Төрийн царцаасан төслийг хувийнхан нэвтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

Төрийн царцаасан төслийг хувийнхан нэвтрүүлжээ

Төрийн царцаасан төслийг хувийнхан нэвтрүүлжээ

Хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн Улаанбаатарт түгжрэлийн асуудал хэрээс хэтрээд удаж буй. Замын түгжрэлийн 30-50 хувийг зогсоол хайсан жолооч нар үүсгэдэг гэх. Ялангуяа төв талбай орчимд замын түгжрэлийн 65 хувийг тэд үүсгэдэг байна.

Жолооч нар зогсоол олохын тулд хамгийн багадаа 5-10 минут зарцуулдаг бол заримдаа 30 минутаас ч илүү хугацаа зарцуулдаг.

Өндөр шилэн барилга, томоохон зах, худалдааны төвүүд дэргэдээ зогсоолтой байх ч зөвхөн ажилчдынх нь автомашинаар дүүрчихнэ. Тиймээс иргэдийн хувьд төлбөртэй зогсоолд автомашинаа байрлуулах юм уу, ачуулах гэсэн хоёр сонголттой нүүр тулахаас өөр аргагүй. Яарсан үедээ зогсоол хайж цаг алдахгүйн тулд автозамын нэгдүгээр эгнээнд машинаа шахаж байрлуулах, зогсоолгүй газар түр зогссоноос болж ачуулах нь элбэг. Үүгээр ч зогсохгүй өглөө, оройд орон сууцны гадаа зогсоолд машинаа байрлуулна гэдэг бараг боломжгүй.

Зогсоол олдсон ч өглөө нь ажлаасаа хоцорно, орой нь мөд гэртээ орохгүй. Энэ мэтчилэн хотын жолооч нарын “толгойн өвчин” автоамашины зогсоол болоод уджээ.

Харин хотын захиргаанаас хотын төв рүү автомашин нэвтрүүлэхгүй байх мэргэн санаачилга гаргасан ч иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан. Албаны хүмүүс жолооч нарын 30 хувь нь замын хөдөлгөөнд ямар ч зорилгогүй оролцож, түгжрэл үүсгэдэг болохыг судалгаагаар тогтоосон тул хязгаарлалтаар түгжрэлийг 30 хувь сааруулна гэж үзсэн юм.

Эргэн сануулбал, Нийслэлийн авто замыг А, B, С гэсэн гурван бүсэд хуваах зохицуулалтыг өнгөрсөн оны наймдугаар сард хэрэгжүүлэхээр нийслэлийн удирдлагууд төлөвлөсөн ч иргэдийн 60 хувь нь дэмжээгүй.  Тэгвэл  түгжрэлийг бууруулж, автозогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх өөр нэгэн гарц  бодож олсон нь  тун удахгүй хэрэгжих  авто зогсоолын нэгдсэн систем.

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэдээлснээр 575  байршилд 25 мянган зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Мөн том оврын автомашин болон өнгө үзэмж муутай автомашиныг  нийслэл рүү нэвтрүүлэхгүй ба жолооч, зорчигчид тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих гэнэ. Харин ухаалаг зогсоолтой болох тухай олон жил яригдсан ч өнөөг хүртэл шийдлээ олоогүй байна. Энэ талаар албаны хүнээс тодруулав.

УХААЛАГ ЗОГСООЛ БАЙГУУЛАХ АЖИЛ ГАЗРЫН МАРГААН ДЭЭР ГАЦЖЭЭ

Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.ЧИНЗОРИГ: 

-“Авто зогсоолын нэгдсэн систем”-ийг хэрэгжүүлснээр жолооч нар, албан байгууллагын ажилчид зогсоолд өдөржин автомашинаа байршуулдаг асуудлыг цэглэнэ. Үр дүнд нь, иргэд зогсоол хайж замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэхгүй, машинаа ачуулдаг асуудлыг шийдвэрлэнэ. Өнөөдрийн байдлаар зогсоол хүрэлцээгүйн улмаас иргэд автомашинаа ачуулдаг, зогсоол хайж түгжирч байна. Гэтэл үйлчилгээний байгууллагын ажилчид автомашинаа өдөржин зогсоолд байршуулдаг. Улмаар үйлчлүүлэгчдэд зогсоол олддоггүй. Иймд авто зогсоолыг төлбөртэй болгож, хоёр цагаас илүү автомашин байршуулахгүй. Мөн нийслэлийн дөрвөн захад томоохон авто зогсоолыг байгуулна. Хөдөө орон нутгаас ирсэн тээврийн хэрэгсэл нийслэл рүү нэвтрэхгүй.

Дөрвөн бүсэд  автомашины зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулах юм. Тухайн зогсоолоос нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг байх зохицуулалтыг бид судалж байна. Нөгөө талаас нийслэлийн 84 байршилд ухаалаг зогсоол байгуулах боломжтой. Энэ тухай саналаа бид хотын захиргаанд хүргүүлж, инженерчлэлийн төлөвлөгөөнд тусгасан.

Эхний ээлжид Хотын ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай зөвшилцөж 22 байршилд ухаалаг зогсоол байгуулах боломжтой хэмээн харсан. Ухаалаг зогсоолыг хэрэгжүүлэхэд энэ жил төсөвт тусгаагүй ч ирэх оны төсөвт тусгагдсан тул хэрэгжих болов уу. Төсвөөс гадна ухаалаг зогсоол байгуулахад газар чөлөөлөлтийн асуудал маргаантай байдаг тул энэ ажлыг хэрэгжүүлэхэд удааширч байна гэлээ.

                                       ТӨРИЙН ШИЙДЭЭГҮЙ АЖЛЫГ ХУВИЙН ХЭВШИЛ НЭВТРҮҮЛЭВ 

 

Ухаалаг зогсоол дарга нарын ширээний цаасан дээр бууснаас өөрөөр бодит амьдрал дээр хэрэгжээгүй. Харин төр засгийн олон жил шийдээгүй ажлыг хувийн хэвшил нэвтрүүлээд буй. “Сворд отис” ХХК-ийн гүйцэтгэсэн “Орчлон констракшн”-ы ухаалаг авто зогсоол /smart parking tower/ нь зургаан автомашин байрлуулах талбайг 52 автомашин зогсох боломжтой болгон шийджээ.

Хувийн орон сууцны өмнө байрлах шилэн фасадтай  энэхүү байгууламж өнгөрсөн онд ашиглалтад оржээ. Ухаалаг зогсоол нь  суудлын 30, том оврын 22 машин байрлах зориулалт бүхий хоёр хэсэгтэй.

Автомашинаа байрлуулахад жолооч цаг хугацаа алдахгүй. Ердөө л шилэн барилгын нэгдүгээр давхарт байрлах тусгай зориулалтын тавцан дээр жолооч машинаа зөв байрлуулж, бууна. Үүний дараа тусгай өргүүр машиныг дээш өргөн байрлуулна. 10 давхар тус зогсоолоос иргэн автомашинаа буулгалаа гэхэд ердөө 10 хором л зарцуулах юм. Энэ мэтээр барилгын гадна болон дотор талд ухаалаг зогсоол барих бүрэн боломжтой тул гүйцэтгэгч компанийн зүгээс ойрын хугацаанд хоёр ч ухаалаг зогсоол байгуулахаар төлөвлөжээ.

Яг ийм "ухаалаг" зогсоол дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд замын түгжрэл, зогсоолын асуудлаа шийдвэрлэдэг. Ялангуяа Япон, Солонгос зэрэг орнууд газар нутгийн хэмжээ, хүн амын тоо зэргээс хамаарч жижиг зайг ашиглах нь олон. Жижиг талбайг ч технологийн шийдэл ашиглан зөв зохион байгуулалттай хийж чадвал бид өнөөдөр зам дээрээ 0 зогсолт хийж, хараалаа урсгахгүй байх боломж байгааг хувийн хэвшил харуулжээ. Харин нийслэлээс ухаалаг зогсоолыг хэрэгжүүлэх ухаалаг бодлогоо хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна. “Сворд отис” ХХК-ийн зүгээс нийслэлийн удирдлагууд ухаалаг зогсоол байгуулах ажлыг нь дэмжиж хамтран ажиллавал ойрын хугацаанд түгжрэлийг бууруулж, зогсоолыг хүртээмжтэй болгоно гэх байр суурь илэрхийлж буй.

Өдгөө 1.6 сая гаруй хүн амтай дэлхийн хэмжээний метрополис хотод  автомашины ухаалаг зогсоол хамгийн оновчтой шийдэл болохоос биш иргэдийнхээ жолоо барих эрхийг нь хязгаарлаж, төлбөр, торгуулиа нэмэгдүүлснээр түгжрэлийг сааруулахгүй, зогсоолыг нэмэгдүүлээд ч төдийлөн үр дүнд хүрэхгүй болов уу.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж