"Азийн улс орнуудтай нягт хамтын ажиллагааг тэлэхэд анхаарч байна"

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

"Азийн улс орнуудтай нягт хамтын ажиллагааг тэлэхэд анхаарч байна"

"Азийн улс орнуудтай нягт хамтын ажиллагааг тэлэхэд анхаарч байна"

Монгол Улсын хувьд хилээ нээгээгүй ч өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг цуцлаагүй, хилээ нээгээгүй. Цар тахлын аюул дэлхий нийтийг нөмрөөд буй энэ цаг үед Монгол Улс өндөр дээд хэмжээний айлчлалуудыг  зохион байгуулах болсон нь гадаад худалдааг тэлж, эдийн засгийг сэргээх чухал ач холбогдолтой хэмээн Гадаад харилцааны яамнаас үзэж байна. Энэ талаар тус яамны  Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Э.Сарантогосоос тодрууллаа. 


Цар тахлын үед Монгол Улс гадаад айлчлалыг зохион байгуулж байна. Цаашид гадаад айлчлалыг үргэлжлүүлэн сэргээх үү?

-Дэлхий нийтийг коронавируст халдварын эрсдэл нүүрлээд буй энэ цаг үед улс орнуудын харилцаа хамтын ажиллагааг нээх нь чухал байна гэдгийг улс орнууд илэрхийлж байна. Монгол Улс цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад бусад улс орнуудтай, ялангуяа Азийн улс орнуудтай нягт хамтын ажиллагааг тэлэхэд анхаарч байна.  Гадаад айлчлал нь манай улсад хэрэгжүүлж буй мега төслүүдийг урагшлуулахад бусад улс орнуудтай хэлэлцээр хийхэд чухал ач холбогдолтой. Энэ ч үүднээс сүүлийн үед Гадаад хэргийн сайд нарын түвшинд олон удаагийн айлчлал, хэлэлцээр зохион байгуулж байна.  Жишээ нь, Монгол, Японы стратегийн түншлэлийг харахад Гадаад хэргийн сайд нар жилд хоёр удаа уулзаж хэлэлцээр хийдэг уламжлалтай. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогыг тэлж байна гэж ойлгож болно.

-Гадаад айлчлалуудыг сэргээснээр  эдийн засгийг сэргээх чухал хөшүүрэг нь болох уу?

-Гадаад айлчлал нь эдийн засаг, гадаад худалдаа сэргэхэд шууд ач холбогдолтой. Цар тахлын улмаас хумигдаж буй эдийн засгийг сэргээх, гадаад худалдааг тэлэх зэрэг улс оронд нүүрлэж буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад биднээс үл шалтгаалах давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг улс орнууд хамтдаа даван туулах тухай асуудлыг гадаад айлчлалуудын үр дүнд шийднэ. Энэ чиглэлээр Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад айлчлах үеэр хийх хэлэлцээрт тусгасан. Хэлэлцээрийн чухал байр суурийг эдийн засгийг сэргээх, гадаад худалдааг тэлэх асуудал эзэлж байна. Богино хугацаанд эдийн засгийг сэргээх тухай ч эдгээр айлчлалуудаар ярина. Аливаа улсын гадаад хэргийн сайд улс орноо төлөөлж бүхий л салбарын хамтын ажиллагааг ярих эрхтэй байдаг. Энэ утгаараа аливаа улсын хооронд гадаад хэргийн сайд нарын дипломат шугамаар  яригдах хэлэлцээр чухал ач холбогдолтой.

-Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9,10-нд манай улсад айлчилна. Айлчлалын үеэр хэлэлцэх хамгийн чухал асуудал нь юу байх вэ?

Цар тахлын улмаас бид зарим төслийг хэрэгжүүлж чадахгүй байгаа ч Монгол, Япон хоёр орны хэлэлцээрээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн визийг зөөлрүүлэх тухай яригдах болов уу. Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Япон улс гадаад улсын иргэд урт хугацаанд оршин суух виз олголтыг зогсоогоод байсныг сэргээж байна. Олзуурхууштай нь, гадаад улсын иргэдэд урт хугацаанд оршин суух виз олгохдоо Монгол Улсыг эхний улс орнуудад хамруулж байгаа. Засгийн газрын түвшинд хоёр улсын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд бусад салбаруудад ажиллах хүч бэлтгэх талаар хэлэлцэнэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж