Хоёр сайдыг ЭМД-ийн зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

Хоёр сайдыг ЭМД-ийн зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.06/ хуралдаан 11.00 цаг 10 минутад 52.9 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэв.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн ирцийг танилцуулснаар хэлэлцэх асуудалдаа орж, “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаан даргалагч Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан тогтоолын төслийг хэлэлцэж байгааг тэмдэглээд,  төслийг танилцуулав. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ч.Ундрам, Д.Сарангэрэл, С.Ганбаатар нар үг хэлж, асуулт асуулаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид тус зөвлөлийн дарга болон гишүүнээр Засгийн газрын гишүүдийг томилох нь зохимжгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсдэг хэмээн байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл  Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэх саналтай байгаагаа тэмдэглээд, боломжтой байгаа энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахыг Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдох албан тушаалтнуудаас хүсэв.

Ийнхүү хэлэлцээд С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 88.9 хувийн саналаар дэмжлээ. Мөн Засгийн газрын гишүүн А.Ариунзаяа, Т.Мөнхсайхан нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Засгийн газрын гишүүн Т.Мөнхсайханыг томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 88.9 хувийн саналаар дэмжив.

Хэлэлцүүлгийг явуулж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулахаар тогтон хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж