Монгол Улсын хууль барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Монгол Улсын хууль барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай

2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот

 
      НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл     
 
      1 дүгээр зүйл. Хуулийн зорилт     
 
     1.1. Энэ хуулийн зорилт нь бараа, үйлчилгээний тэмдэг /цаашид “барааны тэмдэг” гэх/, газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, түүнийг эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.     
 
      2 дугаар зүйл. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомж     
 
     2.1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.     
 
     2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.     
 
      3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт     
 
     3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:    
 
     3.1.1. "барааны тэмдэг" гэж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусдын бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг;     
 
     3.1.2. "хамтын тэмдэг" гэж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нэгдсэн хяналтын дор ашиглах барааны тэмдгийг;     
 
     3.1.3. “гэрчлэх тэмдэг” гэж тухайн бараа, үйлчилгээний чанар, үйлдвэрлэх арга, бусад онцлог шинж чанарыг тэмдэг эзэмшигч гэрчлэн бусад этгээдэд ашиглуулах барааны тэмдгийг;     
 
     3.1.4. “газар зүйн заалт” гэж тухайн барааны чанар, нэр хүнд, онцлог бусад шинж чанар нь түүний газар зүйн гарал үүсэлтэй салшгүй холбоотойг илэрхийлсэн, тус барааг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрийг;     
 
     3.1.5. "бүртгэгдсэн тэмдэг, газар зүйн заалт" гэж оюуны өмчийн байгууллага хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон барааны тэмдэг, газар зүйн заалтыг;     
 
     3.1.6.”гэрчилгээ” гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн онцгой эрхийг зөвшөөрч, төрөөс олгож байгаа баримт бичгийг;     
 
     3.1.7. "барааны тэмдэг эзэмшигч" гэж бүртгэгдсэн тэмдгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг;     
 
     3.1.8. “газар зүйн заалт хэрэглэгч” гэж газар зүйн заалтыг өөрийн бараанд ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг;     
 
     3.1.9. "мэдүүлэг" гэж барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгүүлэхийг хүссэн иргэн, хуулийн этгээдээс оюуны өмчийн байгууллагад гаргаж байгаа өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг;     
 
     3.1.10. "шүүлт" гэж тухайн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуульд заасан шаардлага хангасан эсэх, тэдгээртэй ижил төстэй тэмдэг, газар зүйн заалт өмнө нь бүртгэгдсэн эсэх талаар оюуны өмчийн байгууллагын эрх бүхий шинжээчийн хийх магадлагааг;     
 
     3.1.11. “нийтэд түгээмэл болсон тэмдэг” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тухайн салбарт нийтэд танил болсон тэмдгийг;     
 
     3.1.12. "лиценз" гэж барааны тэмдэг эзэмшигч бүртгэгдсэн тэмдгээ бусдад ашиглуулахаар өгсөн зөвшөөрлийг;     
 
     3.1.13. "анхдагч огноо" гэж энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийг оюуны өмчийн байгууллагад анх өгсөн он, сар, өдрийг;     
 
     3.1.14. "давамгайлах огноо" гэж барааны тэмдгийг Парисын конвенцийн гишүүн болон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн аль нэг оронд бүртгүүлэхээр өгсөн, эсхүл уг конвенцийн 4 дүгээр зүйлд заасны дагуу давуу эрх авахыг хүссэн он, сар, өдрийг;     
 
     3.1.15. "олон улсын ангилал" гэж 1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ниццийн хэлэлцээрээр баталсан “Барааны тэмдэг бүртгэхэд ашиглах бараа, үйлчилгээний олон улсын ангилал”-ыг;     
 
     3.1.16. “барааны тэмдгийн олон улсын бүртгэл” гэж Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Мадридын хэлэлцээр, Мадридын Протоколын дагуу Олон улсын товчооны гүйцэтгэдэг бүртгэлийг;     
 
     3.1.17. “Парисын конвенци” гэж 1883 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, нэмэлт, өөрчлөлт оруулж хянан засварласан Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийг;     
 
     3.1.18. “Мадридын хэлэлцээр” гэж 1891 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан, нэмэлт, өөрчлөлт оруулж хянан засварласан Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийг;     
 
     3.1.19. “Мадридын Протокол” гэж 1989 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийн Протоколыг;     
 
     3.1.20. “Мадридын хэлэлцээр болон Мадридын Протоколын журам” гэж уг Хэлэлцээр болон Протоколын 2002 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон Нийтлэг журмыг.     
 
      4 дүгээр зүйл. Барааны тэмдэг, газар зүйн заалтын талаархи оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг     
 
     4.1. Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “байгууллага” гэх/ нь барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэхтэй холбогдсон дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:     
 
     4.1.1. барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлгийг хүлээн авч, хянан шийдвэрлэх;     
 
     4.1.2. барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэж, гэрчилгээ олгох;     
 
     4.1.3. барааны тэмдэг, газар зүйн заалтын талаархи маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд лавлагаа өгөх;     
 
     4.1.4. хуулиар харьяалуулсан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;     
 
     4.1.5. барааны тэмдэг, газар зүйн заалтын гэрчилгээний загварыг тогтоох;     
 
     4.1.6. барааны тэмдэг, түүнтэй холбоотой гэрээ, газар зүйн заалтын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, тэдгээртэй холбоотой мэдээллийг хэвлэн нийтлэх;     
 
     4.1.7. хуульд заасан үндэслэл, журмын дагуу барааны тэмдэг, газар зүйн заалтыг хүчингүй болсонд тооцох;     
 
     4.1.8. хуульд заасан бусад чиг үүрэг.     
 
      ХОЁРДУГААР БҮЛЭГ Барааны тэмдэг, түүнийг бүртгэх, гэрчилгээ олгох  
 
      5 дугаар зүйл. Барааны тэмдгээр бүртгүүлэх зүйл, түүнд тавих шаардлага     
 
     5.1. Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно.     
 
     5.2.Дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй:     
 
     5.2.1. нийтэд дэлгэрсэн нэр томъёо, дүрс, үл ялгагдах үсэг, тоо, тэмдэгт;     
 
     5.2.2. бараа, үйлчилгээний үндсэн нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс;     
 
     5.2.3. барааны гаднах хэв маяг, сав, баглаа боодлын ердийн хэлбэр;     
 
     5.2.4. газрын зураг болон газрын зураг дээр заасан байрлал.     
 
     5.3. Дараахь зүйлийг барааны тэмдгээр бүртгэхгүй:     
 
     5.3.1. Монгол Улсын болон гадаад улсын сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, төрийн болон төрийн бус, түүнчлэн олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил буюу төсөөтэй бол;     
 
     5.3.2. нэрд гарсан хүний бүтэн ба товчилсон нэр, хөрөг, зураг, гарын үсгийг тухайн хүний буюу түүний өв залгамжлагчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан бол;     
 
     5.3.3. Монгол Улсын түүхэн хүмүүсийн нэр, зохиомол нэр, хөрөг, зураг, тэдгээрт шууд хамаарах төсөөллийн нэрийг гутаах байдлаар ашигласан бол;     
 
     5.3.4. Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийн нэр, дүрсийг гутаах байдлаар ашигласан бол;     
 
     5.3.5. төрийн одон, медаль болон бусад шагнал, баталгаа, хяналтын албан ёсны тэмдэг, дардастай ижил буюу төсөөтэй бол;     
 
     5.3.6. агуулга нь нийгмийн дэг журам, зан суртахуунд харш бол;     
 
     5.3.7. бараа, үйлчилгээний чанар, чансаа, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй буюу худал зүйл бол.     
 
     5.4. Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй:     
 
     5.4.1. Монгол Улсад бүртгэгдсэн буюу бүртгүүлэхээр мэдүүлсэн адил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил бол;     
 
     5.4.2. Монгол Улсад бүртгэгдсэн буюу бүртгүүлэхээр мэдүүлсэн нэг төрлийн бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил буюу төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй бол;     
 
     5.4.3. бараа, үйлчилгээний төрөл, бүртгэгдсэн эсэхээс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил буюу төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар бол;     
 
     5.4.4. бусдын зохиогчийн эрх буюу аж үйлдвэрийн өмчийн эрхтэй зөрчилдөхөөр бол.     
 
      6 дугаар зүйл. Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах     
 
     6.1. Барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн мэдүүлэг /цаашид “мэдүүлэг” гэх/-ийг оюуны өмчийн байгууллагад монгол хэлээр гаргах бөгөөд мэдүүлэгт дараахь зүйлийг тусгана:     
 
     6.1.1. барааны тэмдэг бүртгүүлэх тухай хүсэлт;     
 
     6.1.2. мэдүүлэг гаргагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, харъяалал, байнга оршин суудаг буюу үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, мэдүүлэг гаргасан он, сар, өдөр;     
 
     6.1.3. мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, хаяг, зохион байгуулалтын хэлбэр, тамга, тэмдэг, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг;     
 
     6.1.4. мэдүүлэг гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байвал түүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, мэдүүлэг гаргагч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг;     
 
     6.1.5. давамгайлах огноо хүсэх тохиолдолд урьд өмнө гаргаж байсан мэдүүлгийн тухай мэдэгдэл;     
 
     6.1.6. барааны тэмдгийг өнгө зааж буюу эзлэхүүний хэлбэрээр бүртгүүлэхийг хүсвэл энэ тухай мэдэгдэл;     
 
     6.1.7. барааны тэмдэг нь хамтын буюу гэрчлэх тэмдэг байвал энэ тухай мэдэгдэл;     
 
     6.1.8. барааны тэмдгийн дүрс;     
 
     6.1.9.барааны тэмдэг нь кирилл, латинаас өөр үсгээр илэрхийлэгдсэн бол тухайн тэмдгийн кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга;     
 
     6.1.10. олон улсын ангиллын дагуу ангилсан тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний нэр.     
 
     6.2. Мэдүүлэг нь зөвхөн нэг барааны тэмдэгт хамаарна.     
 
      7 дугаар зүйл. Мэдүүлгийн анхдагч огноог тогтоох     
 
     7.1. Оюуны өмчийн байгууллага нь мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш 2О хоногийн дотор түүний бүрдлийг хянаж, энэ хуулийн 6.1-д заасан шаардлага хангасан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтооно.     
 
     7.2. Оюуны өмчийн байгууллага мэдүүлгийг энэ хуулийн 6.1-д заасан шаардлага хангаагүй гэж үзвэл 2 сарын дотор холбогдох нэмэлт, засвар хийхийг бичгээр мэдэгдэх бөгөөд энэ хугацаанд зохих нэмэлт, засвар хийж ирүүлсэн бол мэдүүлгийн анхдагч огноог түүнийг анх хүлээн авсан өдрөөр тогтооно.     
 
     7.3. Энэ хуулийн 7.2-т заасан хугацаанд нэмэлт, засвар хийж ирүүлээгүй бол тухайн мэдүүлгийг оюуны өмчийн байгууллага хүлээн авсанд тооцохгүй ба хугацаа хожимдуулж нэмэлт, засвар хийсэн бол шинээр мэдүүлэг гаргах журмын дагуу анхдагч огноог тогтооно.     
 
     7.4. Барааны тэмдэг бүртгүүлэхээр хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд тухайн барааг албан ёсны үзэсгэлэнд тавьснаас хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргасан бол барааг үзэсгэлэнд тавьсан өдрөөр анхдагч огноог тогтоох бөгөөд үзэсгэлэнд оролцсон тухай нотлох баримтыг мэдүүлэгтээ хавсаргасан байна.     
 
      8 дугаар зүйл. Мэдүүлэгт шүүлт хийх     
 
     8.1. Оюуны өмчийн байгууллага нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийн анхдагч огноог тогтоосны дараа тухайн тэмдэг барааны тэмдэгт тооцогдох эсэх, бүртгэж болох эсэхэд шүүлт хийнэ.     
 
     8.2. Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч барааны тэмдгийг өөрчлөхөөс бусад өөрчлөлтийг мэдүүлэгтээ хийж болох бөгөөд бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтад нэмэлт хийх бол шинээр мэдүүлэг гаргана.     
 
     8.3. Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч нь бараа, үйлчилгээний нэгээс дээш ангилалд хамаарах мэдүүлгийг салгаж тус тусад нь гаргаж болно.     
 
     8.4. Оюуны өмчийн байгууллага нь мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 12 сарын дотор шүүлтийн дүгнэлтэд үндэслэн барааны тэмдгийг бүртгэх эсэх талаар шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.     
 
     8.5. Барааны тэмдэг нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл оюуны өмчийн байгууллага энэ талаар бичгээр мэдэгдэх бөгөөд мэдүүлэг гаргагч нь 3 сарын дотор үндэслэл бүхий хариу ирүүлээгүй бол барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах шийдвэр гаргана.     
 
     8.6. Оюуны өмчийн байгууллага нь барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан бол мэдүүлэг, шүүлтийн дүгнэлтийн хуулбарыг уг шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.     
 
     8.7.Мэдүүлэг гаргагч нь шинжээчийн гаргасан шүүлтийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдлоо барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор оюуны өмчийн байгууллагад гаргаж болно.     
 
      9 дүгээр зүйл. Барааны тэмдгийг бүртгэх, гэрчилгээ олгох     
 
     9.1. Оюуны өмчийн байгууллага нь барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгож, мэдүүлгийг нь барааны тэмдгийн санд хадгална.     
 
     9.2. Барааны тэмдгийн улсын бүртгэл болон гэрчилгээнд түүнийг эзэмшигчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, эрхэлдэг үйл ажиллагаа, барааны тэмдгийн дүрс, онцлог шинж чанар, олон улсын ангиллын дагуу ангилсан тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт, мэдүүлгийн анхдагч огноо, гэрчилгээ хүчинтэй байх хугацааг заана.     
 
     9.3. Оюуны өмчийн байгууллага нь бүртгэгдсэн барааны тэмдгийн ном зүй, дүрсийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтэлнэ.     
 
      10 дугаар зүйл. Барааны тэмдгийн бүртгэл хүчинтэй байх хугацаа, түүнийг сунгах     
 
     10.1. Барааны тэмдгийн бүртгэл нь анхдагч огнооноос эхлэн 1О жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн хугацааг тухай бүр 10 жилээр сунгаж болно.     
 
     10.2. Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай хүсэлтийг тухайн бүртгэл хүчинтэй байх сүүлийн 1 жилд багтаан оюуны өмчийн байгууллагад гаргана.     
 
