Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Гималайн нуруунд шинээр барьсан хонгилыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр Хятад улсын хилийн маргаан ширүүсэх үед Энэтхэгийн талаас маргаантай бүс рүү цэрэг, зэвсэг, нэмэлт хүч тээвэрлэхэд илүү бага хугацаа зарцуулах боломжтой болсон байна.
Тус хонгил Энэтхэгийн умард хэсгийн Химачал Прадеш мужийг дайран өнгөрч, хилийн маргаантай Ладах нутаг руу цэрэг тээвэрлэх гол хоёр замыг холбосон гэнэ.
Энэ оны зургадугаар сард тус нутагт цэргийн мөргөлдөөн болж, Энэтхэгийн 20 цэрэг, БНХАУ-ын тодорхойгүй тооны цэрэг амь үрэгдсэн билээ. Түүнээс хойш хоёр улсын харилцаа эрс муудаж, маргаантай бүс рүү хэдэн арван мянган цэрэг, зэвсэг нэмэлт хүч болгон илгээж, болзошгүй тулааны бэлтгэлийг хангаж байгаа юм.
Энэтхэгийн шинээр барьсан хонгил 400 сая ам.доллараар бүтсэн бөгөөд нийт есөн км урт. Мөн уг хонгилын ачаар Ладах руу очих шуурхай нэмэлт хүч Гималайн нурууны аюултай замаар 50 км явах шаардлагагүй болж, нийт дөрвөн цаг хэмнэх боломжтой болжээ.
Хонгил далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт байрлаж буй юм. Байгаль орчин, цаг агаарын маш хүнд нөхцөлд хонгилыг амжилттай барьж, ашиглалтад оруулсан нь инженерүүдийн агуу ур чадвар мөн хэмээн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Тэсгим хүйтэн цаг агаараас болоод ажилчид жилийн зургаан сард нь л ажилласаар нийт арван жилийн турш дээрх хонгилыг барьжээ.
Энэ байгууламж нь зөвхөн цэрэг армийн талаас төдийгүй нутгийн иргэд, аялал жуулчлалд ч олон сайн үр дүн үзүүлнэ хэмээн Нарендра Моди найдаж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: AFP.COM
Холбоотой мэдээ