Posted by News.mn on Sunday, October 4, 2020
Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр /2020.10.05/ 11.00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яамны шинэ байранд Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг танилцууллаа.
Энэ үеэр үндэсний бөхийн тамирчин Б.Бат-Оршихын 4407678 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт-2020”-д орсон S1.1 бүлгийн треболон, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн ацетазоламид буюу шээс хөөх эм илэрсэн.
Мөн Р.Пүрэвдагвын 4407679 дугаартай дээжид S1.1 бүлгийн 19-норандростерон, дростанолон болон S4 бүлгийн тамоксифен илэрсэн бол Н.Батсуурийн 4406049 дугаартай дээжээс S4 бүлгийн триметазидин гэх бодис илэрсэн гэдгийг Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээллээ.
“Цаашид эрийн гурван наадмыг мэргэжлийн спорт мөн эсэхийг судалж байгаа”
Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээлэхдээ “Энэ жилийн үндэсний их баяр наадамд таваас дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ руу илгээсэн байсан. Лабораторийн хариуг есдүгээр сарын 8-нд ирүүлсэн. Уг албан бичигт дурдсанаар үндэсний их баяр наадамд зургаа давсан Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой гурван төрлийн бодис, хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсууриас нэг төрлийн, хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис тус, тус илэрсэн. Эдгээр бөхөөс допингийн бодис илэрсэн учраас Үндэсний бөхийн салбар хорооны журамд заасны дагуу 10 хоногийн дотор шинжилгээний хариуг гурван бөхөд танилцуулсан. Мөн холбогдох журамд заасны дагуу бөхчүүд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүйгээ мэдэгдэх ёстой байдаг. Гурван бөх “А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна” гэдэг хариугаа өгсөн. Улсын аварга Н.Батсуурь, Б.Бат-Орших нар хариугаа бичгээр өгсөн. Мөн Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар хэвлэлийн бага хурал хийсэн.
Монголын үндэсний бөхийн салбар хороо 15 гишүүнтэй байдаг. Салбар хорооны гишүүд тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгох, шинээр олгосон цолыг хурааж авах, мөн зохих цол, чимгийг олгуулах эсэхийг асуудлаар хуралдаж, санал гаргана. Үндэсний баяр наадмын үндэсний хороонд уламжилдаг. Энэ хороо маань хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал хүргүүлдэг дүрэм журамтай. Ирэх долоо хоногт хурлын тов гарна. Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдсан. Хууль батлагдсан цагаас Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээг авч ирсэн. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд энэ хуульд хоёр удаа л нэмэлт өөрчлөлт оруулсан. Цаашид эрийн гурван наамдыг мэргэжлийн спорт мөн эсэхийг судалж байгаа. Ирэх долоо хоногт эрийн гурван наадмын салбар хороодын төлөөллийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна” гэв.
“Тамирчин идэж, уусан зүйлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ”
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ахлах мэргэжилтэн Д.Энхсанаа:
-“Дэлхийн допингийн эсрэг хууль гэж буй. Энэ хуулийн 21.3 дугаар зүйлд “Тамирчин хүн өөрийн идэж, уусан болон хэрэглэсэн бүх зүйлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан байдаг. Тиймээс тухайн тамирчны хоол хүнсэнд эм хольсон гэх асуудлыг авч хэлэлцэх шаардлага байхгүй.
Энэ хуулийн 2.1 зүйлд “Тамирчин хүний шинжилгээнд хориотой бодис болон бодисын солилцооны маркер илэрсэн тохиолдолд допингийн зөрчил гэж авч үздэг. Энэ зөрчлийг санаатай болон санамсаргүй тамирчны биед орсон эсэхийг заавал тодруулах шаардлага байхгүй гэж тусгасан байдаг. Бидний зүгээс тамирчдад байнгын сургалт сурталчилгааг хийдэг. Жил бүр Дэлхийн допингийн эсрэг газраас гаргасан хориотой жагсаалтыг орчуулж, хэвлэмэл байдлаар тараадаг. Хөл хорионы үеэр цахим хуудсаар дамжуулан мэдээллийг хүргэж, хэлэлцүүлэг хийсэн. Бөхчүүдийн дунд сургалт зохион байгуулахад биеэр оролцох байдал хойрго байсан.
“Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд дахин Улсын дээд шүүхэд хандсан”
Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, ҮБСХ-ны гишүүн Ц.Магалжав:
-“Үндэсний бөхийн холбоо, Үндэсний бөхийн салбар хороо, үе үеийн баяр наадмын комиссын гишүүдийн санаа зовж явдаг асуудал бол допинг. Нөгөө талаараа тамирчин хүний цэвэр хариуцлагын асуудал байдаг. Мөн холбогдох олон хууль, дүрэм журмыг шинэчлэх асуудал ч бий. Энэ жил наадмын өмнө бөхийн галуудаар явж, хориотой бодисын жагсаалтыг хэвлэж өгсөн. Бөхчүүд энэ жил допингийн төрлийн хориотой жагсаалтад энэ жил ямар бодис орсон, хасагдсаныг сайн мэдэж байгаа. Хэрвээ ямар нэгэн бэртэл гэмтэлтэй байсан бол нэг сарын өмнө “Ийм эм бэлдмэл хэрэглэсэн” гэдэг мэдээллээ Үндэсний бөхийн холбоогоор дамжуулан Үндэсний бөхийн салбар хороонд мэдэгдэж байх ёстой. Сүүлийн жилүүдэд допинг илэрсэн бөхчүүд бэртэл гэмтэлд эм хэрэглэсэн гэдэг тайлбарыг өгч байгаа. Ер нь холбогдох хууль, дүрмийг боловсронгуй болгож, энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай байна” гэлээ.
Мөн тэрбээр Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэх асуудлын талаар мэдээлэхдээ “Энэ асуудал шүүхийн шатандаа явж байгаа. Э.Оюунболд дахин Улсын Дээд шүүхэд хандсан” гэдэг мэдээлэлтэй байна.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