“Үмхий үнэртэхгүй болсон”

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

“Үмхий үнэртэхгүй болсон”

Өнгөрсөн жилүүдэд Төв цэвэрлэх байгууламжийн үнэр нийслэлийн баруун хэсгээс төв рүү хүртэл халин үнэртэж, нийслэлчүүдэд замын түгжрэл, утаан дээр нь цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр гэх толгойны өвчин нэмэгдсэн билээ. Тухайн үед, их хэмжээний лаг ачиж, хөдөлгөх явцад өмхий үнэр гарч байгаа хэмээн албаныхан тайлбарласан. Гэвч лаг ачиж дууссаны дараа ч үнэр гарч иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Өвлийн улирал ч эхэлж, үмхий үнэр хэсэг намжсан энэ өдрүүдэд “Өвлийн улиралд үнэр нь хэсэг намжлаа. Урин дулааны цаг ирэхэд дахиад л өмхий үнэрээр амьсгалж эхэлнэ дээ” хэмээн иргэд шүүмжилж сууна.

Тэгвэл урин цаг ирсэн ч цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр өнгөрсөн жилийнх шиг үнэртэхгүй болсон гэдгийг Төв цэвэрлэх байгууламжийн Ашиглалтын албаны дарга Ш.Ганзориг хэллээ. Энэ жилийн хувьд улсын төсөвт Төв цэвэрлэх байгууламжийн зарим асуудлыг шийдвэрлэхээр найман тэрбум төгрөг суулгасан. Нэн тэргүүнд лаг боловсруулж, усгүйжүүлэх, үнэргүйжүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжаас гарах  их хэмжээний үмхий үнэр арилсан, урин дулааны үед төв цэвэрлэх байгууламжийн ойр орчим бага зэргийн үнэр мэдрэгдэнэ гэдгийг албаныхан хэллээ.

Энэ хугацаанд түүхий лагийг үнэргүйжүүлэх 10 гаруй туршилт хийжээ. Дотоодын болон гадны орны туршлагуудаас хэрэгжүүлж үзсэн байна. Ш.Ганзориг “Эдгээр туршилтын зарим нь үр дүнгээ өгсөн. Цаашид нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжийнхан лаган дээр үр цацах ажил хийж байна. Өнгөрсөн жилийн лаган дээр 300 гаруй тонн үртэс, 600 гаруй зэрлэг ургамлын үр цацах ажил хийгээд, дуусах шатандаа явж байгаа гэлээ. Урин дулаан цагтай уралдан үртэс цацах ажлаа дуусгана хэмээн тэд мэдээлсэн юм.

Ингээд үртэс цацсаны дараа усгүйжүүлэх байгууламж, өтгөрүүлэгч, насосны станц засах зэрэг ажил эхлүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжид эдгээр байгууламжийг ашиглалтад оруулбал өмхий үнэр өнгөрсөн жилтэй харьцуулахад 90 хувиар буурна хэмээн тэд тооцоолсон байна.

Монгол Улсын Засгийн газар, Франц Улсын мэргэжилтнүүдтэй хамтран Төв цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлсэн. Гэсэн хэдий ч шинэ цэвэрлэх байгууламжтай болоход дор хаяж 4-5 жил шаардлагатай юм. Тиймээс энэ хугацаанд хуучин цэвэрлэх байгууламжид урсгал болон зарим засвар, шинэчлэлийг төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн хэмээн Төв цэвэрлэх байгууламжийн Ашиглалтын албаны дарга Ш.Ганзориг мэдээллээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж