АНУ, Япон зэрэг улсууд БНХАУ-ын эсрэг санаагаа нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

АНУ, Япон зэрэг улсууд БНХАУ-ын эсрэг санаагаа нийлүүлнэ

АНУ, Япон зэрэг улсууд БНХАУ-ын эсрэг санаагаа нийлүүлнэ

Энэтхэг-Номхон далайн дээрх дөрвөн орны гадаад хэргийн сайд нар өнөөдөр/2020.10.06/ Токио хотод цугларахаар болжээ. Тийнхүү тэд БНХАУ улам хүчирхэгжиж байгаагийн эсрэг чиглэсэн “Энэтхэг-Номхон далайн чөлөөт нээлттэй бүс” санаачлагад оролцоогоо нэмэгдүүлнэ гэж Японы тал найдаж байгаа гэнэ. Энэ уулзалт нь цар тахлаас хойш гадаад хэргийн сайд нарын анхны нүүр тулсан явдал болж байна. Үүнд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Австралийн гадаад хэргийн сайд Марис Пэйн, Энэтхэгийн гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар, Японы гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги нар оролцох юм.

Японы эрх баригчдын мэдээлснээр тэд цар тахлын бодит нөлөө, Япон, АНУ хоёр орон ижил сонирхолтой орнуудыг БНХАУ-ын улам хүчирхэгжсээр буйн эсрэг санаа нэгдэхийг уриалж байгаа тухай, түүний төлөө Энэтхэг-Номхон далайн чөлөөт нээлттэй бүсийн санаачлагыг бусад орнууд дэмжиж аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах нь чухал болохыг ярилцах гэнэ.

Харин Майк Помпео Токио руу явах замдаа сэтгүүлчдэд “Энэ уулзалтын үр дүнд дөрвөн улс чухал амжилтад хүрнэ гэдэгт найдаж байна” хэмээснээс илүү нарийн зүйл яриагүй аж.

Уулзалт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөхөн төдийгүй АНУ, БНХАУ хоёр улсын хооронд цар тахал, худалдааны дайн, технологи, Хонгконг, Тайван, Шинжаан дахь хүний эрхийн асуудал зэргээс болж хурцадмал байдал улам гаарч буй үед болж байгаа нь олон улсын анхаарлыг онцгой татаж байгаа юм. хэдий Майк Помпео Ерөнхийлөгч Трампыг цар тахлын халдвар авсантай холбоотойгоор БНСУ, Монгол улсуудыд хийх гэж байсан айлчлалаа цуцалсан ч Токиод болох эл уулзалтад оролцох хэвээр үлдсэн байна. Энэтхэг, БНХАУ хоёр улсын хооронд хилийн маргаантай асуудлаас болж цэргийн мөргөлдөөн болж, цус урсгаснаас удаагүй байхад төдийгүй сүүлийн саруудад Австрали, БНХАУ улсын харилцаа эрс муудаж байгаа үед болж байгаа нь ажиглагчдын анхаарлыг эрхгүй татаж байгаа юм.

Мөн БНХАУ зүүн Хятадын тэнгис дэх Дяоюй буюу Японы эзэмшилд багтдаг Сенкаку арлуудад санаархаж байгаад Токио ихээр санаа зовниж байгаа аж. Түүнчлэн БНХАУ-ын цэргийн хүч улам зузаарсаар байгаа нь Японы аюулгүй байдалд том аюул заналхийлж байна хэмээн япончууд үзэж байгаа юм. Японы жил бүр гаргадаг батлан хамгаалах бодлогын баримт бичигт энэ жил БНХАУ өмнөд Хятадын тэнгист хиймэл арлууд байгуулан, тэднийгээ цэрэгжүүлж, тэнгисийн бараг бүх чухал загасчлал, усан замыг хяналтандаа авахаар санаархаж, байдлыг нэгэнт өөрчилж эхэлсэн хэмээн дурьджээ.

Тиймээс Япон улсын шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэ уулзалтын нэг хэсэгт өөрийн биеэр оролцон дипломат ярилцлага хийхээс гадна Япон, АНУ хоёр улсын харилцаа холбоо болон Энэтхэг-Номхон далайн чөлөөт нээлттэй бүсийг гүнзгийрүүлэх талаар Помпеотой жич уулзах юм.

“Дэлхий өнөөдөр АНУ, БНХАУ хоёр улсын амиа хичээсэн үндсэрхэг үзлээс болж урьдчилан таамаглахын аргагүй, хяналтгүй болж байна. тиймээс энэ уулзалтаар АНУ, Япон улсын харилцааг сайжруулж, түүний зэрэгцээ Энэтхэг-Номхон далайн чөлөөт нээлттэй бүсийг үе шаттайгаар хөгжүүлж, хөрш ОХУ, БНХАУ улсуудтай тогтвортой харилцаа үүсгэхэд анхаарах болно. Бас энэ сарын сүүлээр зүүн өмнөд Азид хийх айлчлалаараа Энэтхэг-Номхон далайн чөлөөт нээлттэй бүсийг сурталчлах төлөвлөгөөтэй байна” хэмээн Сүга өчигдар/2020.10.05/ ярьжээ. Сүга энэ оны есдүгээр сарын 16-нд эрүүл мэндийн шалтгаанаар огцорсон Шинзо Абэгийн оронд Ерөнхий сайд болсон бөгөөд Абэгийн эрс шулуун шударга улс төр, дипломат ажиллагаа, аюулгүй байдлын бодлогыг үргэлжлүүлэхээ амласан билээ. Абэ өмнө нь Энэтхэг-Номхон далайн чөлөөт нээлттэй бүсийн гол ноён нуруу байсаар ирсэн юм. Япон орон байгалийн баялаггүй арлын орон гэдгийнхээ хувьд газрын тос тэргүүтнээр баялаг ойрхи Дорнодтой далайгаар холбогдож байх нь нэн чухал хэмээн үздэг билээ.

Шинэ Ерөнхий сайд Сүга гадаад харилцааны тал дээр туршлага маш бага тул Японы аюулгүй байдлын гол холбоотон АНУ, түүний худалдааны хамгийн том түнш БНХАУ хоёрын голд тэнцвэртэй байдлыг хадгалахад үнэхээр амаргүй байх болно хэмээн ажиглагчид таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж