Ч.Отгочулуу: Тэд итгэж байхад бид яагаад айх ёстой юм бэ

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Ч.Отгочулуу: Тэд итгэж байхад бид яагаад айх ёстой юм бэ

Эдийн засагч, судлаач Ч.Отгочулуутай ярилцлаа.

-Сүүлийн үед Монгол Улсын гадаад өр хэрээс хэтэрч, Монгол хүн бүр их хэмжээний мөнгөний өрөнд орсон гэх мэдээлэл гарах боллоо. Үүний шалтгаан нь Бонд гэх. Тантай бондын тухай ярилцах гэсэн юм?

-Болно.

-Дэлхийн жишгээр бондын хувь хэмжээ эдийн засгийнхаа хэдэн хувьтай тэнцүү байдаг юм бэ. Манай улс дампуурахад ойрхон байгаа, өр зээлээ дийлэхээ байсан гэсэн мэдээллүүд сүүлийн үед их гарах болсон. Энэ үнэн үү?

-Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас олон улсын стандартаар байнга гаргадаг тайлангаас энэ талаар харж болно. Дэлхийн дунджаар бондын хувь хэмжээ тухайн улсын эдийн засагт ямар хувьтай байдаг талаар энэ тайланд тодорхой дурддаг. Ерөнхийдөө тухайн улсын эдийн засагт эзлэх Засгийн газрын өр 60-80 хувьтай байгаа.

-Манай улсын Засгийн газрын өр хэд байгаа вэ?

-55 хувьтай шүү дээ. Олон улсын дундаж төвшинд байна гэж ойлгож болно. Гадаад өр их боллоо гээд байгаа нь хувийн компаниудын гадаадаас авсан өр зээлийг оруулж тооцоод байгаа юм. Хувийн өр гэдэг нь Засгийн газар буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөхгүй, тухайн компани өөрөө эрсдэлээ даагаад авч байгаа өр зээлийг хэлдэг. Би нэг чухал статистик хэлье. Таван жилийн өмнө манай улсын гадаад өрийн бараг 90 хувь нь Засгийн газрын, тодруулбал татвар төлөгчдийн мөнгөөр баталгаажсан өр байсан. Одоо энэ байдал эрс өөрчлөгдсөн. Одоо нийт гадаад өрийн бараг 60-70 хувь нь хувийн хэвшлийнхний авсан зээл. Манайх дунд орлоготой орны тоонд орсон учраас хөгжлийн албан ёсны зээл авах хугацаа нь дуусчихсан. Харин хувийн хэвшлийнхэн өөрсдөө эрсдэлээ үүрээд гаднаас зээл босговол тэр нь манай өрд бичигдээд байгаа юм. Бид хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөх Засгийн газрын өрөнд л санаа тавих хэрэгтэй юм.

-Нэг монгол хүн бүр, бараг л шинээр төрөх хүүхэд хүртэл хэдэн зуун сая төгрөгийн өртэй боллоо гэсэн мэдээлэл гарч байсан. Хувийн хэвшлийнхний авсан өр зээлийг оруулж тооцоолсон гэсэн үг үү?

-Манай гадаад өр 10-15 жилийн хугацаанд төлөх дүнг нь харвал өндөр харагдаж байгаа. Яг хэсэгчлээд төлөх хуваарийг нь харвал манай улсын жилийн экспортын орлогын 20 хувьтай тэнцэж байгаа. Бид жилд экспортлож байгаа экспортынхоо 20 хувиар тухайн жилийнхээ өрийг төлнө. Энэ бол олон улсын дундаж хэмжээнд л байна гэсэн үг. Бүгд Найрамдах Казахстан Улсын гадаад өр гэхэд 30-40 хувьтай болсон байна л даа. Миний ойлгосноор УИХ-аас тогтоол гарч таван тэрбум ам.долларын эрхийг Засгийн газарт өгсөн юм билээ. Энэ бол манай улсын 1-2 жилийн экспортын л хэмжээ. Эндээс 1.5 тэрбум ам.доллар нь Чингис бонд хэлбэрээр орж ирсэн байгаа. Чингис бонд, Самурай бонд нийлээд 1.8 тэрбум орчим ам.доллар. Манайхан бонд гэхээр өр гэж ойлгоод байдаг. Хүн бүр цалингийн зээл, машин, байр зээлээр авдагтай л адилхан. Зээл авснаар надад ямар давуу тал бий болж байна гэхээр би цаг хугацааг агшааж байгаа. Товчхондоо, 30 жил ажиллаж байж байр авах биш, өнөөдөр байраа зээлээр авсан нь цаг хугацааны хувьд ашигтай. Чингис бондыг авснаар 60 мянган ажлын байр бий болгосон. Сүүлийн 20 жилд огт барьж чадаагүй замыг гуравхан жилийн дотор барьчихлаа. 800 мегаваттын цахилгаан станцыг ашиглалтад оруулсан байна. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр монголчуудад ажлын байр хэрэгтэй. Ажлын байрыг хамгийн их хойшоо чангааж байгаа зүйл бол өндөр хүүтэй зээл, хоёрдугаарт хөдөө орон нутагт цахилгаан байхгүй, гуравдугаарт зам байхгүй байсан. Одоо энэ байдал өөрчлөгдөж байна. Ажил хийе гэсэн хүмүүст Чингис бондоос хөнгөлөлттэй зээл олгож байна. Зам барьж, эрчим хүчнийх нь асуудлыг шийдээд өглөө. Ингэхээр хувийн хэвшил нь ажлын байр бий болгодог, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн замаар илүү тогтвортой, эрүүл ажлын байр бий болох нөхцөл бүрдэж байна.

