УИХ-ын Төсвийн байнгын хороо, Дэлхийн банк хамтран “Монгол Улс-Уул уурхай ба оюун ухаан” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.10.06/ Төрийн ордонд зохион байгуулллаа.
Дэлхийн Банкнаас “Уул уурхай ба оюун ухаан-Байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгаанд “Уул уурхайн салбар нь Монгол Улсын өнөөгийн хөгжлийн тулгуур болж байгаа ч хүний болон институцийн хөгжил нь улс орны ирээдүйн хөгжлийн гол хөдөлгөгч хүч байх учиртай. Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгийн өнөөгийн загвар нь ирээдүйд тогтвортой өсөлт авчрах нь эргэлзээтэй бөгөөд ирээдүйн өсөлтийн зогсонги байдалд ч хүргэх эрсдэлтэй.
Энэ нь уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлт, түүнээс хамаарах хамаарал нэмэгдэж байгаагаар илэрч байна. Уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олсон орлогын нэг ам.доллар бүрээс дөнгөж нэг центийг л Монгол Улс хуримтлуулдаг тул улс орны өр ихээр нэмэгдэж, хуримтлалын хэмжээ тогтмол буурч, өнөөгийн эдийн засагт нэмэлт дарамт болж байгаа юм. Уул уурхайн баялгийн өгөөжийг түүнээс хамаарах хамаарлаа аажмаар бууруулах чиглэлд зарцуулахын оронд Монгол Улс улам бүр донтож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх зовнил, хөрөнгө оруулагчдын тогтвортой байдлыг хүсэх хүлээлт, Хятад Улсын нүүрсний хэрэглээгээ бууруулах том зорилго, КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөө зэргээс шалтгаалан уул уурхайн гол түүхий эдийн эрэлт унаж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн дээр дурдсан бүтцийн эмзэг байдлыг улам хүндрүүлж байгааг дурджээ.
Түүнчлэн хүний хөгжил болон иституцид (оюун ухаан)-д уул уурхайтай эн тэнцүү ач холбогдол өгч, бүтцийн өөрчлөлт хийхгүй бол хэдхэн жилийн дотор Монгол Улс баялгийн хараалыг амсах эрсдэлтэй болохыг ч онцолсон байна.
Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Жийн Паскаль Нгану тус хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлдээ “Уул уурхайн Монголын өнөөдөр бол харин ирээдүй нь оюун ухаан- хүмүүн капитал байх учиртай. Уул уурхайгаас оюун ухаанд чиглэх бүтцийн өөрчлөлтийг,
- Тогтвортой байдлыг чухалчлах
- Бүтээмжийг өсөлтийг тэтгэх
- Хүний болон институцийн хөгжилд чиглэх зэрэг гэдгийг илтгэлдээ онцолсон юм.
Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Дэлхийн Банкны тайланд сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улс эрдэс баялгаас олсон орлогын нэг ам.доллар тутмын ердөө нэг центийг хойч үедээ хуримтлуулж буй туршлагыг хөндсөн байна. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Монгол Улс эрдэс баялгийн орлогоо хүний болон институцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас хамаарах хамаарлаа алгуур бууруулах шаардлагатайг танайхаас зөвлөлөө. Энэ талаар тодруулахгүй юу?
-Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өндөр өгсөн. Сүүлийн 20 гаруй жилийн нөхцөл байдлыг харахад Монголын эдийн засаг хэд дахин томорсон. Уул уурхайгаас олох орлого нь өндөр байгаа хэдий ч сүүлийн гуравхан жилд энэхүү орлогоосоо хуримтлуулж эхэллээ. Уул уурхайн орлого нэг жил өсөөд, эсвэл буурдаг тогтворгүй. Тэгвэл хуримтлал бий болгож үүнийгээ хүн болон инстутитуци хөгжүүлэхэд хөрөнгө оруулж чадвал ирээдүйд илүүтэй төрөлжсөн уул уурхайгаас хамаарал багатай тогтвортой эдийн засгийн загварыг бүрдүүлж чадна.
-Төрөлжсөн, тогтвортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд бид юундаа анхаарах ёстой вэ?
-Олсноороо хэрэглэх бус харин бизнесийн мөчлөгийн дагуу орлогоо жигд хуваарилан мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх. Үүнийг төсвийн ил тод дүрэм, тодорхой шаардлагууд, төсвийн хараат бус зөвлөл, зах зээлийн жамаар тогтох валютын ханш, үр ашигтай ажиллах тогтворжуулалтын сангийн тусламжтайгаар хэрэгжүүлэх. Эдийн засгийн төрөлжилтийг зөвхөн бүтээгдэхүүний төрөлжилт гэж харахаасаа илүүтэй өгөгдсөн суурь баялгаа сайн ашиглах, тэлэх тал дээр анхаарах нь эхний алхамуудын нэг юм.
–Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд "Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна" гэж тодотгосон нь нэлээд анхаарал татсан. Монгол Улс гаднын орнуудын зээл тусламжийг хэр оновчой зарцуулж байгаа бол?
-2017 оноос өмнөх жилүүдэд Монгол Улс зээл авч хэрэглээгээ санхүүжүүлдэг байдал түлхүү ажиглагдаж байсан. Харин 2017 оноос хойш макро эдийн засгийн бодлогод олон шинэчлэлт гарч төсвийн зардал буурч, Засгийн газрын өр буурах хандлага ажиглагдаж байгаа. Бид ч гэсэн Монгол Улсын Засгийн газартай байнгын ажиллагаатай явж ирсэн. Засгийн газар цаашид хэрэглээгээ тогтворжуулах, өрийг бууруулах хүсэл сонирхол байгаа нь харагдаж байгаа.
-УИХ-аар удахгүй ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Ирэх жил нийгэм, эдийн засгийн хувьд хүндхэн жил үргэлжилнэ. Ирэх оны төсөвт юуг анхаарах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Цар тахлын нөлөөлөл төсөвт ачаалал болж байгаа нь үнэн. Цаашид цар тахлын нөхцөл байдал тодорхойгүй байгаа учраас үүнд бэлтгэлтэй байхыг Дэлхийн банкнаас зөвлөж байна. Нөхцөл байдал сайжирсны дараа Засгийн газар өмнө нь авч хэрэгжүүлж байсан макро эдийн зөв менежментүүдээ хэрэгжүүлж, өр бууруулах, хэрэглээгээ тогтворжуулах тал дээр анхаарах шаардлагатай.
–Инфляци нь 2.8 хувь байхад 6 хувьд хүргэнэ гэж Монголбанк зорилт тавьсан нь эргээд эдийн засагтаа хор хохиролтой, төгрөгийн ханшийг долларын эсрэг сулруулах гэж зарим эдийн засагч үзэж байгаа. Инфляцийг зургаан хувьд хүргэх зорилт тавьсан нь хэр бодит төсөөлөл вэ.
-Монголбанк инфляцийн зорилтыг тогтоохдоо дунд хугацааны түвшинг тогтоодог. Хэдэн жилийн өмнө Монголбанкны инфляцийн зорилт найман хувь байсан. Үүнийгээ 6 хувь руу буулгасан нь зээлийн хүүг ч бууруулахад эерэгээр нөлөөлнө. Нөгөөтэйгүүр макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлвийг судалсны эцэст дунд хугацаандаа инфляцийг зургаан хувьд хүргэх боломжтой гэсэн зорилт тавьж байгаа. Түүнээс биш өнөөдрийн инфляцийн түвшинг шууд зургаан хувьд хүргэнэ гэсэн агуулга биш. Монголбанк инфляцийн зорилтоо хэрэгжүүлэхдээ мөнгөний бодлогоор хэрэгжүүлдэг.
Холбоотой мэдээ