Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-д аюулгүй байдлын шинжээч, ахлах референтээр ажиллаж байсан Г.Уянгатай Үндэсний аюулгүй байдлын асуудлаар ярилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Таныг Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн цөөн хүний нэг гэж сонссон?
-Сайн байна уу. Миний нэрийг Г.Уянга гэдэг. Би одоогоор АНУ-ын Чикагогийн Их сургуульд “Үндэсний аюулгүй байдлын аюул заналд авах хариу арга хэмжээний удирдлага” гэсэн чиглэлээр магистрын зэрэг горилон суралцаж байна. Миний хувьд ажлын гараагаа Эрүүгийн цагдаагийн газраас эхлүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд аюулгүй байдлын шинжээч, референт, ахлах референт гэх мэт ажлыг хийж байсан. Хамгийн сүүлд Монгол Улсын Дотоод аюулгүй байдал буюу хуучнаар нийгэм төрийн аюулгүй байдлын асуудлыг хариуцан ажилладаг байсан. Хэдийгээр Үндэсний аюулгүй байдал гэсэн нэр томьёо нь өнөөдрийн ойлголтоор дэлхийн 2-р дайнаас хойш, тодруулбал, 1947 оны АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хууль батлагдсанаас хойш хэрэглэгдсэн гэж үздэг ч аюулгүй байдлын асуудал нь анхны төрт улс байгуулагдсан үеэс л яригдах байх. Би өөрийгөө энэ салбарт мэргэшсэн гэж ярих нь Монголд төрт улс үүссэн цагаас улс үндэстнийхээ аюулгүй байдлыг хамгаалж, амь амьдралаа зориулж ирсэн миний мэдэх бас мэдэхгүй үе үеийн олон мундаг ажилтан, эрдэмтэн, судлаачдыг үл хүндэтгэж, өөрийгөө хэт дөвийлгөсөн хэрэг болох учир энэ талаар суралцаж яваа гэж тодотгох нь зөв байх.
-Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье. Үндэсний аюулгүй байдал гэхээр иргэд янз бүрийн ойлголт, мэдээлэлтэй байдаг?
-Үндэсний аюулгүй байдлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний Аюулгүй байдлын хуульд албан ёсоор тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гэж “Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг хангагдах гадаад, дотоод нөхцөл байдал баталгаатай хангагдсаныг хэлнэ” гэж тодорхойлсон. Харин Үндэсний язгуур эрх ашиг гэдэгт Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана гэж заасан байдаг. Үндэсний язгуур эрх ашигт багтаж буй дээр дурдагдсан ухагдахуунууд нь аливаа улсын үндэсний хүч, нөөц бололцоо, чадамжийг илэрхийлэх бөгөөд тус бүр нь томоохон цогц ойлголтыг төлөөлдөг, хамгаалбал зохих үндэсний үнэт зүйлсийг агуулж байдаг гэж ойлгож болно.
Ер нь аюулгүй байдлын салбарт аль нэг улсын аюулгүй байдын талаар ярихдаа тодорхой хэдэн үзүүлэлтэд голчлон анхаарч судалж байгаа нь харагддаг. Жишээлбэл, тухайн улсын цэрэг, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, хүн ам, газар нутаг, түүний байршил, улс төр, гадаад харилцааны чадамж, олон улсын тавцан дахь нөлөө зэргийг шууд хардаг. Тэгэхээр аливаа улс орны Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зорилго нь эдгээр үндэсний хүч, нөөц бололцоогоо дор хаяж хэвээр хадгалах, улам хөгжүүлж хүчирхэгжүүлэхэд оршдог гэж товчоор ойлгож болно. Нөгөөтэйгүүр үндэсний аюулгүй байдлын тухай бидний ойлголт дэлхийн улс орнууд үгүй ядаж хөрш зэргэлдээ орнуудын үндэсний аюулгүй байдлын талаарх ойлголттой зөрчилдөж байгаа эсэхийг зайлшгүй харж байх ёстой. Өөрөөр хэлбэл, улс орнуудын дунд үндэсний эрх ашгийн зөрчил гарч байгаа бол энэ нь улс хоорондын үл ойлголцол сөргөлдөөний үндэс болох нь дамжиггүй. Жишээлбэл, ОХУ-ын хувьд 2000 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа Үндэсний аюулгүй байдлыг тодорхойлохдоо “Үндэсний аюулгүй байдал гэж ОХУ-ын тусгаар тогтнолыг тээгч, ОХУ-ын үндэсний хүч, нөөц бололцооны эх сурвалж болсон олон үндэстний ард түмний аюулгүй байдал хангагдсаныг ойлгоно” гэсэн байдаг. Тэгвэл БНХАУ-ын хувьд Үндэсний аюулгүй байдлыг тодорхойлсон тодорхойлолт олддоггүй. Гэхдээ эрдэмтэн судлаачид, улстөрчдийн илтгэл дотроос БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын талаар тодорхойлолтыг нь эрэлхийлсэн тохиолдол олонтой таардаг. 2019 онд гарсан Батлан хамгаалах Цагаан номонд БНХАУ-ын батлан хамгаалах бодлогын үндсэн зорилго нь “халдлага тэмцлийг няцаах, сөрж зогсох, үндэсний улс төрийн тогтвортой байдлыг хангах, ард түмэн, нийгмийн аюулгүй байдлыг хангах, мөн тус улсын дотоод дахь салан тусгаарлах аливаа үйл ажиллагааг эсэргүүцэх, эх газарт болон далай тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх, сансар, цахилгаан соронзон болон кибер орон зайд аюулгүй байдлаа хамгаалах, гадаад улс орнууд дахь ашиг сонирхолоо хамгаалах, үндэсний тогтвортой хөгжлөө дэмжих гэх мэт асуудлыг тусгасан байдаг.
"ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДАРХЛААГАА ХАМГААЛЖ ЧАДАЖ БАЙГАА ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ"
-Монголын үндэсний аюулгүй байдал хэр баталгаатай гэж та үзэж байна вэ?
-Таны энэ асуултад хариулахын тулд асуултын хэлбэрийг Монгол Улс үндэсний язгуур эрх ашгаа гадаадад ч, дотоодод ч хамгаалах, бусдын өмнө сөргүүлэн тавих хүч, нөөц бололцоонд хүрсэн үү гэж өөрчилчвөл хариулт нь илүү тодорхой болно гэж бодож байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал баталгаатай байгаа юу гэдгийг багцаалдахын тулд Монгол Улсын үндэсний хүчин чадал, нөөц бололцоог тодорхойлдог дээр дурдсан хүчин зүйлсийг өнөөгийн нөхцөл байдалтай холбон авч үзэх зайлшгүй хэрэгтэй болно. Монгол Улсын цэрэг, зэвсэгт хүчин ямар байдалтай байгаа вэ. Манай улсын эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжил нь дэлхийд байг гэхэд бүс нутагтаа өрсөлдөж чадах уу. Хүн ам, газар нутаг, түүний байршил нь бидэнд ямар давуу болон сул талыг бий болгож байна.
Монгол Улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ямар байдалтай байгаа, гадаад харилцаандаа хоёр талт болон олон талт механизмуудыг ашиглах чадамж нь ямар байгаа вэ. Хэрэв та дээрх асуултуудад муу гэсэн дүн тавьж байгаа бол манай улсын аюулгүй байдал төдий хэмжээгээр эмзэг байна л гэсэн үг шүү дээ.
Ер нь аливаа өрсөлдөгч талууд бие биенийхээ эсрэг эдгээр хүчин зүйлсэд нь халдах, хөгжлийг сулруулах, таслан зогсоох замаар эрхшээл нөлөөндөө оруулж, өөрсдөдөө давуу байдал бий болгон, улмаар эрх ашгаа тулган хүлээлгэж ирснийг хүн төрөлхтний түүх харуулдаг шүү дээ. Гэтэл энэ түвшинд судалгаа шинжилгээ хийх ёстой төрийн байгууллагуудын маань чадамж ямар байгаа вэ. Монгол Улсад учирч болох мөнхийн, түр зуурын, байнгын аюул занал, эрсдэлийг урьчилан таамаглаж хариу арга хэмжээнд бэлтгэх, эрдэм шинжилгээ, аюулгүй байдлын албадын үнэлгээ дүгнэлт ямар хэмжээнд үнэлэгдэж байгаа вэ гээд олон асуулт гарч ирнэ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага тэр дотроо тайван цагт байнгын тэмцэл өрнүүлж байдаг тагнуулын байгууллагын маань нэр хүнд ямар байна вэ. Төр засаг дэмжиж байна уу. Эцсийн эцэст өнөөгийн мэдээллийн их далай дунд зүг чигээ алдчихгүй явахад чиглүүлэх хамгийн том үүрэг тагнуулын байгууллага болон судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны байгууллагуудад ногддог. Тэднийг төр засаг энэ өнцгөөс харж байгаа юу. Өнөөдөр худалч хүнд тэд маань айлын шоовдор хүүхэд шиг л харагдах болж.
Сүүлийн үед тагнуулын байгууллага тагнаж чагнасан гэсэн гомдол улстөрчдийн дунд гарч байгаа харагдах юм. Тэд тагнаж чагнахгүй тэгээд өөр хэн тэр ажлыг чинь хийх юм бэ. Харин хууль зөрчихгүй зөв байх нь л улстөрчийн ч, иргэний ч үүрэг.
-Үндэсний аюулгүй байдлын баталгаа нь Монголын хувьд юу байх вэ?
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл байдлыг хамгаалан бататгах нь үндэсний аюулгүй байдлыг хангах анхдагч нөхцөл мөн, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн, Монгол Улсын төр, нийгэм, иргэний аюулгүй байдал харилцан уялдаатай хангагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал баталгаажна, үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн гэж заасан байдаг. Бид Үндсэн хуулийн дараа орох энэхүү чухал баримт бичигтээ үндэсний аюулгүй байдлыг хангах анхдагч нөхцөл, баталгаа, амин чухал дархлаа гэсэн ойлголтыг тов тодорхой, яв цав суулгаад өгчихсөн улс. Хаа нэг газраас эрж хайх шаардлагагүй. Гэхдээ чухам ийм ил тодоор ингэж хэлэх нь зөв эсэх нь өөрөө судалгааны сэдэв л дээ. Миний хувьд гавъяат хуульч Б.Чимид багшийг амьд сэрүүн ахуй цагт нь Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, мөн түүнтэй холбоотой тодорхой дүрэм, журам боловсруулах асуудлаар зөвлөгөө авах зорилгоор олонтаа уулзаж ярилцах боломжтой байсан азтай хүн. Түүнтэй уулзаж байхдаа тэмдэглэж авсан зүйлс дотор
"Монгол Улсын Үндсэн хуулийг хамгаалах гол баримт бичиг нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль байгаа юм” хэмээн хэлж байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэр үүнийг тохиолдлын чанартай хэлээгүй гэж би боддог.
Эргээд харахад, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах анхдагч нөхцөлийг үе үеийн дайчид, төр нийгмийн зүтгэлтнүүд болсон өвөг дээдэс маань бидэнд хангалттай бүрдүүлэн өвлүүлж өгчээ. Үүнтэй маргалдах хүмүүс олон гарахгүй байх. Харин үндэсний аюулгүй байдлын баталгаа гэж тодорхойлсон хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, нийгмийн тогтвортой байдлаа хангасан, ардчилсан тогтолцоог бүрдүүлж чадсан уу. Бид ардчиллын үнэт зүйлсээ хамгаалж чадаж байгаа юу. Монгол Улсын төр, нийгэм, иргэний аюулгүй байдал харилцан уялдаатай хангагдаж чадаж байгаа юу. Үндэсний аюулгүй байдлын дархлаа болсон хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалан хөгжүүлж чадаж байна уу гэх мэт асуултууд нь өнөө хэр нь маргааны сэдэв хэвээр байсаар байгаа нь үндэсний аюулгүй байдлын баталгаа хангагдсан эсэхэд эргэлзээ төрүүлсээр байдаг. Хэрэв бид Үндэсний аюулгүй байдлын баталгаа гэж тодорхойлсон эдгээр заалтаа хэрэгжүүлж чадахгүй бол цаашид өвөг дээдсийнхээ асар их үнэ цэнээр хамгаалан өвлүүлсэн үндэсний аюулгүй байдлын анхдагч нөхцөлүүдээ ч эрсдэлд оруулах аюул дагалдаж буйг мартаж болохгүй.
-Хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувьд үндэсний аюулгүй байдал эмзэгшиж байна гэж сүүлийн үед шүүмжлэх болсон. Үүнтэй та санал нийлэх үү?