-Дэлхий нийтээр эдийн засаг хямарсан таагүй жилүүд тохиож байна. Гэхдээ эдийн засгийн хямралтай учир өр тавиад амь аргацаая гэж болохгүй байх л даа. Яаж өрсөлдөх ёстой юм бэ. Өрсөлдөх чадвар, өр хоёр ер нь ямар хамааралтай вэ?

-Өр ихтэй байх нь тийм сайн үзүүлэлт биш. Гэхдээ нэг сонин хамаарал байдаг. Өрсөлдөх чадвараар хамгийн сайн үзүүлэлттэй орон бол Сингапур. Гэтэл Сингапурын гадаад өргийг эдийн засагтай нь харьцуулахад маш өндөр. Итгэл даах чадвар өндөр байгаа учир гадаадынхан зээл өгч байна. Улс орнуудын эдийн засгийг гадаад өртэй нь харьцуулахад өрсөлдөх чадвартай улс орон их хэмжээний зээлтэй байдаг. Үүний аль нь учир шалтгаан бэ гээд хөөгөөд үзвэл сонирхолтой зүйл гарна. Тэртэй тэргүй орж ирэх орлогоо түрүүлж аваад ирээдүйд олох нэг төгрөгөө гурван төгрөг болгох боломж юм. Тэгэхээр өр гэхээс илүү хөрөнгө оруулалт гэж ойлгож болно.

-Бонд босгоогүй бол… Эдийн засаг ямархуу байх байсан бол?

-Хэрвээ бид Чингис, Самурай бондуудыг босгоогүй, Оюутолгойг явуулаагүй байсан бол манай эдийн засаг өдийд 3-4 дахин жижиг, гудамжинд явж байгаа машины тоо бага, гадаадад сурч байгаа оюутны тоо 3-4 дахин бага, манай малчдын орлого 3-4 дахин,татварын оролого 3-4 дахин бага байх байсан. Хэтэрхий мэргэн жараахай шиг юу ч хийхгүй байгаад байх юм уу, эсвэл нэгэнт өрсөлдөөнтэй зах зээлд боломжоо өсгөж байх нь зөв үү. Манай эдийн засаг бол сүүлийн таван жилд дахин дахин томорлоо. Цаашаа ч өсөх боломжтой. Энгийн жишээ хэлье. Сая Ил тод байдлын хууль гарлаа. Үхмэл далд байсан хөрөнгийг ил гаргахад долоон их наяд гэж яриад л байна. Манай эдийн засаг 22 их наяд. Зарим хүн нь эдийн засгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө илэрч гарч ирлээ л гэж байна. Зээлийн тэлэлтийг харахад бас өөр тоо гарна. Бизнесийг зохицуулж байгаа хууль эрх зүй нь тийм ч таатай биш байна. Үүнээс үүдээд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө албан ёсны статистик бүртгэлд орохгүй байна. Манай улсын эдийн засаг сайн байх боломж уг нь харагдаж байгаа юм.

-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан гэх муу мэдээ сонсоод удаж байна. Төмөр зам бариагүй нь ч дээр байж гэх мэт таагүй яриа дагадаг болжээ. Гэтэл бондын мөнгөөс төмөр замын төсөл рүү оруулсан байгаа. Нэг хэсэгтээ хойш тавих төсөл байсан уу, санхүүжүүлэх нь зөв байсан уу?

