УИХ ХЭҮК-ын гишүүдээ томилъё !

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

УИХ ХЭҮК-ын гишүүдээ томилъё !

УИХ ХЭҮК-ын гишүүдээ томилъё !

Улс төрийн нөлөөнд автахгүй, гар хөл нь болохооргүй хүмүүс Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т нэрээ дэвшүүлчихэв үү, эсвэл эрх баригчид томилох хүн дээрээ тохиролцож чадахгүй, хэдэн тийшээ хараад суучихав уу?.

Тавдугаар сард л УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ХЭҮК-ын таван гишүүн, мөн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулахаар болж, ажлын хэсэг байгуулан, нийт 19 хүний материалыг хүлээн авч, сонсгол зохион байгуулж байсан ч өнөөдөр аравдугаар сар гарсан байтал ХЭҮК-ын гишүүдийг шинэчлэн томилсонгүй.

Уг нь Г.Занданшатарын танхим энэ оны эхээр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Уг шинэчилсэн хуулиар одоогийн ХЭҮК нь таван гишүүнтэй байх ёстой. Өмнөх хуулиар ХЭҮК нь гурван гишүүнтэй байсан, мөн гурван гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа юм.

Шинэчлэн баталсан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар комиссын гишүүдийг дараах байдлаар нэр дэвшүүлж, томилохоор зохицуулжээ. Үүнд,

  • 12 дугаар зүйл. Комиссын гишүүнд нэр дэвшүлэх, томилох
  • 12.1. Комисс таван гишүүнтэй байна
  • 12.2.Комиссын гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна
  • 12.2.1.Хууль зүйн өндөр мэргэшилтэй
  • 12.2.2.Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай
  • 12.2.3.Гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60-иас доошгүй хоногийн өмнө Хууль зүйн байнгын хорооноос Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ
  • 12.2.4.Энэ хуулийн 12.2-т заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвших тухай хүсэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ
  • 12.5.Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, 15 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлнэ
  • 12.6.Хууль зүйн байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, Комиссын гишүүнээр томилох саналаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ

Тодруулж хэлбэл, ХЭҮК-ын таван гишүүн, мөн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүний сонгон шалгаруулалтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос зарлаж, 19 хүн нэрээ дэвшүүлснээс хойш бүтэн дөрвөн сар өнгөрөхөд шинээр бүрдсэн УИХ хуулиа хэрэгжүүлэх нэг ч алхам хийлгүй өнөөдрийг хүргээд байна.

Өнгөрсөн тавдугаар сард зарласан ХЭҮК-ын таван гишүүнийг сонгох сонгон шалгаруулалтад дараах хүмүүс нэрээ дэвшүүлсэн байдаг. Үүнд,

  1. Х.Мөнхзул /ХЭҮК-т ажилладаг/
  2. Г.Атар-Эрдэнэ /ХЭҮК-т ажилладаг/
  3. Б.Энхболд /цагдаагийн байгууллагад/
  4. З.Өнөржаргал /ХЭҮК-т ажилладаг/
  5. Б.Өнөрмаа /прокурор/
  6. М.Гантулга  /прокурор/
  7. Т.Ихтамир /ХЭҮК-т ажилладаг/
  8. Б.Баттулга /УИХ-ын гишүүн асан/
  9. Б.Нармандах /тагнуулын байгууллагад ажиллаж байсан/
  10. С.Энхцэцэг  /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал/
  11. Ж.Хунан /Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан/
  12. Г.Нарантуяа /ХЭҮК-т ажиллаж байсан, Газрын тосны газарт мөн мэргэжилтэн байсан/
  13. Д.Сүнжид /багш/
  14. С.Энхбаяр /Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан/
  15. Ц.Адъяахишиг /Талх чихэр”, Хууль зүйн яаманд ажиллаж байсан/

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад

  1. Ш.Цогтбаатар /цагдаагийн байгууллагад ажиллдаг/
  2. П.Оюунчимэг/ХЭҮК-т ажилладаг/
  3. Д.Цэнд-Аюуш /прокурор/

Харин сонгон шалгаруулалтыг хийхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг дараах таван хүнийг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэхээс татгалзсан байдаг. Үүнд,

  1. Б.Эрдэнэзул
  2. Д.Мөнхбаяр
  3. Ж.Баттогтох
  4. Н.Ганхуяг
  5. Ч.Сэмжидмаа нарыг багтаажээ.

Үндэслэлээ ажлын хэсэг нэр дэвших болзол хангахгүй байна гэж үзсэн билээ. Үүгээр ХЭҮК-ын таван гишүүнд 15, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүнд тус бүр 4 хүн нэрээ дэвшүүлж өрсөлджээ. Гишүүдэд хууль зүйн өндөр мэргэшилтэй байх шаардлага тавигдсаны дагуу хуулийн салбарт ажилладаг хүмүүс түлхүү нэрээ дэвшүүлсэн байгаа  юм.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд нь хүний эрхийн манаач байх ёстой. Улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага. Хуулиар олгогдсон энэ эрхийг нь хүндэтгэж, УИХ яаралтай хуулиа хэрэгжүүлж, хүний эрхийн манаач нарыг томилно уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж