Өнөөдөр тагнуулч, маргааш ялтан!

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Өнөөдөр тагнуулч, маргааш ялтан!

Өнөөдөр тагнуулч, маргааш ялтан!

Өнөөдрөөс сар гаруйн өмнө наймдугаар сарын 25-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Засгийн газрын албан мэдээнд өөрсдийнх нь  хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөсөн тухай дурдсан ч үндсэндээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гомдол, шахалт, шаардлагаар тэднийг  ажлаас халсан болох нь удалгүй тодорхой болсон юм. Учир нь, Л.Оюун-Эрдэнэ “Намайг тагнаж чагнах ажиллагаанд оролцсон байж болзошгүй Тагнуулын байгууллагын 11 хүний нэрийг би гаргаж өгсөн. Би Д.Гэрэлийг зүгээр өнгөрөөхгүй. Эцсийг нь хүртэл явна” гэж экс тагнуулчтай “дайн” зарласнаа хэвлэлээр ил тод зарласан билээ. Л.Оюун-Эрдэнэ сайдын гомдлын дагуу хууль бусаар бусдыг тагнасан, чагнасан гэх  асуудлаар тагнуулын дарга асан Д.Гэрэл нарын найман хүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, хурандаа Н.Баясгалан цагдан хоригдоод байгаа билээ.

Ийнхүү бусдыг хууль бусаар тагнасан чагнасан гэх хэрэгт ТЕГ-ын гурав дахь дарга шоронгийн хаалга татах нь цаг хугацааны асуудал болжээ. Энэ бол Монголын улс төрд шинэ дуулиан биш. Товчхондоо, Монголын улстөрчдийн хорхойтой араанд зуугдсан тагнуулын дарга нар шоронгийн хаалга татдаг нь “гэм биш ээ” гэсэн үг.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн “занаанд орсон” Д.Гэрэл лав “зүгээр” өнгөрөхгүй биз. Уг нь, өнгөрсөн хавар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх “ТЕГ-ын дарга Д. Гэрэл 1990 оноос хойш гадаадын тагнуулуудыг барьсан анхны дарга” гэж амаа олохгүй магтаад байсан биш үү.

Тагнуулын ерөнхий газар нь Засгийн газрын харъяа, Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг агентлаг. Гэтэл үе, үеийн дарга нар нь танхимын сайд нартайгаа зөрчилдөж, шоронд явах нь Монголын улс төрд хэвийн үзэгдэл болох шинжтэй. Дагаад жирийн үүрэг гүйцэтгэгчид нь ажлаа хийж явсныхаа төлөө хэлмэгддэг, хоригддог болох нь.

 ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Баатар Ц.Нямдоржийг “гүтгэсэн” буюу төрийн нууцыг задруулсан хэргээр долоон жилийн ял сонссон бол Б.Хурцыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэж гурван жилийн ял оногдуулсан. Дараагийн тагнуулч нь одоо Д.Гэрэл болж байна. Түүнд бусдыг хууль бусаар тагнаж, чагнасан гэх эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харамсалтай нь, ТЕГ-ын экс дарга нарын хэрэгт холбогдуулж, ТЕГ-ын олон албан хаагч гэмт хэрэгтэн болдог, ял шийтгэл хүлээдэг. Б.Хурцтай хамт есөн хүнийг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчиж, хориглосон ажиллагаа явуулсан, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэж шүүхээс ял оноосон. Одоо найман тагнуулчийг Д.Гэрэлийн хэрэгт холбон шалгаж байгаа. Ингэхэд энэ Монголд чинь тагнуулч үлдэх нь үү.

Өнгөрсөн Баасан гаригт С.Зоригийн хөшөөнд Ардчилсан намынхан цэцэг өргөж эмгэнэл илэрхийлэв. С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг 18 жилийн дараа олж, шүүхээс ялласан. Гэвч, Ц.Нямдорж "тэд бишээ, Б.Хурц тэднийг хэлмэгдүүлсэн" гэдэг. Тэрхүү аймшигт хэрэг гарсаар 22 жил өнгөрсөн хэдий ч  захиалагчийг нь одоо хүртэл олж зарласангүй. Уг нь ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Б.Хурц хэргийн захиалагчийг удахгүй зарлана гэж байсан ч удалгүй түүнийг Ц.Нямдорж албан тушаалаас нь зайлуулсан, шоронд хийсэн.

