УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын намрын чуулганыг аравдугаар сарын 1-ний өдөр нээсэн. Намрын чуулганы эхэнд буюу арваннэгдүгээр сарын 15-наас өмнө ирэх оны төсвийг батлах хуулийн хугацаатай.
Нийт 112 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч үг хэлэхдээ “Ардын намын засагласан сүүлийн дөрвөн жилд улсын төсөв байнга хоёр их наядаас доошгүй алдагдалтай явж ирлээ. Энэ их хуримтлагдсан өрөнд санаа зовж байгаа эрхэм гишүүд байна уу" хэмээн онцолсон.
УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Ард түмнээ төлөөлөх, хариуцлагатай, ёс зүйтэй байхын үлгэр жишээг харуулах эрмэлзлээр манай гишүүд дүүрэн байгаа. Чухам тийм ч учраас манай бүх гишүүн завсарлагааны хугацаанд цаг завгүй ажиллаж, олон ажил амжууллаа. Сонгогдсон тойрог, орон нутагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, иргэдийнхээ санаа бодлыг сонсож, бүх Байнгын хороод хуваарийн дагуу хэлэлцүүлэг уулзалтууд зохион байгууллаа.
Улсаа хөгжил дэвшилд хөтлөх, ялангуяа цар тахлын энэ үед эдийн засгаа тэтгэхэд гаднын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг нэмэгдүүлэх нь ус агаар мэт амин чухал юм. Гаднын хөрөнгө оруулалт, шинэ техник, технологийг Монголдоо татах, дэлхийн улс орнуудтай хийж буй худалдаа, экспортыг тасралтгүй нэмэгдүүлэх нь хөгжлийн нэг гарц” хэмээн тодотгосон билээ.
Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын хэлсэн үгээс онцлон хүргэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулган өнгөрсөн 30 жилд байгаагүй богино хугацаанд Засгийн газраа байгуулж, ажилдаа шуурхай орсон. Ээлжит бус чуулганаараа Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийг баталсан. Эдгээр баримт бичигт багтсан зорилтууд нь улс орны нийгэм, эдийн засгийг сэргэн мандлын шинэ замд гаргах, ард түмнийхээ амьдралын нөхцөл, орлогыг дэлхийн тэргүүлэх жишигт хүргэхэд чиглэгдсэн. Ийм эрс өөрчлөлт шинэчлэлт хийж, иргэнээ дээдэлсэн төр, хуулиар засагласан нийгэм, хөгжлийг тэтгэсэн эдийн засгийг тохинуулах үйл хэрэгт Засгийн газар, шинэ парламентын гишүүд ханцуй шамлан орж ажлын хэсэг, бүлгэмүүд байгуулан ажиллаж байна.
Төсөв, Төрөөс мөнгөний талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аас баталсан зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдтэй уялдаатай авч хэлэлцэнэ. УИХ-ын шийдвэр гарснаас хойш зээлийн хүү 1 хувь буурсан сайн мэдээтэй байна. Цаашдаа жил тутам дор хаяж нэг хувь буулгахаар төлөвлөж байгаа билээ. Банкны зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар УИХ, Засгийн газар хамтран ажиллаж байна.
Монгол Улс саарал жагсаалтаас гарах тайлангаа дөрөвдүгээр сард амжилттай хамгаалж, зургаан үүрэг даалгавраас дөрвийг нь биелүүлсэн. Үүнийг газар дээр нь хянан шалгахаар Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас Ажлын хэсэг ирээд байна. Яг одоо Ерөнхий сайд Ажлын хэсэгтэй хийж буй уулзалтын нээлтэд оролцож байгаа болно. Монгол Улсын төр засаг мөнгө угаахтай тэмцэх үүрэг амлалтдаа тууштай байгааг УИХ дахин нотолж байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, “Эрх зүйн шинэчлэл-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь энэ чуулганы нэг гол зорилт юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хойшлуулж, хугацаа алдаж суумгүй байна. Энэ хуулиар эрх мэдэл орон нутагт шилжиж, төвлөрөл саарч, нутгийн удирдлагын оновчтой тогтолцоо бүрдэнэ. Аймаг, сум, нийслэл, дүүрэг бие даан хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлснээр төвлөрөл саарч, түгжрэл гацаа арилж, иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт гарна гэж үзэж байна.
Түүнчлэн хот, тосгоны болон нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг шинэчилж, аймгийн төвүүд, Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудлыг энэ чуулганаар шийдвэрлэх болно. Хэдхэн хоногийн дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт болно. Сонгуулийн үр дүнгээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бүрдүүлж, нутгийн захиргааны удирдлагыг хуулийн дагуу шуурхай томилж, ажилд нь оруулах ёстой.
Мөн Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахын сацуу шударга шүүх, шүүгчтэй болох баталгаа болсон Шүүхийн тухай багц хуулиудыг батална. Шүүх сахилга хариуцлагын хороотой болсноор шүүхийн хяналт сайжрах учир ҮАБЗ-өөс хяналт тавих шаардлагагүй болж, уг хууль нь хүчингүй болно. Улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох, санхүүжилтийн ил тод байдлыг бүрдүүлэх, намуудын төлөвшлийг хангах шинэчлэлийн үзэл баримтлалтай Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинээр батална.
Ашигт малтмалын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн нийтийн өмчийн тухай, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиудыг шинээр батлан мөрдүүлэхээр төлөвлөж байна.Ингэснээр байгалийн баялаг төрийн нийтийн өмч буюу бүх ард өмч гэсэн агуулгаараа хуульчлагдаж, үндэсний баялагтаа Монгол хүн эзэн болох нөхцөл бүрдэнэ.
Ерөнхийлөгч Х.Баттулга:
Дэлхий дахинд урьд өмнө таарч байгаагүй том сорилт тулгарсан 2020 он ерөнхийдөө төгсгөлдөө орж байна. Та бүхний өмнө ирэх жилийн төсвийг батлах чухал үүрэг тавигдаж байна. Цар тахлын улмаас бидний амсч буй гол хохирол бол экспортын орлогоо алдсан явдал юм. Цаашид цар тахлын хоёр дахь давалгаа хэр их хүрээг хамарч, хэр хүчтэй тархах зэрэг нь тодорхойгүй төлөвт байна. Ямартай ч бид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, хамгийн гол нь эдийн засгаа сэргээх, экспортын орлого олоход оновчтой бодлого, шийдвэр гарган ажиллах нь тун чухал байна.
Шинэ УИХ-ын анхны ээлжит чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүйгээр батлахад илүүтэй анхаарахаас аргагүй болж байгааг сануулахаар энэхүү хуралдаанд оролцож, үг хэлж байна.
Малчдын гол орлого болох малын гаралтай түүхий эд үнэгүйдэж, асар их баялаг хөсөр хаягдсаар байна. Сүүлийн жилүүдэд баруун бүсийн эдийн засаг, нийгмийн байдал зүүн бүсээсээ дор орсон, хөгжлийн ялгаатай болсныг Та бүхэн анзаарсан байх аа. Нэг улс, нэг үндэстэн хөгжлийн ийм эрс тэс ялгаатай байгаа нь улсын нэгдмэл бодлого дутагдаад байгааг харуулж байна. Тэгш хандлага, тэнцвэртэй хөгжил орон нутагт үгүйлэгдэж байна.
Төсвийн сахилга бат гэж зүйл үндсэндээ алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрчээ. Нутгийн удирдлагууд шийдвэрлэх асуудлуудынхаа эрэмбийг ойлгохгүй, огт шаардлагагүй, буруу зүйлсэд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна. Аймаг, сумын төсвийг иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эн тэргүүнд чиглүүлэх, зарцуулах ёстой баймаар байдаг. Гэтэл асар үнэтэй, аварга том, гоёмсог хаалга барихыг чухалчилж байх жишээтэй. Хамаг хөрөнгөө ийм дэмий зүйлд үрж байгаа нь үнэхээр харамсалтай байна.
Та бүхэн сар гаруйн өмнө улсын төсвийг тодотгохдоо аймшиггүйгээр 4,8 их наядын алдагдал тусгасан. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр ханддаг чинь доор шууд тусгалаа олж, орон нутагт төсвийг үрэн таран хийх уралдаан явагдаж байна. Төсвийн алдагдал бол өр! Тэр хаашаа ч алга болохгүй, иргэд татвараараа л барагдуулдаг. Ажил хийж байгаа бүх хүн хөдөлмөрийн хөлснөөсөө суутгуулж та нарын тавьсан алдагдлыг нөхдөг юм. Эсвэл гадаадаас зээл авах арга бодож олдог. Одоо та бүхэн ирэх 2021 оны улсын төсвийг хэлэлцэж батлана. Бас бөөн алдагдалтай батлах уу? Ардын намын засагласан сүүлийн дөрвөн жилд улсын төсөв байнга хоёр их наядаас доошгүй алдагдалтай явж ирлээ. Энэ их хуримтлагдсан өрөнд санаа зовж байгаа эрхэм гишүүд байгаа болов уу?
Монгол Улс байнга гадны зээл тусламжаар гол зогоох юм уу? Яагаад ахиухан экспортын орлого олоход УИХ дорвитой анхаарахгүй, шийдэж болохгүй байна вэ? Монголын бүх бэрхшээл, хуримтлагдсан асуудлын угт хангалтгүй орлого олж байгаа явдал бий. Бидэнд орлого, маш их орлого хэрэгтэй байна. Тогтвортой өсөлт биш тийрэлтэт өсөлт авчрах төслүүд чухлаар шаардагдаж байна. Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд, түлхээд өгөх хэрэгтэй байна. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсч байна.
Асуудлынхаа эрэмбийг олж харъя! Эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна. Баялаг нь байгаа, боломж нь байгаа. 80 сая дөхөж байгаа мал сүрэг бидэнд хангалттай орлого өгөхөд бас бэлэн байгаа. Бид мөнгө болгож чадахгүй хаяж байгаа нь дэндүү арчаагүйнх гэхээс өөрөөр юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна.
2020 оны улсын төсөвт мөн л сонгуулийн явцуу ашиг сонирхлыг тусгасан, хэт өндөр зарлагатай, хийсвэр орлогыг ихээр төлөвлөсөн байсан. Хориг тавьсан ч хэрэгсээгүй. Энэ оны гуравдугаар сараас төсөвт тодотгол хийх шаардлага эрхгүй үүсээд байгааг УИХ, Засгийн газарт удаа дараа мэдэгдэн, тэвчиж болох бүх зардлыг 2020 оны төсвөөс танах санал, шаардлагаа хүргүүлсэн. Бас л тодотгол хийлгүй өнгөрөөсөн. Эцэст нь сонгуулийн дараа үнэнд гүйцэгдлээ.
Төсөвт тодотгол хийхийг эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон улс төрийн олон нам нийтээрээ шаардаж байсан. Гэтэл Та бүхэн өнгөрсөн сард 4.8 их наяд төгрөгийн алдагдалтайгаар нэг юм төсвийн тодотголыг баталлаа.
Монгол Улс төсвийн нэн хариуцлагагүй бодлогынхоо горыг амсаж, ганцхан жилд 1.7 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэлээ. Энэ бол Чингис бондоос давсан хэмжээний өр! Энэ их алдагдлыг өрөөр нөхөн санхүүжүүлэхээс өөр гарц байхгүй. Гэтэл өрийн тааз тулчихсан байдаг. Улс орноо дампууралд хөтөлж байгаа төсвийн алдагдал үйлдвэрлэх бодлогоо яаралтай зогсоохгүй бол ард иргэд тэнэглэлийн чинь золиос болох гээд байгааг хатуу хэлье.
Ирэх оны төсөвт дараах асуудлыг тусган шийдвэрлүүлэх ёстой гэдгийг Та бүхэнд сануулж байна:
Үүнд:
- Төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардлуудын шаардлагад “зайлшгүй хэрэгцээтэй байх” хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж, төсвийн алдагдлыг эрс бууруулах, алдагдалгүй болгох;
- Төсвийн хэмнэлт, үр ашигт үндэслэн хөдөө аж ахуйд суурилсан уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн эхний цогцолборуудыг барьж байгуулах санхүүжилтийг бүрэн тусгах;
- Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тэлэх онцгой ач холбогдолтой төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрэн тусгах;
- Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрс тэлэх бодлого, арга хэмжээг цогцоор нь харж төлөвлөх.
Эдгээрийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр анхааралдаа авч, төсвийг батлахдаа мөрдлөг болгоно уу. Намрын чуулганаар олон асуудал хэлэлцэхийн нэг нь Шүүхийн тухай багц хууль юм. Үүн дээр би тусгайлан санал, дүгнэлтээ танилцуулах учир энэ удаад орхиё.
Холбоотой мэдээ