Өнгөрсөн долоо хоногт Гадаад хэргийн яамны зөвлөмжийг үл тоон дэлгүүр хэсэхийн тулд нөхөр нь АНУ-руу ниссэнээс болж БНСУ-ын гадаад хэргийн сайд Кан Гён Хуа маш их шүүмжлэлд өртөж байгаа билээ.
Кан Гён Хуагийн нөхөр, их сургуулийн профессор И Ил Бён шинэ дарвуулт завь худалдаж авахаар АНУ-д аялсан талаар мэдээлэл ил болмогц иргэд нь ихээр шүүмжлэх болжээ. Учир нь, цар тахлаас болж маш олон солонгос ажилгүй болж байгаа ч Гадаад хэргийн яамнаас зөвхөн нэн шаардлагатай тохиолдолд гадаадад зорчих зөвшөөрөл өгч байгаа билээ.
Энэ талаар "Чусон Илбу" сонинд хатагтай Канг “хоёр нүүртэй” хэмээн бичиж, ард иргэдийг цар тахлын тархалтыг зогсоохын төлөө Солонгосын хамгийн чухал ургацын баярыг тэмдэглэхгүй байхыг тушаасан хэдий ч нөхөртөө АНУ-д очиж шинэ дарвуулт завь худалдан авахыг зөвшөөрсөн гэж буруутгажээ. Зүүнийг баримтлагч Ардчилсан намын гишүүн тэрбээр өмнө нь ард иргэддээ “Хүмүүсийн хувийн амьдрал бол давуу эрх биш” гээд бүх хүмүүсийг гэрээс гарахгүй байхыг уриалж байсан юм.
Харин нутгийн хэвлэлүүдийн олж мэдсээр түүний нөхөр И Ил Бён хоёрдугаар сард долоо хоногийн хугацаатай Вьетнамд аялаж, удалгүй дахин Мартиникийн арлын Францын эзэмшлийн хэсэгт очиж, зургадугаар сард тэндээсээ Грек рүү аялсан болохыг олж мэджээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-руу нисэх бэлтгэлээ хангаж байхад нь телевизүүд очин ярилцлага авахад тэрбээр “Коронавирусийн цар тахал мөд арилахгүй. Тиймээс би үргэлж гэртээ суугаад байж тэвчихгүй нь. Би бусад хүмүүсийн амьдралыг бодох албагүй, зөвхөн өөрийнхөөрөө амьдармаар байна” хэмээн ярьжээ. Харин дараа өдөр нь Гадаад хэргийн сайд Кан сэтгүүлчдэд “Нөхрийн минь гадаад орнуудад аялсныг уучлаарай. Тэр энэ аялалуудаа маш удаан бодож төлөвлөсөн ч цар тахлаас болж хэд хэдэн удаа хойшлуулсан юм. Тиймээс энэ удаа түүнийг битгий яв гэж хэлж би чадсангүй ээ” хэмээн ярьсан байна.
Ардчилсан намын өрсөлдөгч Ардын намын зүгээс И Ил Бёны дээрх үйлдлийг эрс буруушааж, “Ард иргэдийн жижиг дунд бизнесүүд хөл хорионоос болж эргэн сэргэхгүйгээр дампуурч байхад сайдын нөхөр шинэ дарвуулт завь худалдаж авахаар АНУ-руу аялаж байна” хэмээн "Чусон Илбу" сонинд ярилцлага өгчээ.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