-Энэ талаар ярихын тулд жаахан оршил хэлье. Миний хувьд Геополитикийн үндсэн онолууд болох эх газрын онол, эргийн бүсийн онол, далайн геополитикийн онолууд өнөөг хүртэл нөлөөгөө алдаагүй харин ч ач холбогдол нь улам тодрон, дэлхийн хүчний тэнцвэрт нөлөөлсөөр байгаа гэдэгт эргэлздэггүй. Дэлхийн түүхээс харвал Ази, Европын хооронд бараа, худалдаа, мөнгө, соёл, шинжлэх ухааны шилжилт хөдөлгөөн үргэлж өрнөдөг байж. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн гол төв гэж нэрлэж болох бүс нутгуудыг авч үзвэл Азийн бүсийн эдийн засгийн нийт хэмжээ 25 их наяд, Европынх 15 их наяд, АНУ-ынх 21 их наяд ам.долларын хэмжээтэй байна. Үүний дотор Америк тивийн эдийн засаг нь шинэ тутам харин Ази, Европын эдийн засаг уламжлалт эртний түүхтэй. Эдийн засгийн энэ төвүүдийг холбосон торгоны зам гэж нэрлэгддэг түүхэн зам байсныг бид бүгд мэднэ. Эдгээр төвийг холбосон худалдаа, арилжааны урсгал дайран өнгөрдөг бүс нутаг, улс орон үргэлж эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлөөрөө бусдыгаа манлайлж ирсэн байдаг. Геополитикч Маккиндерийн эх газрын геополитикийн онолдоо ч торгоны зам дагуух хэсэг буюу зүрхэвч хэсгийг эрхшээсэн улс дэлхийд ноёлно хэмээн үзсэний шалтгаан нь ч үүнд оршиж байгаа болов уу. Яагаад 13-р зууны үед Монгол улс гэнэт их хүчирхэгжив, яагаад энэ газар нутагт хүчирхэг нүүдэлчин гүрнүүд төрөн гарч байсан бэ. Яагаад Хятад улс бүх цаг үеийн түүхэндээ эдийн засаг, шинжлэх ухааны асар өндөр хөгжлийн потенциалыг өөртөө тээж ирэв. Их Монгол Улс болон бусад томоохон төрт улсууд нь Ази Европын худалдаачдын дамжин өнгөрөх бүс нутагт бүхэлд нь болон хэсэгчлэн хяналтаа тогтоодог байсан, харин Хятад улс өөрийгөө дундад иргэн улс хэмээн нэрийдэж Азийн орнуудын худалдаа хийдэг гол түшиц зах зээл нь болж байсанд үүний шалтгаан оршиж байгаа.
Гэтэл далайн тээвэр хөгжсөнөөр Ази Европыг холбосон худалдаа зөвхөн торгоны замаар биш далайгаар хийгдэх боломжтойг нээж аажмаар торгоны замын ач холбогдол нь буурсан. Европын улс орнууд үүнээс үүдэн Азийн баялаг бүхий орнуудыг өөрөөр хэлбэл баялгийн эх сурвалж болсон орнуудыг колончлох бодлого явуулснаар дэлхийн геополитикийн бодлогод өөрчлөлт гарсан. Энэ удаад Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далайн эргийн дагуух худалдаа дамжин өнгөрдөг орнуудын ач холбогдол эрс өссөн. Үүнийг геополитикч Спайкманы эргийн бүсийн онол гэж нэрлэдэг. Их Британи, Итали, Франц, Испани гэх мэт улс орон дээрх бүс нутагт колончлол явуулсны шалтгаан ч энэ юм. Тэгвэл АНУ-ын адмирал Альфред Махан гэж хүний далайн геополитикийн онолоор бол далайд хэн ноёрхлоо тогтооно тэр дэлхийд ноёрхлоо тогтооно гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, дэлхийн гол арал болох Еврази түүнийг тойрсон арлын 1-р бүс 2-р бүс оршдог ба тэдгээрт тээвэр худалдаа дамжин өнгөрдөг хоолой, суваг, хойг, арлуудад хэн нөлөөгөө тогтооно тэр дэлхийд ноёлно гэсэн онол юм.
Үндсэндээ Ази, Европ дахь эх газрын худалдаа хуучин торгоны замаар явах боломжгүй болж эргэн сэргэхгүйгээр тэр бүс нутагт тогтворгүй байдал үүсч, харин бараа бүтээгдэхүүний худалдаанд АНУ-ын оролцоо, долларын нөлөөтэйгээр эрс нэмэгдэж үндсэндээ дэлхийн худалдаа далайгаар бөмбөрцгийн нөгөө талаар явагдаж эхэлсэн гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд ОХУ, БНХАУ аль аль нь хуучин торгоны зам дагуух орнуудад нөлөөгөө тогтоох хадгалах оролдлого хийсээр байдгийн цаад учир нь түүхэн нөлөөгөө эргүүлэн тогтоох оролдлого гэсэн үг юм.
"ЭДИЙН ЗАСАГГҮЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛ ХООСОН ЯРИАНААС ЦААШГҮЙ"
-Яагаад ОХУ болон БНХАУ-ын хувьд ШХАБ онцгой чухал вэ. ОХУ нь Төв Азийн орнуудыг багтаасан Гаалийн холбоо байгуулж худалдааг нь нэг бодлогоор барих оролдлого яагаад хийж байна вэ?
-З.Бзежинский гэж улстөрчийн бичсэн "Их шатрын хөлөг дэх их гүрнүүдийн өрсөлдөөн" буюу өнөөдрийн Ойрхи дорнод, Зүүн Европ дахь сөргөлдөөн, 38-р өргөрөг буюу Афганистан, Умард Солонгос дайран өнгөрдөг бүс нутгууд яагаад тийм ач холбогдолтой, байнгын тэмцэл, сөргөлдөөнд, тогтворгүй байдалд оршиж их гүрнүүд шатар нүүх мэт нөлөөллийн тэмцэл өрнүүлсэн бэ гэсэн асуултууд тэр чигтээ гео-эдийн засаг, гео-улс төрийн үүднээс тайлбарлахад бага зэрэг ч гэсэн ойлгогдоно. Өнөөдөр БНХАУ-ын Бүс ба зам гэсэн бодлого өмнөд тийш далайн тээврийн торгоны зам буюу тус улсын түүхий эдийн худалдааны эх сурвалж бүс нутгууд руу дамжин өнгөрөх боломжтой худалдааны боомт бүхий орнуудыг хамарч буй бол умард тийш эх газрын өөрөөр хэлбэл, Төв Ази, Ойрхи Дорнод Зүүн болон Төв Европын орнуудад чиглэж байна. Энэ нь тус улсын ерөнхийлөгчийн тодорхойлсон Хятад мөрөөдөл буюу шинэ торгоны зам дахь түүхэн байр сууриа эргүүлэн олж авах гэсэн оролдлоготой шууд холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна.
ОХУ, БНХАУ биднийг ШХАБ-д элс гэж урьсан, шахсан гэх мэтээр манай улстөрчид, судлаачид ярьдаг. 2011 онд ОХУ-ын геополитикч А.Дугин Монгол Улсыг Гаалийн холбоонд элсүүлнэ гэж хүртэл бичиж байсан. Энэ бүхэн эцэстээ эдгээр их гүрнүүдийн түүхэн ашиг сонирхол өнөөг хүртэл хэвээр оршиж байгааг нотолж байгаа хэрэг мөн.
Эндээс харвал ОХУ, БНХАУ өнөөдөр барууны нөлөөг хязгаарлах талаар хамтарсан мэт харагдав ч цаашид тэдний хооронд эдийн засаг, геополитикийн томоохон зөрчил үүсэх нь бараг тодорхой юм. Энэ нөхцөлд бид яах вэ. ОХУ, БНХАУ, АНУ, Европын холбоо, Япон, БНСУ, БНЭУ гээд өөр хоорондоо сөргөлдөж болзошгүй ашиг сонирхлын томоохон зөрчил бүхий их гүрнүүдтэй заримтай нь стратегийн түнш болсон манай орны аюулгүй байдал эмзэгшиж эсхүл баталгаажиж байгааг нэгтгэн дүгнэхэд бэрх бас эрт байгаа нь нууц биш. ОХУ, БНХАУ-ын судлаачдын дүгнэж байгаагаар эдийн засаг улс төрийн нөлөө баруунаас зүүнд, тэр тусмаа Азийн бүс рүү эрчимтэй шилжиж байгааг онцлох болсон. Сүүлийн үед БНХАУ-ын асуудлаар Европын орнууд ч өөр хоорондоо эсрэг тэсрэг байр суурьтай байх болсон. Португал, Грек гэх мэт улс БНХАУ-ын асуудлаар байр сууриа ирэлхийлэхдээ нэлээд болгоомжтой хандах болсон нь илт мэдрэгдэж байна. Гэтэл бидний гуравдах хөрш орнуудыг тэргүүлдэг АНУ-ын хувьд БНХАУ-тай хийх сөргөлдөөн аль хэдийнээ өргөн хүрээг хамарч эхлээд байна. Хэрэв дэлхийн эдийн засгийг тэргүүлэгч хоёр гүрний хооронд өргөн хүрээг хамарсан томоохон маргаан дэгдлээ гэхэд Европын холбоо ЗХУ-ын эсрэг нэгдэж байсан шигээ нэгдмэл байж АНУ-г тууштай дэмжиж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
-Үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулах ёстой байх, үүний тулд гадны, тэр тусмаа гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах ёстой гэдэг дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Эдийн засаггүй аюулгүй байдал бол хоосон ярианаас цаашгүй. Ийм ч учраас дэлхийн эдийн засгийн орчин, худалдаа, үйл явцад өөрийн байр суурийг эзэмших оролцох явдал нь аль ч улсын хувьд чухал юм. Ялангуяа түүхий эд, бараа бүтээгдэхүүний хэрэглээ нь тогтмол өсч буй, дэлхийн хоёр дахь томоохон зах зээлийн дэргэд байгаа Монгол Улсын хувьд гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах маш нь зөв. Хөрөнгө оруулалтыг татах, эдийн засаг, улс төрийн итгэлцэл бий болгох нь үндэсний аюулгүй байдал, хамтын ажиллагааны хувьд хамгийн чухал асуудал мөн. Цаасан дээр уриа лоозон мэт тунхагийн чанартай олон бичиг баримт үзэглэснээс эдийн засгийн үр дагавар бүхий нэг гэрээ байгуулах нь ямар ч цаг үед илүү нөлөөтэй. Энэ нь аль аль талдаа хариуцлага бодитоор бий болгоно. Гэхдээ техник технологи, шинжлэх ухааны хөгжил шингэсэн хөрөнгө оруулалтад илүүтэй анхаарах нь зайлшгүй чухал байна. Хөрөнгө оруулалтын гэрээний ард Монгол Улсын эдийн засаг, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн чадавхи огцом урагшилдаг бол аюулгүй байдлын үүднээс томоохон алхам хийсэн гэсэн үг.
-Улс орнууд ҮАБ-аа хамгаалахын тулд батлан хамгаалах салбартаа том хөрөнгө оруулдаг, манай улс энэ чиглэлдээ хэр анхаарч байгаа бол?
-Монгол Улс батлан хамгаалах зэвсэгт хүчний хувьд өөрийн гэсэн онцлог уламжлалтай орон. Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг 2015 онд УИХ-аас баталсан. Түүнтэй холбоотой багц хуулийн төслүүд батлагдсан. Түүнд зааснаар Монгол Улсын төр нь батлан хамгаалах үйл ажиллагаанд шаардлагатай төсвийг улс орны эдийн засаг ДНБ-ын нөхцөл байдлаас хамаарч шаардлагатай хэмжээнд нэмэгдүүлж байхаар тусгасан байдаг.
-Монгол Улс ер нь Үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэх тал дээр хангалттай сайн ажиллаж чадаж байна уу?
-Монгол Улс Үндэсний аюулгүй байдын үзэл баримтлалын 3-р зүйлд үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг, бэхжүүлэх арга замыг толорхойлсон байдаг. Мэдээж үе үеийн төр засгийн удирдлагууд үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль эрх зүйн баримт бичгээ мөрдөх талаар гэж дор бүрнээ хичээж ажиллаж ирсэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ хангалттай байж, бүх нөөц бололцоогоо дайчилж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй.
-Монгол Улс аюулгүй байдал дээрээ эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай гэдгийг зарим судлаач хэлдэг. Энэ талаар та юу гэж үзэж байна вэ?