     10.3.Энэ хуулийн 10.2-т заасан хугацаанд бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргаагүй бол бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор хүсэлт гаргаж болно.     
 
     10.4. Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгахад барааны тэмдгийг өөрчлөхгүй бөгөөд бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтад нэмэлт хийхгүй.     
 
     10.5. Барааны тэмдэг эзэмшигчийн нэр, хаяг өөрчлөгдөх бүрт ийнхүү өөрчлөлт орсон өдрөөс хойш 6 сарын дотор оюуны өмчийн байгууллагад бичгээр мэдэгдэн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэж, гэрчилгээг солиулна.     
 
     10.6. Барааны тэмдгийн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгасан, эсхүл барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бол оюуны өмчийн байгууллага энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтэлнэ.     
 
      11 дүгээр зүйл. Барааны тэмдгийн бүртгэлийн хураамж     
 
     11.1. Барааны тэмдгийн гэрчилгээ олгох, бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгахад Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд3 заасан хувь хэмжээгээр хураамж төлнө.     
 
     11.2. Хураамжийг барааны тэмдгийн гэрчилгээ олгох, барааны тэмдгийн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгах тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 3 сарын дотор төлнө.     
 
      12 дугаар зүйл. Хамтын тэмдэг     
 
     12.1.Тухайн барааны тэмдгийг хамтын тэмдгээр бүртгүүлэх хүсэлтэй этгээд хамтын тэмдгийн мэдүүлгийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу гаргах бөгөөд түүнд дараахь зүйлийг хавсаргана:     
 
     12.1.1. хамтын тэмдгийг ашиглах журам;     
 
     12.1.2. хамтын тэмдгийг нэгдсэн хяналтын дор ашиглах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэрсийн жагсаалт.     
 
     12.2. Хамтын тэмдгийг ашиглах журамд тухайн тэмдгийг ашиглахад хяналт тавих этгээдийн нэр, хаяг, зорилго, гишүүнээр элсэх нөхцөл, хамтын тэмдгийг ашиглах зорилго, нөхцөл, ашиглахад тавих шаардлага, хяналт, журмыг зөрчиж ашигласан тохиолдолд хүлээх хариуцлагыг тусгана.     
 
     12.3. Хамтын тэмдгийн эзэмшигч нь тухайн тэмдгийг ашиглахад хяналт тавих этгээд байх бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч гишүүд нь хамтын тэмдгийг нэгдсэн хяналтын дор зөвхөн ашиглах эрхтэй байна.     
 
     12.4. Хамтын тэмдэг эзэмшигч болон ашиглагч нь уг тэмдгийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй.     
 
     12.5. Хамтын тэмдэг эзэмшигч болон ашиглагч нь тухайн тэмдэг, түүнтэй төсөөтэй тэмдгийг хууль бусаар ашигласны улмаас учирсан хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй.     
 
      13 дугаар зүйл. Гэрчлэх тэмдэг     
 
     13.1. Тухайн барааны тэмдгийг гэрчлэх тэмдгээр бүртгүүлэх хүсэлтэй этгээд гэрчлэх тэмдгийн мэдүүлгийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу гаргах бөгөөд түүнд дараахь зүйлийг хавсаргана:     
 
     13.1.1. гэрчлэх тэмдгийг ашиглах журам;     
 
     13.1.2. гэрчлэх байгууллага мөн болохыг нотолсон баримт бичиг.     
 
     13.2. Гэрчлэх тэмдгийг ашиглах журамд тухайн гэрчлэх байгууллагын нэр, хаяг, гэрчлэх бараа, үйлчилгээний чанар, стандарт, үзүүлэлт, бусад онцлог шинж чанарын шаардлага, тухайн бараа, үйлчилгээг гэрчлэх журам, гэрчлэх тэмдгийг ашиглах нөхцөл, ашиглахад тавих шаардлага, хяналт, өөр зорилгоор тэмдгийг ашигласан тохиолдолд хүлээх хариуцлагыг тусгана.     
 
     13.3. Гэрчлэх тэмдэг эзэмшигч нь тухайн бараа, үйлчилгээний онцлог шинж чанарыг гэрчлэх байгууллага байх бөгөөд зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд гэрчлэх тэмдгийг зөвхөн ашиглах эрхтэй байна.     
 
     13.4. Гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй этгээд нь уг тэмдгийг бусад этгээд хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй бөгөөд ингэхдээ эзэмшигчийн зөвшөөрлийг авна.     
 
     13.5. Гэрчлэх тэмдэг эзэмшигч нь гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй этгээдийн өмнөөс тухайн тэмдэг, түүнтэй төсөөтэй тэмдгийг бусад этгээд хууль бусаар ашигласны улмаас учирсан хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй.     
 
     13.6. Гэрчлэх тэмдэг нь газар зүйн заалтаас бүрдсэн бөгөөд барааны гарал үүслийг гэрчилж байвал уг тэмдэгт энэ хуулийн газар зүйн заалтыг хамгаалахтай холбогдсон заалтууд нэгэн адил хамаарна.     
 
      14 дүгээр зүйл. Хамтын тэмдэг, гэрчлэх тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийх, гэрчилгээ олгох     
 
     14.1. Хамтын тэмдэг, гэрчлэх тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийх, бүртгэх, гэрчилгээ олгоход энэ хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.     
 
     14.2. Оюуны өмчийн байгууллага нь хамтын тэмдэг, гэрчлэх тэмдгийн ном зүйг тэдгээрийг ашиглах журмын хамт хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтэлнэ.     
 
      ГУРАВДУГААР БҮЛЭГ Газар зүйн заалт, түүнийг бүртгэх, гэрчилгээ олгох     
 
      15 дугаар зүйл. Газар зүйн заалт, түүнд тавих шаардлага     
 
     15.1. Барааны гарал үүслийг тодорхойлсон тухайн газар нутгийн нэрийг газар зүйн заалтаар бүртгэнэ.     
 
     15.2. Дараахь зүйлийг газар зүйн заалтад тооцохгүй:     
 
     15.2.1. энэ хуулийн 3.1.4-т заасан тодорхойлолтод хамаарахгүй бол;     
 
     15.2.2. үйлдвэрлэсэн газраас үл хамааран Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн төрлийн барааны ерөнхий нэр болсон бол.     
 
     15.3. Дараахь газар зүйн заалтыг бүртгэхгүй:     
 
     15.3.1. Монгол Улсад бүртгэгдсэн адил бараанд хэрэглэх газар зүйн заалт буюу барааны тэмдэгтэй ижил бол;     
 
     15.3.2. Монгол Улсад бүртгэгдсэн нэг төрлийн бараанд хэрэглэх газар зүйн заалт, барааны тэмдэгтэй ижил буюу төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй бол;     
 
     15.3.3. барааны төрөл, бүртгэгдсэн эсэхээс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил буюу төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар бол.     
 
      16 дугаар зүйл. Газар зүйн заалтын мэдүүлэг гаргах     
 
     16.1. Тухайн газар нутагт түүнээс хамаарах онцлог шинж чанартай бараа үйлдвэрлэдэг иргэн, хуулийн этгээд нь газар зүйн заалтыг бүртгүүлэх мэдүүлгийг оюуны өмчийн байгууллагад гаргах бөгөөд мэдүүлэгт дараахь зүйлийг тусгана:     
 
     16.1.1. газар зүйн заалт бүртгүүлэх тухай хүсэлт;     
 
     16.1.2. мэдүүлэг гаргагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, харъяалал, байнга оршин суудаг буюу үйлдвэрлэл явуулдаг улсын нэр;     
 
     16.1.3. мэдүүлэг гаргагч хуулийн этгээд бол түүний оноосон нэр, хаяг, зохион байгуулалтын хэлбэр;     
 
     16.1.4. мэдүүлэг гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байвал түүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг ;     
 
     16.1.5. газар зүйн заалтын нэр;     
 
     16.1.6. тухайн газар нутгийн газар зүйн байршил;     
 
     16.1.7. барааны нэр;     
 
     16.1.8. барааны онцлог шинж чанарын тодорхойлолт болон газар зүйн нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай тайлбар.     
 
     16.2. Газар зүйн заалтын мэдүүлэгт дараахь зүйлийг хавсаргана:     
 
     16.2.1. тухайн газар нутагт үйлдвэрлэл эрхэлдгийг нотолсон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт;     
 
     16.2.2. мэдүүлгийг гадаадын иргэн, хуулийн этгээд гаргаж байгаа бол тухайн газар зүйн заалтыг уг бараа анх үүссэн, эсхүл анх үйлдвэрлэгдсэн улс, бүс, газар нутагт хамгаалагдсаныг нотолсон баримт;     
 
     16.2.3.мэдүүлгийг дотоодын хуулийн этгээд гаргаж байгаа бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.     
 
     16.3. Газар зүйн заалтын мэдүүлгийг хэд хэдэн этгээд хамтран гаргаж болно.     
 
     16.4. Газар зүйн заалтыг энэ хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд гадаад оронд уг газар зүйн заалтад эрхийн хамгаалалт хүсч байгаа тохиолдолд тухайн орны хууль тогтоомжийн дагуу эрхийн хамгаалалт эдэлнэ.     
 
      17 дугаар зүйл. Газар зүйн заалтын мэдүүлгийн анхдагч огноог тогтоох, шүүлт хийх     
 
     17.1. Газар зүйн заалтын мэдүүлгийн анхдагч огноог тогтоох, уг мэдүүлэгт шүүлт хийхдээ энэ хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан журмыг баримтална.     
 
      18 дугаар зүйл. Газар зүйн заалтыг бүртгэх, гэрчилгээ олгох     
 
     18.1. Оюуны өмчийн байгууллага нь газар зүйн заалтыг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг газар зүйн заалтын улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгож, мэдүүлгийг нь газар зүйн заалтын санд хадгална.     
 
     18.2. Газар зүйн заалтын улсын бүртгэл болон гэрчилгээнд газар зүйн заалт хэрэглэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, газар зүйн заалтын нэр, онцлог шинж чанар, барааны нэр, гэрчилгээ олгох тухай шийдвэрийн дугаар, огноо, мэдүүлгийн анхдагч огноог заана.     
 
     18.3. Газар зүйн заалтын бүртгэлийн хураамжийг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу төлнө.     
 
     18.4. Газар зүйн заалтын бүртгэл нь мэдүүлгийн анхдагч огнооноос эхлэн хүчинтэй байх бөгөөд тодорхой хугацаагаар хязгаарлагдахгүй.     
 
     18.5. Оюуны өмчийн байгууллага нь газар зүйн заалтын нэр, ном зүйг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтэлнэ.     
 
      ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрх, барааны тэмдэг, газар зүйн заалтыг ашиглах     
 
      19 дүгээр зүйл. Барааны тэмдэг эзэмшигчийн эрх     
 
     19.1. Бүртгэгдсэн барааны тэмдэг эзэмшигч нь тухайн тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ:     
 
     19.1.1. бүртгэгдсэн тэмдгээ өмчлөх /эзэмших, ашиглах, захиран зарцуулах/;     
 
     19.1.2. өөрийн бараа, үйлчилгээнд бүртгэгдсэн тэмдгийг ашиглах;     
 
     19.1.3. тэмдгийг бусдад лицензийн гэрээгээр ашиглуулах;     
 
     19.1.4. барааны тэмдгийг бусдад шилжүүлэх;     
 
     19.1.5. бүртгэгдсэн тэмдгийн талаар оюуны өмчийн байгууллагаас лавлагаа, нотолгоо гаргуулж авах;     
 
     19.1.6. бүртгэгдсэн тэмдгийг бусад этгээд хууль бусаар ашиглаж эрхийг нь зөрчсөн бол уг үйлдлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шаардах;     
 
     19.1.7. бүртгэгдсэн тэмдэгтэй ижил буюу төсөөтэй тэмдгийг бусад этгээд ашиглахыг зогсоох, учруулсан хохирлыг арилгуулахыг шаардах.     
 
     19.2. Энэ хуулийн 19.1.7-д заасан эрх нь бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө түүнтэй ижил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд хэрэглэж байсан этгээдийн эрхийг хөндөхгүй.     
 
     19.3. Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх нь уг тэмдгийг бүртгүүлсэн бараа, үйлчилгээний жагсаалтын хүрээнд үйлчилнэ.     
 
      20 дугаар зүйл. Барааны тэмдгийг ашиглах     
 
     20.1. Дараахь үйлдлийг барааны тэмдэг ашигласан гэж үзнэ:     
 
     20.1.1.барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн;     
 
     20.1.2. барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн;     
 
     20.1.3. барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн;     
 
     20.1.4.барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан.     
 
     20.2. Барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг бүртгэгдсэнийг илэрхийлэх дугуй хүрээтэй “R” гэсэн латин үсэг бүхий таних тэмдгийг барааны тэмдгийн хамт хэрэглэж болно.     
 
     20.3. Бүртгэгдсэн барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд уг тэмдэгтэй ижил буюу төсөөтэй тэмдгийг адил буюу нэг төрлийн бараа, үйлчилгээнд ашиглавал эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.     
 
      21 дүгээр зүйл. Барааны тэмдэг эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, барааны тэмдэг эзэмших эрх дуусгавар болох     
 
     21.1. Барааны тэмдэг эзэмшигч нь өв залгамжлал болон бусад хэлбэрээр барааны тэмдэг эзэмших эрхээ бүх буюу зарим бараа, үйлчилгээний хувьд бусдад шилжүүлж болно.     
 
     21.2. Барааны тэмдэг эзэмших эрхийг гэрээ байгуулсны үндсэн дээр шилжүүлэх бөгөөд гэрээг бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах ба талууд хүсвэл гэрээг нотариатаар гэрчлүүлж болно.     
 
     21.3. Барааны тэмдэг эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэрээг оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд бүртгүүлснээр эрх шилжсэнд тооцно.     
 
     21.4. Барааны тэмдэг эзэмших эрх дараахь үндэслэлээр дуусгавар болно:     
 
     21.4.1. хууль буюу гэрээгээр бусдад бүрэн шилжүүлсэн;     
 
     21.4.2. эзэмшигч нь нас барсан буюу нас барсан гэж зарлагдсан;     
 
     21.4.3. хуулийн этгээд татан буугдсан бөгөөд эрх нь бусдад шилжээгүй;     
 
     21.4.4. хуульд заасан бусад үндэслэл.     
 
      22 дугаар зүйл. Лицензийн гэрээ     
 
     22.1. Сонирхогч этгээд эзэмшигчтэй нь лицензийн гэрээ байгуулан барааны тэмдгийг бүх буюу зарим бараа, үйлчилгээний хувьд ашиглаж болох бөгөөд уг гэрээг оюуны өмчийн байгууллагад бүртгүүлснээр хүчинтэйд тооцно.     
 
     22.2. Лицензийн гэрээнд дараахь зүйлийг тусгана:     
 
     22.2.1.барааны тэмдгийг ашиглах хэлбэр, хүрээ, хугацаа, холбогдох бараа, үйлчилгээнд тавих чанарын шаардлага, хяналт;     
 
     22.2.2.талуудын эрх, үүрэг;     
 
     22.2.3. барааны тэмдэг ашигласны төлөө төлөх төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх журам;     
 
     22.2.4. гэрээ үйлчлэх нутаг дэвсгэрийн хүрээ.     
 
     22.3. Лицензийн гэрээг бүртгүүлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хувь хэмжээгээр хураамж төлнө.     
 
      23 дугаар зүйл. Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх     
 
     23.1. Газар зүйн заалт хэрэглэгч нь дараахь эрх эдэлнэ:     
 
     23.1.1. өөрийн бараанд газар зүйн заалтыг ашиглах;     
 
     23.1.2. газар зүйн заалтын талаар оюуны өмчийн байгууллагаас лавлагаа, нотолгоо гаргуулж авах;     
 
     23.1.3. бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд тухайн газар нутагт үйлдвэрлээгүй бараанд хэрэглэснээс барааны гарал үүслийн хувьд төөрөгдөлд оруулж болзошгүй бол уг үйлдлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, хохирлыг арилгуулахыг шаардах;     
 
     23.1.4. бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд нэг төрлийн бараанд хэрэглэснээс шударга бус давуу эрх эдлэх буюу газар зүйн заалтын нэр хүндийг гутаахаар бол уг үйлдлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, хохирлыг арилгуулахыг шаардах.     
 
      24 дүгээр зүйл. Газар зүйн заалтыг ашиглах     
 
     24.1.Дараахь үйлдлийг газар зүйн заалтыг ашигласан гэж үзнэ:     
 
     24.1.1. газар зүйн заалтыг бараа, түүний сав, баглаа боодолд хэрэглэсэн;     
 
     24.1.2. газар зүйн заалт бүхий барааг хилээр нэвтрүүлсэн;     
 
     24.1.3. тухайн бараатай холбоотой үйл ажиллагаанд хэрэглэгдэх албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан.     
 
     24.2. Газар зүйн заалтыг зөвхөн түүнийг бүртгүүлсэн этгээд өөрийн үйлдвэрлэлдээ ашиглах эрхтэй бөгөөд байнга оршин суугаа газар нь уг үйлдвэрлэл эрхлэх газар нутаг байна.     
 
     24.3.Бүртгэгдсэн газар зүйн заалтад хамаарах газар нутагт үйл ажиллагаа явуулдаг, газар зүйн заалтыг бүртгүүлэхээс өмнө мэдүүлэгт дурдсан барааг тогтмол үйлдвэрлэж байсан этгээд уг газар зүйн заалтыг үргэлжлүүлэн ашиглах эрх эдэлнэ.     
 
      25 дугаар зүйл. Газар зүйн заалтын бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болох     
 
     25.1. Газар зүйн заалтын бүртгэлийн хүчинтэй байх хугацаа нь гагцхүү тухайн барааны онцлог шинж чанар нь тухайн газар зүйн нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай шууд холбоогүй болсон тохиолдолд дуусгавар болно.     
 
      ТАВДУГААР БҮЛЭГ Барааны тэмдгийн олон улсын бүртгэл     
 
      26 дугаар зүйл. Барааны тэмдгийн олон улсын бүртгэл     
 
     26.1. Монгол Улсын нэр заасан барааны тэмдгийн олон улсын бүртгэл нь Монгол Улсад мэдүүлгийг шууд хүлээн авах, шүүлт хийх, бүртгэх журамтай нэгэн адил байх бөгөөд харин анхдагч огноог олон улсын бүртгэлийн огноогоор, эсхүл нутаг дэвсгэрийн хүрээг нэмэгдүүлэх тухай хүсэлтийн огноогоор тогтооно.    
 
     26.2. Монгол Улсад улсын бүртгэлд бүртгэгдсэн барааны тэмдэг эзэмшигч уг тэмдгээ олон улсын бүртгэлд бүртгүүлсэн бол үндэсний бүртгэлээс татгалзах тухай хүсэлтээ оюуны өмчийн байгууллагад гаргаж болно.     
 
      27 дугаар зүйл. Дотоодын тэмдгийг олон улсын бүртгэлд бүртгүүлэх     
 
     27.1. Энэ хуульд заасан журмын дагуу барааны тэмдгээ бүртгүүлсэн буюу бүртгүүлэхээр мэдүүлсэн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг болон байнга оршин суудаг аливаа этгээд уг тэмдгээ олон улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтэй бол барааны тэмдгийн олон улсын мэдүүлгийг оюуны өмчийн байгууллагаар дамжуулан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Олон улсын товчоо /цаашид “Олон улсын товчоо” гэх/-нд гаргана.     
 
     27.2. Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгийг Мадридын хэлэлцээр болон Мадридын Протоколд заасан шаардлагын дагуу бүрдүүлнэ.     
 
     27.3. Мэдүүлэг гаргагч нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн хугацааг сунгуулах, барааны тэмдэг эзэмшигчийн эрх шилжүүлэх, хүчингүй болгох, нутаг давсгэрийн хүрээг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг оюуны өмчийн байгууллагаар дамжуулан Олон улсын товчоонд гаргана.     
 
     27.4. Мэдүүлэг гаргагч нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн хураамжийг Мадридын хэлэлцээр болон Мадридын Протоколын Нийтлэг журамд заасны дагуу Олон улсын товчоонд төлнө.     
 
      ЗУРГАДУГААР БҮЛЭГ Бусад зүйл     
 
      28 дугаар зүйл. Барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох, хүчингүй болсонд тооцох     
 
     28.1. Сонирхогч этгээд энэ хуулийн 5.2, 5.3, 5.4-т заасныг зөрчиж барааны тэмдгийг, 15.2, 15.3-т заасныг зөрчиж газар зүйн заалтыг бүртгэсэн гэж үзвэл уг тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох тухай хүсэлтээ шүүхэд гаргаж болно.     
 
     28.2. Шүүх үндэслэлтэй гэж үзвэл барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж, энэ тухай оюуны өмчийн байгууллагад мэдэгдэнэ.     
 
     28.3. Оюуны өмчийн байгууллага дараахь тохиолдолд өмнө бүртгэсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг тухайн эзэмшигч, хэрэглэгчийн хувьд хүчингүй болсонд тооцно:     
 
     28.3.1. барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаагүй;     
 
     28.3.2. барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг эзэмших, газар зүйн заалтыг хэрэглэх эрхээсээ татгалзсан тухай бичгээр мэдэгдсэн;     
 
     28.3.3. барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд уг барааны тэмдгийг эзэмших, газар зүйн заалтыг хэрэглэх эрхийг өөр этгээдэд шилжүүлээгүй буюу барааны тэмдгийг лицензийн гэрээгээр ашиглуулаагүй;     
 
     28.3.4. барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй;     
 
     28.3.5. газар зүйн заалт нь тухайн барааны ерөнхий нэр болсон.     
 
     28.4. Барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болсонд тооцсон шийдвэрийг эс зөвшөөрвөл сонирхогч этгээд энэ тухай гомдлоо шийдвэрийг хүлээн авснаас хойш 2 сарын дотор шүүхэд гаргах эрхтэй.     
 
     28.5. Сонирхогч этгээд энэ хуулийн 28.3.4-т заасан үндэслэлээр барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болсонд тооцох тухай хүсэлтийг оюуны өмчийн байгууллагад гаргаж болно.     
 
     28.6. Барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгосон, эсхүл хүчингүй болсонд тооцсон тохиолдолд оюуны өмчийн байгууллага нь барааны тэмдэг, газар зүйн заалтын улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтэлнэ.     
 
      29 дүгээр зүйл. Гомдол, маргааныг шийдвэрлэх     
 
     29.1. Оюуны өмчийн байгууллага нь барааны тэмдэг, газар зүйн заалтын талаар гарсан дараахь гомдол, маргааныг хянан шийдвэрлэнэ:     
 
     29.1.1. барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэгт шүүлт хийхтэй холбогдсон;     
 
     29.1.2. анхдагч ба давамгайлах огноо тогтоохтой холбогдсон;     
 
     29.1.3. барааны тэмдэг, газар зүйн заалтын улсын бүртгэлтэй холбогдсон.     
 
     29.2. Оюуны өмчийн байгууллага нь гомдол, өргөдлийг хүлээж авснаас хойш 1 сарын дотор хянан шийдвэрлэж, хариу мэдэгдэх үүрэгтэй.     
 
     29.3. Маргааныг хянан шийдвэрлэсэн оюуны өмчийн байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл маргагч талууд шийдвэрийг хүлээн авснаас хойш 2 сарын дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.     
 
     29.4. Оюуны өмчийн байгууллагад хуулиар харъяалуулснаас бусад гомдол, маргааныг шүүх хүлээн авч шийдвэрлэнэ.     
 
      30 дугаар зүйл. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага     
 
     30.1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол оюуны өмчийн хяналтын улсын байцаагч зөрчил гаргасан иргэнийг 50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох, шүүгч иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгож, барааны тэмдэг, газар зүйн заалтыг хууль бусаар ашигласнаас олсон орлогыг барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчид олгох буюу барааг худалдсанаас олсон орлогыг улсын орлого болгож, үйлдвэрлэл, үйлчилгээг нь зогсооно.     
 
     30.2. Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх асуудлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.     

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж