“Номад" бонд зах зээлтэй уялдуулсан жижиг тохиргоо

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

“Номад" бонд зах зээлтэй уялдуулсан жижиг тохиргоо

“Номад" бонд зах зээлтэй уялдуулсан жижиг тохиргоо

Монгол Улс хугацаа тулсан, өндөр хүүтэй “Мазаалай”, “Чингис” бондуудыг бага хүүтэй “Номад” бондоор сольж арилжаалан, бонд төлөх хугацааг хойшлуулсанаа өнгөрсөн долоо хоногт зарласан. 5.125% хүүтэй, 600 сая ам.долларын “Номад” бонд гаргаснаар 10.875% хүүтэй, 500 сая ам.долларын “Мазаалай” бонд, 5.125% хүүтэй нэг тэрбум ам.долларын “Чингис” бондын тодорхой хэсгийг буцаан, жил бүр төлөх бондын хүүгийн зардлаас 76 орчим тэрбум төгрөг (26.7 сая ам.доллар) хэмнэж, цаг нь тулсан төлбөрүүдээ хойшлууллаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн.

Ч.Хүрэлбаатар сайд “Өндөр хүүтэй (10.875 хувь) бондыг “Номад” бондоор сольсноор Засгийн газрын жил бүрийн гадаад төлбөрийн дарамт буурч, бондын хүүгийн зардал жилд 26 сая ам.доллараар буурна. Сангийн яам 2021-2022 онд нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг эргүүлэн төлнө. Эдгээр бондын төлөх хугацааг 5.5 жилээр хойшлуулснаар макро эдийн засаг, төсөв, төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд ирэх дарамт буурна” гэж тайлбарласан билээ.

Шинэ бонд Standard&Poоrs, Fitch агентлагуудаас В/В үнэлгээ авчээ.

Хэдийгээр олон улсын зах зээл дээр амжилттай арилжаалсан гэж мэдээлсэн ч өрийг өрөөр дарж буй “аргацаасан” шийдвэр нь алс хэтдээ “хортой”, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөнтэй адил, үр ашиггүй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаа царцаасан бол энэ байтугай бондын мөнгө хэмнэх байсан хэмээн зарим эдийн засагчид шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлж буй юм.

БАГА ХҮҮТЭЙ БОНД ГАРГАЖ, АРИЛЖААНЫ ӨНДӨР ХҮҮТЭЙ ӨМНӨХ ЗЭЭЛҮҮДЭЭ СОЛИХ НЬ ЗӨВ

Харин зарим нь Засгийн газрын энэхүү шийдвэрийг дэмжсэн байр суурьтай байна. Эдийн засагч Ч.Хашчулуун хүүг бууруулахын тулд бага хүүтэй бонд гаргах, нөгөө талаас хоёр улсын хооронд юм уу олон улсаас хөнгөлөлттэй зээлээр аваад, арилжааны өндөр хүүтэй өмнөх зээлүүдээ солих нь зөв гэсэн байр суурь илэрхийлсэн.

Эдийн засагч Б.Лхагважавын хувьд Засгийн газар бондуудын төлбөр төлөх цаг ойртоод ирэхээр хүнд асуудалтай тулгарах болно гээд, эрх баригчдын бэлэн мөнгөөр тоглодог тоглоомыг бид хязгаар хяналтгүй явуулж байна хэмээн хатуухан шүүмжилсэн юм.

Эдийн засагч Г.Ганзориг “Бид саяхан 2021 онд төлөгдөх “Мазаалай” бондын дахин санхүүжилтийг хийж чадлаа. “Мазаалай” бондыг 2016 онд босгосон бөгөөд тухайн үедээ 10.875 хувийн хүүтэй гаргасан. Доллар дээр ийм хүү төлнө гэдэг маш өндөр дүн. Энэхүү өрийг 5.12 хувийн хүүтэй бондоор солих нь сайн хэрэг л дээ. Гол нь зах зээлийн нөхцөл байдал бидэнд ийм боломж олголоо. Яагаад гэхээр “Ковид-19”-өөс улбаалан дэлхий даяар ам.долларын хүү буурсан. Энэ оны хавар АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0-0.25 хувь болгосон нь нөлөөлж байна. Тийм ч болохоор манай 5.12 хувийн хүүтэй бонд дээр 3.5 дахин их эрэлт ирсэн байсан. Нөхцөл байдал ийм байгаа үед бид 2022 онд төлөх “Чингис” бондынхоо дахин санхүүжилтийг ч төвөггүй хийхээр харагдаж байна.

Нэг бонд өөр нэртэй болоод өөр хөрөнгө оруулагчидтай болох нь том ач холбогдолтой биш. Ямар ч улс тодорхой өртэй байдаг. Тэрхүү өр нь хөрөнгө оруулагчдын гар дамжин зарагдах нь зүй ёсны л хэрэг. Дахин санхүүжилт бол үүний л нэг хэлбэр. Хөрөнгө оруулагч маань л бага зэрэг өөрчлөгдөж байна. Гэхдээ нөгөө хэдэн хөрөнгө удирдлагын компаниуд байгаа шүү дээ. Тэд л дийлэнхийг хамдаг нь жам. Энд нэг асуудал бий. Том зургаар нь харвал аливаа өр болгон өөрийн гэсэн зорилготой байдаг. Улсын хувьд бол тус мөнгө улсын хөгжлийг нэг алхам урагшлуулах ёстой. Тэгээд нийт эдийн засаг нь тэлээд эргээд, нөгөө өр нь өчүүхэн болж явдаг. Харин манайд буй асуудал нь бид их өр тавьсан атлаа түүнийгээ үр ашигтайгаар зарцуулж чадаагүй. Тэрнээсээ болоод эдийн засаг хангалттай тэлж чадаагүй. Ийнхүү өрийн дарамт нь их үлдсэн. Энэхүү дахин санхүүжилтийн асуудал нь зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан жижиг тохиргоонууд хийж байгаа хэрэг. Хийгдэх ёстой байсан л ажил” гэв.

Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтайн мэдээлснээр, “Номад” бондын захиалга нийлүүлэлтээсээ 3.5 дахин давжээ.

Тэрбээр “Номад” бондыг дагаад гадны хөрөнгө оруулагчид орж ирэхийн зэрэгцээ валютын урсгалыг нэмэх давуу талтайг онцолсон. Мөн Х.Алтай захирал ойрын үед дотоодын үнэт цаас яаралтай гаргах нь зөв гэж бодож яваагаа хуваалцсан. Учир нь Засгийн газрын үнэт цаас гэдэг маш том зохицуулалтын хэрэгсэл. Ойрын хоёр жил гараагүй бөгөөд одоо гарвал бенчмарк тогтохоос эхлээд, төгрөгийн хөрөнгө оруулах чадварыг нэмэгдүүлэх маш чухал чухал ач холбогдолтой. Тиймээс Хөрөнгийн биржээр дамжуулан Засгийн газар үнэт цаас гаргавал илүү үр дүнтэйг хэлсэн билээ.

МОНГОЛ УЛС ӨРИЙН ДАРАМТАД БАЙНА

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар өрийн дарамт их байгаа юм. 2020 оны хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 30 орчим тэрбум ам.доллар байна. Үүнийг ДНБ-д харьцуулан үзвэл 232 хувьтай тэнцэж буй нь маш том дүн юм. Манайх шиг жижиг эдийн засагт энэ нь үлэмж хэмжээ гэдгийг эдийн засагчид онцолж байна. Энэхүү өрөөс 7.9 тэрбум ам.доллар нь засгийн газрын өр билээ.

Энэ оны эхний хагас жилд манай эдийн засаг чөлөөт уналтаар буюу -9.7 хувиар агшсан. Уул уурхайн салбарын экспорт 50 хувиар буурсан бол өнгөрсөн сарын байдлаар -10 хувь болж, сэргэх төлөв ажиглагдаж байгаа юм. Гэсэн ч уул уурхай, үйлдвэрлэл, барилга, тээвэр, агуулахын үйлчилгээ, худалдаа, үйлчилгээний салбар хүнд нөхцөлд хэвээр байна.

“Ковид 19”-ийн улмаас энэ онд 27 мянган иргэн ажилгүй болсон, албан бус салбарт ажиллагсад (лангуу түрээслэн худалдаа эрхлэгчид, гар дээрээс наймаа хийдэг иргэд, жуулчдад үйлчилдэг орон нутгийн иргэд гэх мэт) хамгийн их хохирол амссан гэж эдийн засагчид дүгнэсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж