“Фронт” С.Цэгмид ОХУ-ын төрийн дээд шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

“Фронт” С.Цэгмид ОХУ-ын төрийн дээд шагнал хүртлээ

“Фронт” С.Цэгмид ОХУ-ын төрийн дээд шагнал хүртлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, өдгөө 98 настай С.Цэгмидийг ОХУ-ын төрийн дээд шагнал "Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах зарлиг гаргасан билээ.

Дэлхийн II дайны үед Эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод, Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг Ялалтын баярын 75 жилийн түүхт ойг тохиолдуулан ард түмнүүдийн найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг нь үнэлж, энэхүү одонгоор шагнажээ.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хөл хорио үргэлжилж, хоёр улсын хил хаалттай байгаа тул энэхүү шагналыг өмнө нь Монгол Улсад авчрах боломжгүй байв.

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өчигдөр (2020.20.06) “Фронт” С.Цэгмид шагнал гардуулах ёслол боллоо. Шагналыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К. гардуулсан юм. Тэрбээр “1942 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас фронтод зориулсан бэлэг, эд зүйлсийг ачсан гурав дахь цуваа ЗХУ-ыг зорьжээ. Нийт 237 вагонтай цуваа байсан бөгөөд тэдгээрт Улаан арми, Зөвлөлтийн ард түмэнд зориулан Монголын ард түмний үйлдвэрлэсэн өвлийн хүрэм,  шинель, нэхий дээл, гутал болон хоол хүнс ачсан байжээ.

Дагалдан явсан хүмүүсийн дунд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин бүсгүй С.Цэгмид байв. Тэрбээр фронтод тулалдаж байсан цэргүүдэд эд зүйлсийн тусламж цуглуулахад идэвхтэй оролцсон нэгэн юм.

Үслэг малгай өмссөн, 19 настай С.Цэгмид бүсгүй фронтод очиж, Улаан армийн цэргүүдэд Монголоос авчирсан бэлгийг гардуулж буйг харуулсан гэрэл зураг Орос, Монголын найрамдлын түүхэнд тодоор үлдсэн байна.  Ийнхүү С.Цэгмид Монголын ард түмэн ЗХУ-ын ард түмэнд зоригтой тусламж үзүүлсний бэлгэ тэмдэг болжээ” хэмээн онцлов.

Мөн тэрбээр “Монголын эгэл жирийн ард түмний байгуулсан хөдөлмөрийн гавьяа, дайны хүнд хэцүү он жилүүдэд Зөвлөлтийн ард түмэнд үзүүлсэн монголчуудын их дэмжлэгийг Орос улс үргэлж санан дурсаж, өндрөөр үнэлдэг” хэмээн тэмдэглэв.

Дэлхийн II дайны үед Монголын ард түмнээс фронтод байлдаж явсан Улаан армийн цэргүүд, Зөвлөлтийн ард түмэнд нэн хэрэгцээтэй дулаан хувцас, хоол хүнс зэрэг бусад бэлэг бүхий зургаан цуваа явуулсан юм. Гадаадаас ЗХУ-д үзүүлсэн буцалтгүй тусламжийн гуравны нэгийг Монгол Улсаас нийлүүлжээ. ЗХУ-д нийлүүлсэн энэхүү тусламжийн хэмжээ тухайн үеийн Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцүү байсан аж.

“Фронт” С.Цэгмид ОХУ-ын төрийн дээд шагнал гардсаныхаа дараа “Өнөөдөр миний дээд баяр болж байна. Манай Монгол Улсад малаа малласаар байгаад ийм сайхан гавьяаг энэ өндөр насандаа хүртдэг юм байна. Ижийдээ баярлалаа, төрдөө баярлалаа, энэ хувь заяандаа баярлаж байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав.

ОХУ-ын төрийн дээд шагнал "Бүх ард түмнүүдийн найрамдлын одон"-г ОХУ-ын иргэд, мөн гадаад улс орны иргэдэд Энх тайван, найрамдал, хамтын ажиллагаа, ард түмнүүдийн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж гардуулдаг байна. Энэхүү одонг нийт 1212 хүнд гардуулсан бөгөөд тэдний дунд 13 орны (ТУХН-ийг эс тооцвол) 40 иргэн байдаг аж.

Э.ЭГШИГЛЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж