тэжээл нь өөр өөр байна. мөн хөдөлгөөний идэвхиэс хамаарна. Жишээлбэл: гадуур явж, хөдөлгөөний идэвхтэй ажилладаг хүн илчлэг өндөртэй хоол хүнс түлхүү хэрэглэх ёстой бол оффисын ажил хийдэг хүний хоол хүнсний илчлэг нь арай бага байх жишээтэй. Дан ганц илчлэг гэхээсээ илүүтэй шим тэжээллэг хоол хүнс идэх нь чухал.
Аль болох зохистой хооллолтын дэглэм баримтлана гэсэн үг. Жишээлбэл, ойр ойрхон бага багаар хооллох, өдөрт хангалттай шингэн уух, гурван цагаан хор буюу давс, өөх тос, сахрын хэрэглээг багасгах, аль болох олон төрлийн хүнс (мах, сүү, үр тариа, өөх тос, жимс, хүнсний ногоо) хэрэглэвэл зохистой шим тэжээлээ авах боломжтой. Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор дархлаа дэмждэг С аминдэмээр баялаг аньс, чацаргана, нэрс, нохойн хошуу, халуун аарц зэргийг өдөр тутамдаа ууж байвал сайн байна.
.–Сүүлийн үед хүмүүс олон төрлийн хоолны дэглэм баримталж, жингээ хасах болсон. Уг хоолны дэглэмүүд хүний биеийн дархлаа сулрахад нөлөөлдөг үү?
-Сүүлийн үед ялангуяа жин хасах зорилгоор янз бүрийн хоолны дэглэмийг барих болсон. Ер нь ямарваа хоолны дэглэм нь удаан хугацааных биш буюу эрүүл хооллолт биш юм. Хоолны дэглэмийг богино хугацаанд барьж, илүүдэл жингээ хассаны дараа эргээд зохистой хооллолтод шилжиж болох юм. Хүмүүс ам дамжсан яриа сонсохгүйгээр өөрт тохирох хоолны дэглэмийг эмчээс асууж барих хэрэгтэй. Хүн хоол хүнсээрээ үндсэн шим бодис болох уураг, нүүрс ус, өөх тосыг тэнцвэртэйгээр авч байх ёстой бол кето дэглэмийн үед нүүрс усыг хасч, өөх тос уураг хоёрыг нэмэгдүүлдэг. Уураг нэмэгдсэнээр бөөрөнд ачаалал өгч, зарим хүнд бөөрний дутагдалд орох, цөсний чулуу нь гэнэт үрэвсэх зэрэг хүндрэлүүд гарч байна.
Мөн амьдралын буруу хэв маягаас болж, халдварын бус өвчлөлүүд нэмэгдэж байна. Өглөө цайгаа уухгүй явдаг зуршилтай хүмүүс цөсний чулуутай болох эрсдэлтэй байдаг. Удаан хугацаагаар зохисгүй хооллосон хүмүүс халдварын бус архаг өвчлөлөөр өвчлөх гол шалтгаан болдог. Ялангуяа жин нэмсэнээр даралт ихсэн зэрэг зүрх судасны өвчин, чихрийн шижин, тулай зэрэг өвчнөөр эмнэлэгт хандаж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