Б.Оюунбилэг ”Азийн охидын шагнал 2020”-иос шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

Б.Оюунбилэг ”Азийн охидын шагнал 2020”-иос шагнал хүртлээ

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Монгол улсаас шалгарсан Б.Оюунбилэг охинд шагналыг нь гардууллаа

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө 2020 оны аравдугаар сарын 02-ны өдөр Тайванийн төрийн бус байгууллага болох “Лишөн сан” (The Garden of Hope Foundation)-г төлөөлөн найм дахь удаагийн “Азийн охидын шагнал”-ын “Олон нийтийн хөгжлийн шагнал” төрөлд  (8th Asian Girl Awards-Community Development Award) Монгол улсаас шалгарсан Базарын Оюунбилэгт шагналыг нь гардуулан өглөө. Б.Оюунбилэг нь өнгөрсөн 2019 онд ахлах сургуулиа төгссөн бөгөөд “Гүнж төв” (Princess Center)-ийн гишүүн юм.

Өөрийн хүчин чармайлтын үр дүнд уг шагналыг хүртээд буй Б.Оюунбилэг энэхүү шагнал нь зөвхөн өөрт нь төдийгүй Монголын бусад охидод ч туйлын чухал ач холбогдолтой болохыг дурдлаа. “Азийн охидын шагнал”нь түүнд илүү ихийг хийх хүсэл эрмэлзэл төрүүлээд зогсохгүй түүнд болоод бусад охидод өөрсдийн хүсэл мөрөөдлийн төлөө зоригтойгоор урагшлах урам зоригийг өгч буй юм.

Б.Оюунбилэг нь ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа “Байгальд ээлтэй клуб” болон онлайн эко дэлгүүрийг байгуулж байсан. Үүний дараагаар тэрбээр “Дарагдсан амьдрал-Ирээдүйн эмэгтэйчүүдийг чадавхжуулах төсөл” (Buried Life-Empowering Future Women Project)-ийг хөгжүүлж, интернэт технологиор дамжуулан нийгмийг мэдлэгээр хангаж, боловсрол олгон, түүгээр дамжуулан нийгмийг эдгээн, хүмүүст итгэл найдвар авчирч байгаа билээ. Мөн тэрбээр амьдралын түвшин тааруу 10-15 насны залуу охидод англи хэл зааж байсан төдийгүй боловсрол бол хүчирхэг зэвсэг бөгөөд гарал үүсэл хамаарахгүй хүн бүхэн бүгд эрх тэгш боловсролыг хүртэх ёстой гэдэгт итгэдэг.

Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ энэ жилийн “Азийн охидын шагнал” гардуулах ёслолын ажиллагаа Тайваньд зохиогдох байсан боловч цар тахлаас үүдэн Тайваниас гадаад улсад суугаа төлөөлөгчийн газруудаар дамжуулан зохион байгуулж буйг онцлов. Гэсэн хэдий ч Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газар тайванийн амтат давсалсан тахиа, бөмбөлөгтэй цайг тусгайлан бэлтгэн, цар тахлын улмаас Тайваньд биечлэн очиж шагналаа гардах боломжгүй оролцогч болон хүрэлцэн ирсэн зочдод тайвань амтыг хамтдаа мэдрэх боломжийг бүрдүүлж өгсөн юм. Мөн хатагтай Грэйс Ж.Р.Лүө энэ удаагийн хөтөлбөрт Тайланд, Филиппин, Япон зэрэг олон улсын охид эмэгтэйчүүд оролцсоныг дурдаад, Оюунбилэгийн хичээл зүтгэл үнэлэгдсэнд баяр хүргэж, түүний шагнал хүртэж буй явдал нь улам олон монгол хүн охидын боловсролыг чухалчлан үзэж, охидод эрх тэгш эрх ба сонгох эрхээ эдлэх боломжийг олгоход уриалан, олон охидыг өөрсдийн мөрөөдлийн төлөө явахад нь дэмжлэг болно хэмээн найдаж буйгаа илэрхийллээ.

“Азийн охидын шагнал” нь “Азийн охидын эрх”хөдөлгөөний нэг хэсэг бөгөөд 2011 онд НҮБ-аас жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” (International Day of the Girl) болгохыг уриалсны дагуу Тайванийн “Лишөн сан” 2012 оноос “Азийн охидын эрх”хөдөлгөөнийг зохион байгуулж эхлэн “Формоса (Formosa) охидын шагнал” ба “Азийн охидын шагнал”-ын сонгон шалгаруулалт, шагнал гардуулах үйл ажиллагааг хамтад нь зохион байгуулсаар иржээ. “Азийн охидын шагнал” нь дотроо Хүний эрхийн шагнал (Human Rights Award), Олон нийтийн хөгжлийн шагнал (Community Development Award),  Нийгмийн инновацийн шагнал (Social Innovation Award) гэсэн гурван төрөлд хуваагддаг.

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө шагнал гардуулах бяцхан цайллагын үеэр Б.Оюунбилэгт баяр хүргэж, урамшуулж буй нь.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж