Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын плей-оффын хоёрдугаар шатны ээлжит тоглолтууд өчигдөр/2020.10.05/ Спортын төв ордонд явагдлаа.
- SBL Хасын Хүлэгүүд 83 – 63 Хан-Уул Хангарьд
Улирлыг хоёр болон гуравдугаар байраар өндөрлүүлсэн хоёр багийн энэ плей-оффын цувралд SBL Хасын Хүлэгүүд баг илт илүүрхэж байна. Өчигдрийн тоглолтын тухайд хоёр баг эхний үед л тэнцүүхэн өрсөлдөв. Харин хоёрдугаар үеийн дундаас Хан-Уул Хангарьд багийн ахлах дасгалжуулагч Ш.Сэдбазар талбайг чөлөөлснөөр багийнх нь тоглолт унаж, онооны зөрүү улам холдсон. Тус багаас Ц.Сэргэлэнбаатар 14 оноо аван багаа багаа тэргүүлсэн бол Ш.Энхийн-Од 13 оноо аван тус хүргэв.
SBL Хасын Хүлэгүүд багаараа 52 удаа самбараас бөмбөг авсан бол Хан-Уул Хангарьд баг 34 удаа авчээ.
Харин SBL Хасын Хүлэгүүд багаас энэ өдөр багийн ахлагч Б.Билгүүнээс гадна сэлгээнээс Б.Батжавхлан гайхалтай байлаа. Тэрбээр талбайд 30 минутыг өнгөрүүлэхдээ 20 оноо, дөрвөн самбараас бөмбөг авалт, дөрвөн ашигтай дамжуулалт гэсэн үзүүлэлтийг үзүүлжээ. Тус багийн хоёр лидер болох Б.Билгүүн 31 оноо, 13 самбараас бөмбөг авалтыг толилуулж тоглолтын шилдгээр нэрлэгдсэн бол өнгөрсөн улирлын “Дээд лиг”-ийн тэргүүн тоглогч О.Сэргэлэн 10 оноо авч, долоон ашигтай дамжуулалт өгчээ.
Цувралыг SBL Хасын Хүлэгүүд баг 3:0 гэсэн харьцаатай тэргүүлж байна
- 23 Storms 72 – 90 Алдар Танан Гарьд
Цувралын харьцаа нь 1:1 байсан хоёр багийн чухал гурав дахь тоглолт дөрөвдүгээр үед шийдэгдсэн. Энэхүү тоглолтонд 23 Storms багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогт гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийн туршлагатай, 2011 оны лигийн тэргүүн тоглогч Ц.Мэргэнийг талбайд гаргав. Цувралын хоёр дахь тоглолтонд “галзуурч” багаа ялалт байгуулахад гол үүргийг гүйцэтгэсэн Алдар Танан Гарьд багийн О.Эрдэнэцогтыг Ц.Мэргэн сайн хамгаалсан. Гэвч энэ өдөр 23 Storms багаас М.Тэлмэнийг зогсоох хүн байсангүй. Хүнд бэртлээс эргэн ирсэн М.Тэлмэн 24 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн. Ялангуяа тоглолтын гурав болон дөрөвдүгээр үеүдэд М.Тэлмэн болон лигийн шилдэг мэргэн буучдын нэг Б.Мөнхболд нарын гурван онооны шидэлтүүд ээлж дараалан амжилттай болж, онооны зөрүүг улам холдуулав.
Бэртлийн улмаас цувралын эхний хоёр тоглолтонд оролцоогүй Б.Болдбаатар тоглолтын дөрөвдүгээр үед талбайд гарсан.
23 Storms багаас гараанд гарсан А.Энхбаясгалан тоглолтын эхнээс л алдааны асуудалд орсон бол лигийн шилдэг мэргэн буучдын нэг Ц.Азбаяр довтолгоонд тааруу оролцов. Харин Г.Баттөр урьдын адил багаа оноо авалтаар тэргүүлж 23 оноо авсан бол түүнд 2015 оны лигийн тэргүүн тоглогч Д.Мөнхтүвшин 18 оноо авч тус хүргэлээ.
Цувралыг 2:1 гэсэн харьцаатай Алдар Танан Гарьд баг тэргүүлж байна.
Холбоотой мэдээ