Б.Хурц, Ц.Нямдорж хоёрын зодоон бол С.Зоригийн хэргээс болсон нь үнэн. 2017 онд ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Б.Хурц “Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо сайд болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна. Сайд болохоороо энэ хүн шууд Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг” тухай хэвлэлийн хурал хийж байв. Хариуд нь Ц.Нямдорж “Тагнуулын ерөнхий газрын даргыг заавал солино” гэж заналхийлж, санасандаа ч хүрсэн.

Б.Хурцыг ажлаас нь халсны дараагаас С.Зоригийн амь насыг хөнөөсөн захиалагчийг зарлах асуудал тэгсхийгээд нам жим болж, харин Ц.Нямдоржийн хувьд өнгөрсөн хугацаанд Хууль зүй дотоод хэргийн сайд гэхээсээ хэрэгтнүүдийн өмгөөлөгч шиг ажиллаж ирсэн нь худлаа биш. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг удаа дараа шаардсан Ц.Нямдоржийн мэдэгдэл, ярилцлага, хэвлэлийн хурлын мэдээ интернетээр дүүрэн бий.

2019 онд Ц.Нямдорж сайд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх 27 минут бүхий бичлэгийг гишүүд, сэтгүүлчдэд үзүүлж, энэ хэрэгт Б.Хурц ял авч, өдгөө шоронд сууж байна. Хэрэвзээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар үнэхээр Ц.Нямдоржийн хэлсэн шиг  гэм зэмгүй хүмүүс мөн болохыг тогтооход эсвэл С.Зоригийг амийг хөнөөх захиалга тэдэнд өгсөн  захиалагчийг олохын тулд Ерөнхийлөгч Х.Баттулга уг хэргийг төрийн нууцаас гаргах цаг болсон. Ядаж л Ц.Нямдорж сайд  Б.Хурцыг хэлмэгдүүлсэн эсэхийг, Б.Хурц тагнуулч Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хүчээр ял хүлээлгэсэн үгүйг иргэд мэдэх эрхтэй. Тэгээд ч одоо Ц.Нямдорж  хуулийн байгууллагаар саад хийж чадахгүй болсон байлгүй.

Б.Хурц ажлаа өгөхөөс өмнө хэвлэлийнхэнд өгсөн анхаарал татахуйц мэдээлэл нь  “Ц.Нямдорж гэж хүний тагнуулын холбоотой асуудал гадны тусгай албатай холбоотой байсан уу үгүй гэдэг асуудал байсан. Үүнийг шалгасан. Энэ хэргийг одоо нууцлалын зэргээс гаргах боломжтой болсон. Гадны албадад мэдээлэл өгсөн зэрэг хэргээр нэвтрүүлэг баримтат кино хийж бусад албан хаагчдад сэрэмжлүүлэг болох хэрэгтэй гэж боддог. Тэр 42 хуудас материал тэр үед алдагдсан юм шиг байгаа юм” гэх үг. ТЕГ-ын дарга асан Ж.Баатар Ц.Нямдоржийг Хятадын тусгай албадтай холбогдож байсан гэж байнга ярьдаг. Гэхдээ Ц.Нямдоржийг Хятадын тагнуул байсныг хэн ч тогтоогоогүй өнгөрсөн. Харин Ж.Баатар төрийн нууц задруулсан хэргээр шоронд суусан. Тэгээд одоо хэн нь худалчийг хэлэхэд хэцүү.

Энэ бүхнээс харахад улстөрчид нь гэмтэй болоод тагнуулынхнаасаа айгаад байдаг уу, тагнуулчид нь гэмтэй болоод улстөрчидөө айлгаад байдаг уу. Асуудал нь тагнуулчдаа байна уу, улстөрчдөд байна уу. Иргэдийн хувьд эргэлзээтэй олон асуулт хардлага дагуулсаар.

Тагнасан, чагнасан, гүтгэсэн, төрийн нууц задруулсан, эрүүдэн шүүсэн гэж ТЕГ-ын дарга болгоныг баривчилж, хорьдог юм аа гэхнээ даргынхаа даалгаврыг гүйцэтгэж явсан жирийн үүрэг гүйцэтгэгчдийн хувьд “өнөөдөр тагнуулч, маргааш ялтан” болохгүй гэсэн баталгаа байна уу!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
10
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж