Улаанбаатарт хаа сайгүй байдаг газрын нэг бол барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу бидний хэлж заншсанаар ломбард юм. Бид энэ удаагийн сурвалжлагаараа ломбардыг буруутгах гэсэнгүй. Гагцхүү хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэх нөгөө талаар иргэдийн амьжиргаа хэр байгааг хөндөхийг зорилоо.
Олны хөлийн газар байрладаг болоод ч тэр үү Хүнсний 4-ийн орчимд ломбард олон. Нэг байшинд гурван ломбард, бүр зэрэгцээ хаалганд хоёр өөр аж ахуйн нэгж барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх нь энүүхэнд.
Ломбардын дэргэдүүр 30 гаруй минут холхиход олон янзын дүр зураг харж, сайн чих тавибал амьдралын олон ч өнгийг нэг дороос үзэж болох аж.
Хүнсний 4-ийн орчимд зэрэгцэн байрлах ломбардын хамгийн захынхаар нь оров. Шилэн хаалтын цаадах жижиг өрөөнд ганц хүн сууна. Ардаа том төмөр сэйфтэй, урдуур нь хөшиг татсан тавиуруудтай. Барьж орж ирсэн эд зүйл нь шалгуурт нийцэж байвал үнэ санал болгоно. Үйлчлүүлэгчид ломбардны хэлсэн үнийг ихэнхдээ толгой дохиод, чимээгүйхэн гарын үсэг зураад мөнгөө авч одно. Тус ломбардаар үйлчлүүлж байгаа хүмүүсийг хэсэг ажиглан зогсоход, олонх нь барьцаанд тавьсан зүйлийнхээ хугацааг сунгуулж байлаа. Мөнгөө төлөөд эд зүйлээ авч байгаа нь тун ховор байв.
Дээрх ломбардны хаалганы хажууд байрлуулсан мэдээллийн самбарт “Алт мөнгө, монет, үнэт эдлэл, гар утас, нөүтбүүк, электрон бараа, LCD, Led зурагт зэргийг авна. Долоо хоногийн хүү нь таван хувь, 14 хоногийн хүү нь найман хувь. Хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн хүүгээр алданги тооцно. Сунгалт хязгааргүй” гэж бичжээ. Эндхийн эзэн “Хичээлийн шинэ жил эхлэх, Цагаан сар, тэмдэглэлт баяр ёслолын үеэр хүмүүс хамгийн их ирдэг. Сүүлийн үед хүмүүс өвөлдөө бэлтгэхийн тулд түлээ, түлшээ бэлдэх гэрээ дулаалах гээд эд зүйлээ барьцаалж байна” гэв.
НИЙСЛЭЛД 997 ЛОМБАРД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
“Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа иргэд бэлэн мөнгөгүй учраас байгаа бүхнээ барьцаанд өгч байгаа нь тодорхой” хэмээн бодсоор дараагийн ломбард руу ортол үйлчлүүлэгчгүй байв. Ломбардны эзэн "Юу сонирхож байна" гэсээр угтав. Тус ломбардны эзний хэлснээр сүүлийн үед хүмүүс үнэт эдлэл, бусад эд зүйлсээ ломбардад тавьсан ч түүнийг авахаас илүү хугацааг нь сунгадаг болсон гэнэ. Тэрбээр “Ер нь бол шууд “үхүүлдэг” хүмүүс олон болсон. Сарын дунд, сүүлчээр цалин тэтгэвэр буухаар эсвэл хүүхдийн мөнгө буух үеэр эд зүйлсээ авах нь түгээмэл. Гэхдээ ямар утас, бөгжтэй байснаа мартатлаа сунгуулаад явж байгаа хүмүүс хүртэл олон" байдгийг ч сонирхуулав. Үүнээс харахад иргэдийн амьдралд хөл хорио, ажилгүйдэл хүчтэй нөлөөлж, хоол унд, хэрэгцээний мөнгөө залгуулах гол газар нь ломбард болсныг харуулж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 997 ломбард үйл ажиллагаа явуулж байгаагаас Баянгол дүүрэгт 179, Сонгинохайрхан дүүрэгт 139,Чингэлтэй дүүрэгт 99, Сүхбаатар дүүрэгт 124, Хан-Уул дүүрэгт 44, Баянзүрх дүүрэгт 412 ломбард бий.
Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ наймдугаар сарын 24-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд ломбардуудын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 180 ломбард хамрагдсан байна.
"ЛОМБАРД ӨӨРСДИЙН ТОГТООСОН ХҮҮГ ШУУД ТУЛГАХ БАЙДЛААР ИРГЭДТЭЙ ГЭРЭЭ ХИЙЖ БАЙНА"
Тэгвэл хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын талаар ШӨХТГ–ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодруулахад “Хяналт шалгалтын явцад зөрчилгүй ломбард маш цөөхөн байсан. Хэрэглэгч эрхээ хамгаалах тухай болон санхүүгийн мэдлэггүй байдлыг ашиглан хэт нэг талын ашиг сонирхол давамгайлсан хууран мэхэлж төөрөгдүүлсэн шинжтэй гэрээг шууд тулган байгуулж байгаа зөрчил илэрсэн. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-т “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно” гэж заасан. Гэвч бодит байдал дээр ломбардууд хүүний тохиролцоог огт хийдэггүй, өөрсдийн тогтоосон хүүг шууд тулгах байдлаар гэрээ хийж байна.
Ихэнх ломбард 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээлийг олгож зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-аас дээш хувиар алданги, торгууль тооцохоор гэрээ байгуулж байгаа нь Иргэний хуулийг илт зөрчиж байгаа юм.
Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд иргэнд утсаар хоёр буюу 3-аас дээш удаа мессеж илгээж сануулдаг. Хүлээлгийн хугацаа 5-10 хоног байдаг бол зарим томоохон аж ахуй эрхлэгч нь 60, 90 хоногоос дээш нэг жил хүртэл хугацаагаар хүлээлгэх тохиолдол байна. Харин зарим ломбард хугацаа хэтэрсэн тохиолдолд мэдэгдсэнээс хойш худалдан борлуулах хугацааг өөрсдөө дур мэдэн 5-7 хоногоор тогтоож байна. Цахилгаан бараа, гар утас, нөүтбүүк, телевизийг зах зээлийн ханшаас доогуур буюу 40-50 хувиар үнэлж авдаг, хугацаа богино, хүү өндөр, хоногоор алданги тооцдог. Зээлийн гэрээний хугацаанаас өмнө иргэн эд зүйлсээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүүг тооцож төлөхөөр гэрээнд тусгах зэрэг зөрчил илэрсэн.
Хяналт шалгалтад хамрагдсан 180 ломбардуудын 63.3 хувь нь зөвшөөрөлтэй, 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байна. Уг нь хуулийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл буюу батламж авах ёстой.
Мөн Нэмүү өртгийн албан татварын баримтыг 180 ломбардын 20 хувь нь хэрэглэгчдэд олгож байсан бол 80 хувь нь огт баримт олгодоггүй. Ажлын байрны 90 орчим хувь нь түрээсийн байртай ба MNS 5274:2017 стандартад заасан шаардлагад нийцээгүй байр талбайтай газар нь 50 гаруй хувийг эзэлж байна. Харин сайшаалтай нэг зүйл нь шалгалтад хамрагдсан бүх ломбард 100 хувь камержсан бөгөөд барьцааны эд зүйлсийг цагдаагийн цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлдэг болсон байна. Дээрх хяналт шалгалтад хамрагдсан ломбардуудад зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан. Харин дараагийн гүйцэтгэлийн хяналт шалгалтыг есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд аравдугаар сарын 9-ны өдөр дуусна. Гүйцэтгэлийн хяналт шалгалтад Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар хамтарч ажиллаж байна. Энэ удаагийн гүйцэтгэлийн шалгалтаар дээрх ломбардуудад зөрчил давтагдвал хуулийн дагуу хариуцлага тооцно” гэлээ.
ЛОМБАРДАД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ БОЛГОЁ
Борооны дараах мөөг шиг олширсон дээрх ломбардуудад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл өгдөг. Ломбард нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэх мэт байгууллагууд хяналт тавих ёстой. Гэвч 180 ломбардын 64 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэхээр төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо ямар нь байгаа нь тодорхой харагдах биз.
Цагдаагийн байгууллагаас стандартын шаардлага хангахгүй байгаа ломбардуудын гэрээг цуцлуулдаг ч өөр хүний нэр дээр дахиад гэрээ байгуулчихдаг. Тусгай зөвшөөрөл шиг нарийн шаардлагууд тавьдаггүй учраас энэ нь ерөөсөө асуудал болдоггүй аж.
Арилжааны банкуудыг Монгол банкнаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг. Харин ломбардуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагууд нь ажлаа хийхгүй, ямар ч хяналт зохицуулалтгүй байгаа нь ломбард зөвхөн өөрийн эрх ашигт нийцсэн үйлчилгээг явуулахад хүргэсэн гэхэд буруудахгүй болов уу.
Тухайлбал, ломбардууд хүүг дураараа тогтоох, нэмэгдүүлэх, татвараа шударгаар төлөхгүй байх, иргэдийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан зөрүү мөнгийг буцаан олгохгүй байх зэрэг хууль бус үйлдэл гаргасаар байна. Тиймээс ломбард нь санхүүгийн онцлох үйл ажиллагаа учраас тусгай зөвшөөрөлтэй болгох, тусгай зөвшөөрөл олгох цуцлах, хүчингүй болгох хяналт тавих субъектийг банк санхүүгийн асуудал эрхэлсэн төрхийн эрх бүхий байгууллага байхаар санал боловсруулахад ч гэмгүй юм.
Холбоотой мэдээ