-Манай улс сайн чанарын коксжих нүүрсээрээ Хятадын зах зээл дээр өрсөлддөг. Сүүлийн үед өрсөлдөөн нэлээн ширүүсч байна л даа. Автрали, Индонези, ОХУ зэрэг нь хүчтэй өрсөлдөгч нар. Гэхдээ бидэнд нэг давуу тал байгаа нь чанартай сайн чанарын нүүрс. Гэвч яалт ч үгүй нүүрсний үнэ уначихсан. Түүнээс гадна манай улсын өрсөлдөх чадварыг хойш татаж байгаа зүйл бол тээврийн зардал. Манайх шиг ачааны машинаар нүүрсээ, зэсээ, газрын тосоо зөөж зардаг улс дэлхий дээр байхгүй. Энэ бол өндөр зардалтай байдаг. Хэрэв бид төмөр замтай болчихвол тээврийн зардал хоёр дахин буурах судалгаа байдаг. Нүүрсний хувьд шатаагаад дулаан гаргаад байдаг зүйл биш, ган үйлдвэрлэдэг учир нүүрсний эрэлт хэрэгцээ байсаар байна. Хятадын эдийн засаг бол дэлхийн эдийн засгийн 20 хувийг эзэлдэг, манай улсын эдийн засгаас 1000 дахин том. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй байх. Их халалтыг зөөлөн газардуулах бодлого барьж, эдийн засгийн эрс өсөлтийг сааруулж байгаа юм билээ. Энэ байдал нөлөөлж байгаа.

Хятадууд нүүрс худалдаж авах үнээ бууруулчихаар нийлүүлж байгаа компаниуд нь өгч байгаа тоо хэмжээгээ нэмэгдүүлж байгаа юм. Компаниуд ажлын байраа хадгалж үлдэхийн тулд ижил стратеги баримталж, авч байгаа хятадууд үнээ бууруулсан нь ийм байдалд хүргээд байна л даа. Газрын тос ч гэсэн ийм л байдалд орсон. Энэ нэг их удаан үргэлжлэхгүй байх. Нийлүүлэгч компаниуд ч төслөө зогсоогоод дампуураад эхэлсэн. Өнөөдөр нийлүүлэлт нь эрэлтээсээ давчихаад байна. Эрэлт нь нийлүүлэлтээсээ даваад эхлэхээр нүүрсний үнэ эргээд өснө. Бид тэр болтол тэсч үлдэх бэлтгэлтэй байх ёстой. Нүүрсний үнэ унасан ч зэсийн эрэлт бас боломжийн хэмжээнд байна. Хятадад нэг байдал үүссэн нь зэсийг нөөцөлж болдог байсан. Тэрийгээ болиод хурдан зараад эхэлхээр зэх зээл дээр нийлүүлэлт их болсон байна. Гэхдээ энэ нийлүүлэлтийн илүүдэл удаан үргэлжлэхгүй буцаад хэвэндээ орно.

-Оюутолгой зогсчих вий, зэсийн үнэ унах вий, нийлүүлэлт илүүдээд эхлэх вий гэдэг ыол бидний айдас болжээ. Оюутолгойтой адил төслүүд рүү хөрөнгө мөнгөө оруулдаг хүмүүс дэлхийд хэр их байдаг юм бэ?

-Түүхий эдээ экспортолдог улс дэлхий дээр байна. Мөн тэр төсөл рүү нь хөрөнгөө оруулаад ашиг олдог компаниуд, улсууд ч бий. Үүнийг судалж үзэхэд 2010, 2011 онд түүхий эдийн үнэ өндөр байхад баян орнуудаас манайх шиг хөгжиж буй орнууд руу жилд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг байж. Энэ нь манай улсын эдийн засгийн 50 дахин өсгөсөн хэмжээний мөнгө гэсэн үг л дээ. Энэ байдал 2012 онд нэлээд буурсан, 2013 буураад 2014 онд хасах 500 тэрбум (-500 тэрбум) болсон. Өөрөөр хэлбэл, оруулсан хөрөнгөө эргүүлж татах үзэгдэл дэлхий даяар бий болжээ. Энэ онд ч буурах хандлага байна. Гэхдээ манайх үүний эсрэг сэлж чадсан. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтад зориулж дэлхийн хамгийн шилдэг 15 банкаас 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадлаа. Товчхондоо,  дэлхий даяараа хямарч байхад бид харин Оюутолгойгоор дамжуулаад хөрөнгө оруулалт татаж чадаж байгаа юм.

-Оюутолгойн хөрөнгө оруулалт бол яахын аргагүй эерэг мессэж болж чадсан. Манай улсын эдийн засаг ойрын хоёр гурван жилдээ ямархуу байх бол?

-2016, 2017 онд хүнд байна. Тухайлбал, Чингис бондын эргэн төлөлтөд 700 сая ам.доллар төлөхөөс 500 сая нь бэлэн байгаа юм билээ. Үлдсэн 200 сая долларыг нэг жилд олчих байх. Нөхцөл байдал хүнд байгаа гэдэг нь манай гол худалдан авагч хятадын эдийн засаг, дэлхийн зах зээл хүнд байгааг л хэлээд байгаа юм. Харин бидэнд боломж байгаа, айх шаардлага байхгүй. Манайд боломж байгаа гэдэг нь бидэнд итгэж зээл өгч байна шүү дээ. Тэд итгэж байхад бид яагаад айх ёстой юм бэ.

Б.БААТАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж