Улстөрчид хуулийнхантай тэмцдэг жишиг тогтов уу

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Улстөрчид хуулийнхантай тэмцдэг жишиг тогтов уу

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулганаас нааш шийдэхгүй нь тодорхой боллоо. Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн хүсэлтийг судалж, УИХ дахь Хууль зүйн байнгын хороонд саналаа оруулах учиртай Тусгай хяналтын дэд хороо хуралдахгүй гэдгийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлсэн. УИХ Авлигын эсрэг хуулийг зөрччихөөд байхад зунжин яригдсан дээрх асуудлыг судлах ажлын хэсгийг ч холбогдох байнгын хороод гаргаагүй байгаа. УИХ асуудлыг хэлэлцэх боломжгүй дээ биш, сонирхолгүйдээ ийн удааж байна гэж бухимдах ч нэгэн байгаа. УИХ ингэж АТГ-ын даргын гэгдэх хэргийн талаар сонсохыг ч хүсэхгүй байх зуур Тагнуулын ерөнхий газар баривчилгаа, мөрдлөгөө хэдийнэ эхэлчихлээ.

Тагнуулын ерөнхий газар өнгөрсөн долоо хоногт АТГ-ын Гүйцэтгэх албаны даргыг баривчлах зөвшөөрлийг хяналтын прокуророос авсан байдаг. Ингэхдээ АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэнг бас баривчлах хүсэлтэйгээ дуулгасан гэх мэдээ байна. Прокурорын зүгээс    Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасыг баривчлахыг зөвшөөрснөөр “Ганц худаг”-т  түүнийг өнөөдрийг болтол хорьж байна. Харин Д.Сундуйсүрэнг саатуулахыг зөвшөөрөөгүй бололтой. Хуульд зааснаар дээрх хоёр албан тушаалтан үйлдэл дээрээ баригдаагүй бол УИХ болон АТГ-ын даргын зөвшөөрлөөр баривчлах учиртай. Харин Тагнуулын ерөнхий газрын мэдэгдснээр ажилтнуудаа тагнаж, чагнасан үйлдэл дээрээ баригдсан бол саатуулснаас хойш хоёр хоногийн дотор УИХ болон АТГ-ын даргад мэдэгдэх ёстой. АТГ-ын чагнасан гэх үйлдэл нь төрийн нууцад хамаарах учраас ТЕГ хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй. Харин шүүх Д.Сундуйсүрэнг саатуулах шийдвэр гаргавал ТЕГ хууль зөрчөөгүй нь тодорхой болох юм. АТГ-ын даргын асуудал зунжин яригдаж байгааг байдаг л үзэгдэл гэж дүгнэх ч нэгэн байгаа. Учир нь улс төр, хуулийнхан тэрсэлдэхээр үндсэн ажил нь сунжирдаг уламжлал бий. Хуулийн хүрээнд шалгах хэрэг улс төртэй хутгалдаад ирэхээр цаг хожсон удаа байдаггүй билээ. Хууль сахиулагчид улс төртэй хутгалдаж, улстөрчид хуулийнхантай арцалдсан баримтуудыг уншигчдадаа нэхэн сануулъя. Нэг үеийн дуулиан болж байсан доорх үйл явдлууд Ч.Сангарагчаагийн хэрэг хэрхэн төгсөх таамаглалын тайлал ч болж мэднэ.

УЛСТӨРЧДИЙН БӨМБӨГ БОЛСОН ГЕНЕРАЛ
Ж.Баатар генералыг ялтан болох үеийн сонинуудад ийм утгатай нийтлэл гарч байжээ. УИХ-ын гишүүн Л.Гүндалай 2003 онд тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн талаарх 45 хуудас материал байгааг илрүүлж, “Хятадын тагнуулч” гэж цоллож эхэлсэн юм. Л.Гүндалайн сэтгүүлчдэд дэлгэсэн 45 хуудас материал нь Ц.Нямдорж сайдын 1992 онд Хятадад айлчилсан үеийн баримт байсан гэдэг. Ингээд Ц.Нямдорж “тагнуул” уу, Л.Гүндалай “гүтгэгч” үү гэдгээ үзэхээр жил гаруй тэрсэлдсэн. Тэдний тунд тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга, генерал Ж.Баатар нэг л мэдэхэд өнхрөөд орчихсон байдаг. Тэрбээр Ц.Нямдоржийн Хятадад айлчилсан нь Гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой байж магадгүй, шалгамаар байна гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад өгсөн билээ. Ийн Ц.Нямдорж, Л.Гүндалай, Ж.Баатар нар “шалгана, шалгуулна” гэж жил гаруй хууль шүүхээр явсны эцэст Ж.Баатар генерал улсын нууц задруулсан гэх хэргээр долоон жил хоригдох ял сонссон билээ. Харин асуудлын гол болох 45 хуудас материалын дуулиан тэгсхийгээд намжсан байдаг.

Л.ГҮНДАЛАЙ ГИШҮҮНИЙ ТЕНДЕРИЙН ГЭХ ХЭРЭГ ПАРЛАМЕНТ ДАМЖСААР
УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Л.Гүндалай гишүүний халдашгүй эрхтэй Ч.Сангарагчаа барьцан хавтаст хэргийг нь сөргүүлэн дэлгэсэн удаатай. Тэрбээр “Та нар Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй хоёр, гурван жил болж байж миний эрхийн талаар ярих эрхгүй” гэсэн утгаар дээрх хавтаст хэргийг дэлгэсэн болов уу.

Л.Гүндалай гишүүнийг Эрүүл мэндийн сайд байхдаа тендер будлиантуулсан гэх хэргийг 2007 оноос АТГ шалгаж, Улсын ерөнхий прокурорын газар түдгэлзүүлчихээд байгаа. Хоёр парламент дамжиж байгаа дээрх асуудлын талаар Л.Гүндалай гишүүн “Намайг сэжигтнээр татсан хэрэгт нэхэмжлэгч байдаггүй. Тиймээс прокурор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа буцаан авсан, прокурорын байгууллага үнэнд гүйцэгдлээ” гэж сонинд ярилцлага өгсөн байна. Харин Улсын ерөнхий прокурорын газраас “Өнгөрсөн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооноос Л.Гүндалайгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч Байнгын хороод болон УИХ-аар хэлэлцээгүй байгаа. Тиймээс хэргийг түдгэлзүүлсэн” гэж тайлбарлаж байв.  Ямартай ч  гэсэн Л.Гүндалай гишүүн өнөөг хүртэл АТГ болон прокурорын бай­гууллагатай тэрсэлдсээр байгаа улстөрчдийн нэг.

ЦАГДАА УЛС ТӨРИЙН ТЭМЦЭГЧ БОЛСОН НЬ
“Долдугаар сарын 1”-ий үймээний үеэр хүний амь хөнөөсөн хэрэгт Эргүүл хамгаалалтын газрын арван цагдааг шалгаж эхлэх үеэс цагдаа бол хэв журам сахиулагч биш улс төрийн тэмцэгч болсон. Эргүүл хамгаалалтын газрын цагдаа нар 2008 оны наймдугаар сард амралтынхаа өдрүүдэд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, эмнэлэгт хүргэгдэж байлаа. Мөн тухайн үед сэжигтнээр саатуулагдсан цагдаа нар “Ганц худаг”-ийн өрөөнд өлсгөлөн зарлаж байсан. Хүн амины хэргийн сэжигтэн цагдаа нар ингэж ээж, найз, ажлынхан, дэмжигчидтэйгээ “Улс төрийн золиос боллоо” гэж дуу нийлүүлэн тэмцсний дүнд ажилдаа эргэж орсон. Тухайн үед хууль сахиулагчид хоорондоо тэмцэхдээ хуулийг уландаа гиш­гэдгийг харуулсан. Улсын ерөн­хий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг цагдаа нар өдөр шөнөгүй гороолж, Мөрдөн байцаалтын ажиллагаанд илэрхий саад учруулж байлаа. Үүний хариуд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа “Цагдаа галт зэвсэг хэрэглэж, хүн буудсан хангалттай баримт байгаа” гэсэн үгээ олон давтсан билээ. Дээрх үйл явдлын төгсгөлд Эргүүл хамгаалалтын арван цагдаад холбогдох хэрэг жилийн өмнө хэрэгсэхгүй болсон. Мөн цагдаа нарт тушаал өгсөн гэх хурандаа нарын хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсанаар төгссөн. Хохирогчдын хүсэлтээр Улсын ерөнхий прокурор цагдаа хүн буудсан гэх хэргийг сэргээх эсэх нь одоо ч тодорхойгүй байгаа.

Ч.САНГАРАГЧААД С.ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙ НЭР ХҮНДЭД ХАЛДСАН ХЭРЭГ НЭМЭГДЭВ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэд холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх хэлэлцэж хэрэгсэхгүй бол­госноос хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэтэл АТГ-ын дарга Ч.Сангарагчаа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хэргийг хэрэгсэхгүй болго гэсэн дарамт ирж байгаа” гэжээ. Иймээс С.Эрдэнэ гишүүн Ч.Сангарагчаа даргыг өөрийнх нь нэр хүндэд халдсан гэж шүүхэд гомдол гаргажээ. Энэ асуудлыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба Ч.Сангарагчаад холбогдох бусад хэрэгтэй хамтатган шалгахаар болжээ. Улстөрчид, хуулийнхантай тэмцээд байгаа юу, эсвэл жишиг тогтоод байна уу.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж