“Covid-19”-ын тархалтын хоёр дахь давалгаа дэлхийн эдийн засагт, ялангуяа түүхий эдийн эрэлтэд дарамт учруулж болзошгүй байгаа тул худалдаачид болгоомжилсоор байна. Дэлхийн 210 гаруй оронд халдвар авсан хүний тоо нэмэгдэж, хорио цээрийн дэглэмээ чангатгаж байгаа билээ. Бид "Дэлхийн эдийн засаг" буландаа энэ удаа газрын тосны эрэлт, нийлүүлэлт болон үнэ ханшийн мэдээллийг онцолж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Covid-19”-ийн халдвар авсан тухай мэдээлэл цацагдсаны дараа газрын тосны үнэ 40 ам.доллароос доош унав. Тус улсын албаныхан шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын давалгаа дахин нүүрлэж магадгүй талаар мэдээлсний дараа газрын тосны үнэ огцом унасан. Өөрөөр хэлбэл хөл хорионы дэглэмийг бүрэн цуцлах болоогүй гэсэн дохиог зах зээлд өгсөн нь үнэ буурахад нөлөөлжээ.
Ливи улс газрын тосны экспортоо сэргээж байгаагаа мэдээлснээр нийлүүлэлт дахин эрэлтээс давах эрсдэл бий болсон байна. Тодруулбал, тус улсын төрийн өмчит газрын тосны “National Oil Corporation” экспортоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ зөвхөн олборлолтын талбай болон боомтуудаас экспорт хийхээ мэдээлэв. Шинжээчдийн үзэж буйгаар, тус улс хүнд байдалд ороод буй газрын тосны салбараа эргэн сэргээхэд нэг алхам ойртжээ.
Энэ оны эхээр ОХУ-ын “Wagner” группийн хөлсний цэргүүд Ливийн гол цооногуудыг бүслэлтэд авсан билээ. Зэвсэглэсэн цэргүүд ойр байгаа цагт олборлолт явуулах боломжгүй бөгөөд аюултай талаар “National Oil Corporation” мэдээлсэн ч тус улс гарцаа хэсэгчлэн нээхээр төлөвлөжээ.
АНУ-ын өмнөд бүсийн далайн эргийн ойролцоох мужуудад нүүрлэсэн “Beta” хар шуурганы улмаас газрын тосны зарим байгууламжууд хаагдсанаар WTI төрлийн газрын тосны үнэ өсчээ. Тус улсад шатахууны эрэлт өнгөрсөн долоо хоногт 3.2 хувиар өссөнийг “Gasbuddy”-ийн судалгаа харуулж байна. Түүнчлэн энэ долоо хоногийн эцсээр АНУ-ын өмнөд эргийн бүсийг хар шуурга дайрахаар байгаа нь газрын тосны үнэд нөлөөлөх нь.
Өнгөрсөн Мягмар гаригийн байдлаар брент маркийн газрын тосны үнэ 41.3 орчим ам.доллар болж, өмнөх өдрөөсөө тав орчим хувиар өссөн бол WTI-ийн үнэ 39.35 ам.доллар болов.
Өнгөрсөн сард газрын тосны үнэ сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн бага буюу 50 ам.доллараас доош буурсан бол ханш нь эргэн өсч эхэллээ. Учир нь ОПЕК-ийн гишүүн орон болох Саудын Араб энэ сард экспортын хэмжээгээ өмнөх арваннэгдүгээр сарынхаас 800 мянган баррель/өдөр-өөр бууруулж, 7.1 сая баррель/өдөр болгохоо мэдэгдсэн. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар, тус улсын Засгийн газар газрын тосны ханш эргээд 80 ам.доллар/баррель болно гэсэн хүлээлттэй байгаа ч энэхүү борлуулалтын таналт нь зах зээлд хангалттай нөлөө үзүүлж чадахгүй аж.
Саудын Арабын Сангийн сайд баррель газрын тосны үнэ 2023 он хүртэл 50 ам.доллар орчимд тогтоно гэж тооцоолсноо мэдэгдэв.
ОХУ-ын Түлш, эрчим хүчний цогцолборын Төв диспетчерийн газрын мэдээллээр, манай хойд хөршид өнгөрсөн есдүгээр сард газрын тос, конденсат олборлолтын хэмжээ 0.6%-иар буюу 9.93 сая баррель хүртэл өсчээ. Газрын тосны үнийн өсөлт АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээрт ахиц гарч буйтай мөн холбоотой аж.
“Goldman Sachs” энэ оны брент маркийн газрын тосны ханшийн төлвийг өмнөх тооцооллоосоо (70 ам.доллар/баррель) бууруулан, 62.5 ам.доллар/баррель болгон өөрчилжээ. Ийнхүү ханшийн таамгаа бууруулж буй шалтгаан нь нийлүүлэлтийн илүүдэл хүчтэй байгаа, мөн АНУ-ын занарын тосны үйлдвэрлэл нэмэгдэх зэрэгтэй холбоотой аж.
“EFG Hermes” байгууллага ирэх онд брент төрлийн газрын тосны үнийг баррель нь 65 ам.долларт хүрнэ гэж тооцоолсон байна.
ОПЕК-ийн нийт үйлдвэрлэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 630 мянган баррель/өдөр-өөр буурч, 32.43 сая баррель/өдөр болсон тухай түүхий эдийн зах зээлийн судалгааны “Platts” байгууллагын тайланд дурджээ. Оны эхний хагасын хугацаанд ОПЕК-ийн гишүүн орнууд нийт үйлдвэрлэлээ өмнөх аравдугаар сарынхтай харьцуулахад 1.2 сая баррель/өдөр-өөр бууруулахаар тогтсон нь нийлүүлэлтийг эрэлтээс давуулахгүй байж, ханшийг тогтоох зорилготой аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн зах зээл дээр WTI маркийн нефтийн ханш хасах 37.63 буюу баррель нь 0,01 ам.доллар болсон. Түүнээс өмнө WTI маркийн нефтийн үнэ хамгийн багадаа торх нь 9.75 ам.долларт хүрч байв.
Вена хотод өнгөрсөн есдүгээр сард болсон ОПЕК-ийн уулзалтаар Оросын талтай бүтээгдэхүүнээ өдөрт 1.5 сая баррелиар багасгах гэсэн Саудын Арабын байр сууринаас гишүүн орнууд татгалзсан байна. Үүний улмаас Саудын Араб бүтээгдэхүүний үнээ 6-8 доллараар бууруулсан гэж ажиглагчид мэдээлжээ.
Өнгөрсөн Даваа гариг (2020.10.05)-т Норвегийн газрын тос олборлох хамгийн том талбайн ажилчид ажил хаялт зарлаж, газрын тосны өдрийн гарц 330 мянган баррелиар буурч, үнэ нь 40 ам.долларын шугам давсан байна.
Эх сурвалж: INVESTING, BLOOMBERG, OIL PRICE
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