Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хилийн боомтод гарч болзошгүй химийн ослын үед авах хариу арга хэмжээ” сэдэвт хамтарсан сургалт, дадлага сургуулилтыг ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригад, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Сэлэнгэ аймгийн ОБГ-тай хамтран Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтод энэ сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгуулав.
Сүхбаатар боомтоор бензин, шатахуун, тос, тосолгооны материал, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг онцгой аюултай ачаа импортлогддог бөгөөд химийн аюул, ослын өндөр эрсдэлтэй боомт юм. Сургалт, дадлага сургуулилтад Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөө, Тагнуулын газар, Хилийн цэрэг, Байгаль орчин, аялал, жуулчлалын газар зэрэг 11 байгууллага оролцож хууль тогтоомжид заасан чиг үүргийг бодит нөхцөлд хэрэгжүүлж ажилласан нь сургалтыг ач холбогдолтой, үр дүнтэй болгожээ.
Болзошгүй эрсдэлийн үед холбогдох байгууллагын ажилтнуудыг химийн бодисын ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аврах, хор уршгийг арилгах, саармагжуулах, сэргээн босгох арга хэмжээнд сурган дадлагажуулах, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, чиг үүргийг тодорхой болгох, мөрдөгдөж буй дүрэм, журмыг бодит байдалд турших, сайжруулах, аймгийн “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд авто замын болон төмөр замын боомтод химийн бодистой холбоотой гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар тусгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал орон нутагт тулгамдаж байгаа аж.
Сургалтаар Сэлэнгэ аймгийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон байгууллага тус бүрийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд химийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, хор уршгийг арилгах, сэргээн босгох асуудлаар нэмэлт тодотгол хийх, ажилтнуудыг мэргэшүүлэх, дадлага сургуулилтыг тогтмол зохион байгуулах нь зүйтэй гэж оролцогсод үзсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: МХЕГ
Холбоотой мэдээ