-Аливаа эрсдэл нь эрсдэлийн шалтгаан, түүний үр дагавар байгаа үед үүсдэг гэж судлаачид үздэг. Монгол Улс аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг өөрийн түвшиндээ хийсээр ирсэн. Монгол Улсын үндэсний стандартад ч эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх талаар стандарт батлагдсан байдаг. Ялангуяа шинэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хэлэлцэгдэж байх үеэр энэ асуудал маш өргөн хүрээтэй яригдаж, олон талаас үнэлэлт дүгнэлт өгөх оролдлого хийгдсэн байдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал ч үүн дээр тулгуурлаж л батлагдсан гэж ойлгож болно. Тэгэхээр бидэнд үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсэх шалтгаан, түүний үр дагавар болон тулгамдаж болзошгүй аюул эрсдэлийн өөрийн гэсэн төсөөлөл бий. Тэдгээрээс хамгийн наад захын жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2010 оноос эхлээд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл үүсэх магадлал байгаа гэсэн манай эрдэмтдийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан тодорхой, томоохон арга хэмжээнүүдийг авч ирсний нэг нь жил бүр газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах дохиогоор бүх нийтийг хамарсан дадлага сургалтын ажлыг зохион байгуулдаг болсон байдаг. Мэдээж чанаржуулах сайжруулахад анхаарах олон асуудал бий.
-Тэгвэл Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал хэр хамгаалагдсан бэ?
-Дэлхий нийт мэдээллийн зах хязгааргүй орчинд амьдарч байна. Хурдацтай хөгжиж буй техник технлогийн хөгжил түүнийг дагаад мэдээллийн халдашгүй, бүрэн бүтэн хүртээмжтэй байдал, хувь хүн, төрийн болон байгууллагын нууцад төрөл бүрийн аюул эрсдэл учрах болсон. Монгол Улс ч гэсэн энэ асуудлаас тойрч гараагүй. Энэ бүхнийг дагаад хууль эрх зүйн орчин, түүнийг хамгаалах үйл ажиллагааны хувьд ч өөрчлөлт орсоор байгаа. Монгол Улс өнөөдөр ч энэ талаар дэлхий нийтийн чиг хандлагыг даган ажиллаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ ч утгаараа Мэдээллийн аюулгүй байдлын хууль, Тоон гарын үсгийн хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль гэх мэт мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг бүрдүүлэх гол хуулиуд олон жил яригдсан. Мэдээллийн аюулгүй байдлыг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүд дотор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Өргөдөл гомдлын тухай хууль ч онцгой байр суурийг эзэлдэг. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийхэд бидний төсөөлж байснаас хамаагүй муу үнэлгээ гарсан тул цаг алдалгүй шат дараатай арга хэмжээ авах ажлыг эхлүүлсэн байдаг. Гэхдээ өнөөдөр үр дүн нь ямар шатанд яваа талаар надад одоохондоо мэдээлэл алга байна.
"ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ СӨРӨГ МЭДЭЭЛЭЛ ГЭДГЭЭ ТОДОРХОЙ БОЛГОХ ЁСТОЙ"
-Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зарчимд хүний эрх, эрх чөлөөг хамгаална гэж заасан атлаа цахим орчинд иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд цензур тавих нэгж Цагдаагийн ерөнхий газрын дэргэд байгуулагдсан. Монголчууд ардчилсан үзэлтэй атлаа ийм зохицуулалт шинээр хийх болсон нь хэр зохистой юм бэ?
-Хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх бол Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх юм. Дээрх ярилцлагын эхэнд хэлсэнчлэн хүний эрх эрх чөлөөг хангасан, хууль дээдэлсэн, ардчирсан нийгэм байгуулах нь үндэсний аюулгүй байдлын баталгаа мөн гэж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримлалд тусгасан байдаг. Гэтэл Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй алба болох Цагдаагийн байгууллагаас сошиал орчинд үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөх худал мэдээлэлтэй тэмцдэг нэгж байгуулна гэдэг яриаг сонсоод би ч мөн хувьдаа нэлээд гайхсан. Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөх мэдээ, мэдээлэл гэж ямар мэдээллийг хэлж байгаа вэ гэдгээс эхлээд л ойлгомжгүй олон асуудал харагдаж байна лээ. Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах худал мэдээ гэж төрийн, хувийн, байгууллагын нууцтай холбоотой мэдээлэл үү, алан хядах, хорлон сүйтгэх, эдийн засгийн хүчин чадлыг сулруулахтай холбоотой мэдээг хэлж байна уу, эсвэл бүр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үгүйсгэсэн мэдээллийг хэлж байна уу зэрэг яг ямар шалгуураар үндэсний аюулгүй байдалд сөрөг гэж үзэх гэж байгаа нь ч тодорхойгүй санагдсан.
Тэгээд ч миний ойлгож байгаагаар үндэсний аюулгүй байдлын асуудалд хамаарах мэдээлэл, түүний хадгалалт хамгаалалт, түүнд тавих хяналт нь бүхэлдээ тагнуулын байгууллагын харъяаллын асуудал.
Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл түгээхтэй холбоотой гэмт хэрэг цагдаагийн байгууллагад харъяалагдах ч энэ төрлийн гэмт хэрэгт ажиллагаа явуулахын тулд иргэний гомдол мэдээлэлд үндэслэсэн байх шаардлагатай. Төрийн ажил хэргийн хүрээнд даргын өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ тэр нь хуульд зайлшгүй нийцсэн байх л учиртай.
Твиттер, фейсбүүк, аль нэг нийгмийн сүлжээний хэрэгслээр хэн нэгний хэлсэн худал үгэнд ард иргэд бүгд итгэж, түүнийг даган хуулирч буй бол нийгэмд үнэн бодит мэдээлэл хүрэхгүй, мэдээллийн хүртээмж хангалтгүй, ард иргэд мэдээллийн дархлаагүй байгаагийн л шинж. Энэ тохиолдолд ард иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хорих биш харин ч төрийн мэдээллийн удирдлагыг хэрэгжүүлэх чадамжийг сайжруулах нь илүү зохимжтой. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын мэдээллийн аюулгүй байдлын хэсэгт ч энэ талаар авах арга хэмжээг нийгмийг сэтгэхүйг зөв төлөвшүүлэх, мэдээлэлжүүлэх, мэдээллийн дархлаатай болгох гэх мэтээр маш тодорхой тусгасан байдаг.
Ер нь улстөрчид ч, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага ч аливаа асуудал болсны дараа хариу арга хэмжээ авах замаар биш аюул эрсдэлийг урьдчилан таамаглаж судалгаа шинжилгээтэйгээр хамгийн гол нь Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн асуудалд арга хэмжээ авч ажиллах цаг болсныг өнөөдрийн болж байгаа олон үйл явдлууд нотлон харуулсаар байна.
-Хуульчдын хувьд дээрх нэгжийг эсэргүүцэж хүссэн мэдээллээ хяналтдаа оруулахын тулд үндэсний аюулгүй байдал нэрээр бусдын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хянах, боомилох санаархал гэж шүүмжилж байгаа?
-Үндэсний аюулгүй байдал гэдэг нь хэдийгээр өргөн хүрээтэй сэдэв мэт харагдавч асуудлаа ойлгоод ирэхээр ямар нарийн тодорхой, ойлгомжтой юм бүрийг оруулаад байх боломжгүй болохыг ойлгодог. Тэгээд ч цагдаагийн байгууллагад алба хаагчдын тоо хэмжээ нь өдөр тутмын ачаалалдаа хүрэлцэхгүй байгаа талаар Хууль зүйн сайд УИХ-ын чуулганд танилцуулж байна лээ. Ийм нэгж байгуулаад ч ажиллах хүн хүчний хувьд бэрхшээлтэй тулгарна. Хоёрдугаарт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулинд олон нийтийн мэдээллийн агуулгад төрөөс цензур тогтоохгүй, цензур тогтоох байгууллага байгуулбал төрөөс санхүүжүүлэхгүй хэмээн заасан байдаг. Мэдээж ард иргэд хэвлэл мэдээллийнхний хувьд ийм зүйлд эмзэг хандах нь зүйн хэрэг. Твиттер, фейсбүүк гэх мэт сошиал орчин нь дарангуйлал бүхий улс оронд хүссэн хүсээгүй сөрөг хүчнийхний байр сууриа илэрхийлэх, хорогдох орон зай болж эрх барьж байгаа тал нь тэднийг төрөл бүрээр хорьж цагдах асуудал яригддаг дүр зураг байдаг. Монгол Улс арай ч тийм хэмжээнд хүрээгүй хэмээн найдаж байна. Тэгээд ч Монгол Улсын хууль эрх зүйн орчин нь ч тийм боломж олгохгүй гэж ойлгож байгаа.
Холбоотой мэдээ