Г.Арслан: С.Баяр зодоон хийдэг, би ном уншаад суудаг хүүхэд байлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Г.Арслан: С.Баяр зодоон хийдэг, би ном уншаад суудаг хүүхэд байлаа

“Шударга иргэдийн фронт” хөдөлгөөний тэргүүн Г.Арсланг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Та юу хийж амарч байна даа. Зарим хөдөлгөөний тэргүүлэгчид “Зун цагт жагсаал хийхээр хий дэмий мөнгөний гарз болдог юм” гээд ярьчихсан байна лээ. Тэгэхээр та ч бас мөнгө дэмий үрэхээс татгалзаад амраад байна уу?

-Зун жагсаал хийхээр хүн л ирдэггүй юм. Түүнээс бус мөнгөний гарз гээд байх юм байхгүй. Угаасаа нэг их мөнгө ордоггүй.

-Яагаад?

-Туг лоозонгийн мөнгө л гарах байх. Түүнээс манайх мөнгө тарааж жагсаал хийдэггүй болохоор өөр зарлага гээд байх юм байхгүй ээ.

-Би тэр хүний ярианаас жагсаалыг нэг төрлийн улирлын чанартай “ажил” юм болов уу гэж бодсон?

-Манайхан өөр хоорондоо л хаврын синдром энэ тэр гэж нэрлээд байдгаас улс төрийн тэмцэлд улирлын чанар гэж байхгүй л дээ. Ер нь тэгээд монголчууд улсын баярын өмнө, хойно, цагаан сарын үеэр угаасаа жагсдаггүй шүү дээ. Мэдээж улс төрийн онц шаардлагатай тохиолдолд  хэзээ ч хамаагүй жагсах хэрэгтэй бол тэмцэнэ л дээ.

-Та тэгээд зуны энэ халуун өдрүүдийг яаж өнгөрүүлж байна даа?

-Би чинь ажилгүй хүн шүү дээ.
Татвар төлдөггүй. Мэдээж авч байгаа талхныхаа мөнгөнөөс улсад татвар төлж л байгаа. Эрчимтэй амралтын хувьд гэвэл би усанд сэлэх дуртай.

-Хаана сэлдэг вэ?

-Туул голд л сэлнэ дээ.

-Туулыг бохирдсон гээд байхад уу. Та чинь байгалиа хамгаалъя гэдэг хүн биз дээ?

-Би Туулд сэлэхдээ Туулыг цэвэрлэж сэлдэг шүү.

-За, яаж тэр вэ?

-Эргийн дагуух хогийг нь цэвэрлэнэ. Усны гүнд байгаа хаягдлыг шумбаж аваад эрэг дээр нь гаргаж тавина.

-Хүмүүс тань шиг тэгж цэвэрлэж байна уу?

-Усанд их хайртай хүн биш бол тэгэхгүй л дээ.

-Хэр удаан сэлж байгаа вэ?

-Хүүхэд байхаасаа л сэлж байна даа.

-Зэрэгтэй юу?

-Зүүн Герман гэж байхад тэндээс гуравдугаар зэрэг авсан. Миний үеийнхнийг төгсөөд ирэхэд манайд Усны холбоо гэж байсангүй. Тэр холбоог нь хэдэн найз нартайгаа хамт байгуулж, зэрэг дэв, нормыг нь тогтоож өгсөн.

-Зүүн Германд их сургууль төгссөн билүү?

-Тийм ээ, 1983 онд барилгын инженерээр тэнд мэргэжил эзэмшиж, төгссөн. Дараа нь Германд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн анги төгссөн.

-Барилгын инженерээр хэр удаан ажилласан бэ?

-Нэлээн удаан шүү. Барилгын яамны харъяа Барилгын техник, угсралтын трест гэж байсан. Тэнд даамал, ахлах даамал, сургалт хариуцсан инженер хийж байсан. Тэгээд гурван яам нэгдэхэд “Улаанбаатар” зочид буудлын шөнийн баарны эрхлэгч хийсэн. Барилга трестэд ажиллаж байхдаа бас нэлээд хэдэн барилга барьсан шүү. Зургадугаар хороололд МАХН-ын Их хурлын төлөөлөгчдөд зориулсан гурван эталон барилгыг хүртэл удирдан бариулж байлаа. Тухайн үедээ л Улаанбаатарын хамгийн өндөр, дотор засал нь жигтэйхэн гоё л барилга болж байсан юмдаг.

-Одоо барилгын инженерээр ажиллаж байсан бол МАХН-д зориулсан барилгад оролцох уу?

-Утгагүй асуулт л даа. Би одоо барилгын инженер хийж байгаа биш. Мэдээж улс төр сонирхдоггүй байсан бол барих л байсан байх.

-Улс төр сонирхдог гэдэг утгаараа барихгүй гэж үү?

-Асуудлын гол нь байрандаа биш. Гол нь МАХН гэдэг улс төрийн намдаа байгаа юм.

-Хувьдаа барилга барьж байв уу?

-Үгүй ээ, тэр мөнгө нь алга.

-Таныг чинь зах зээл эхлэх үед хамгийн их мөнгөтэй хүн байсан гэх яриа байдаг. Одоо бизнес хийж байна уу?

-Үгүй яах вэ дээ бизнес хийнэ гэхээр л нэг их баяжаад сүйд болоод байх хэрэггүй гэж боддог. Анх 1990 онд бол Монголд над шиг их мөнгөтэй хүн байгаагүй л байх. Тэр үед би чинь 12 мянган ам.доллартай байсан юм.

-Яаж цуглуулсан юм бэ?

-Би “Улаанбаатар” баарны эрхлэгч байсан гэж хэлсэн дээ. Тэнд чинь гадаадын хүний валютыг солиод хэдэн төгрөг олчихно. Нэг ам.доллар 20 гаруй төгрөгтэй тэнцдэг байсан. Цалин 650 төгрөг. Миний амьдралын утга учир мөнгө биш. Мөнгөний төлөө амьдрах хэрэггүй.

-Тэр мөнгөөрөө бизнес хийсэн л байх даа, бодвол?

-Өө, хийх нь хийсэн. Гэхдээ над шиг шударга хүн бизнес хийнэ гэж байхгүй юм билээ. Би хоёр найзтайгаа нийлж барилгын компани байгуулж байсан. Германаас материалыг нь оруулж ирээд Монголд хэд хэдэн хувийн байр барьж үзсэн. Тэр үед манайх л материалаа Германаас авчирдаг байсан. Тэгэхэд энэ “Жигүүр гранд” энэ тэр чинь байхгүй байлаа.

-Яагаад бизнесээ зогсоосон юм бэ?

-Би чинь хуулийн дагуу л бүх татвар, татаасаа төлөх гээд гүйчихнэ. Тэгээд ирэхээр бизнес сүүлдээ ашиггүй болчихсон. Тав, зургаан  жил гүйгээд больсон доо.

-Барилгын бизнесээс татгалзаад ямар ажил хийв?

-Гадагшаа нэлээд явсан. Европын орнуудаар их явсан. Хүн залуу байхдаа гадагшаа явж юм үзэж, нүд тайлах хэрэгтэй. Тэр үедээ Германаас машин хүртэл зөөж үзлээ. Гэхдээ зарж, борлуулаагүй ээ. Өөрөө л унаж байсан. Ирээд анх 1997 онд Хүний эрх-шударга ёсны хөдөлгөөнийг найз нартайгаа байгуулж, сонинд эрэн сурвалжлах нийтлэл хэвлүүлдэг байлаа. Эрэн сурвалжлах бүтээлийг ганц, хоёр өдрийн дотор бичнэ гэж байхгүй. Замын цагдаагийн тухай материалыг гэхэд л би хоёр жил судалж байж 1998 онд “Ил Товчоо” сонинд зургаа билүү, 12 нүүрээр хэвлүүлсэн. Дараа нь тэр нийтлэлээс болоод тухайн үеийн Замын цагдаагийн газрын дарга ажлаасаа халагдаж байсан. Бас биеэ үнэлэгчдийн тухай материалыг зургаан сар судалж, дагаж байж “Нүгэл буян” сонинд гаргасан. Тэрнээс болж олон цагдаа ажилгүй болсон. Уг нь би цагдаа нарыг ажилгүй болгох гэж бичээгүй. Тэгээд ч би өөрөө 203 дугаар ангид цэргийн алба хаасан хүн. Германаас төгсч ирээд цэрэгт явж байсан юм. Тэр үед би цагдаа шударга болвол улс хөгжинө гэж боддог байсан. Одоо бол тэгж бодохгүй. Бүгд л улс төрийн тоглолтоос болж байгаа болохоор тэр цагдааг өөрчлөөд ямар ч нэмэргүй юм билээ.

-Сая Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Би Г.Уянгааг “Амлалт нэхэх-ард түмний холбоо”-г байгуулахад нь ард нь Н.Энхбаяр байгаа болохоор миний дүү ийм юм руу ороод хэрэггүй” гэж хэлсэн тухайгаа ярьсан. Эндээс үүдээд “Шударга иргэдийн фронт” хөдөлгөөний ард бас л нэг захиалагч байх магадлалтай санагдаж байна. Нэг ёсны бүгд л адилхан юм биш үү гэж асуух гээд байна л даа?

-Тэр бүгд гэдэгтээ намайг битгий оруулаарай. Ялангуяа тэр урвачихсан хүмүүстэй намайг нэг тогоонд хийж хэрэггүй. Би тэдэн дунд хамгийн ахмад нь. Г.Баасангаас хүртэл хоёр ах.

-Хэн нь урвагч гэж?

-Урвасан гэдэг юмуу, айсан гэдэг юм уу Ж..Батзандан, О.Магнай хоёрын Ардчилсан намд орсныг би өрөвдөж байгаа. Гэхдээ би үнэнхүү сэтгэл зүрхээрээ ардчилсан үзэл баримтлалыг, Ардчилсан намыг дэмжээд элссэн гэж боддоггүй. Би энэ бодолдоо ч итгэлтэй байна.

-Яагаад?

-Итгэх баталгаа нь надад байгаа.

-Ямар нэгэн баримт уу?

-Ж.Батзандан бид хоёрын энэ асуудлаар чаталж байсан яриа надад байгаа. Ж.Батзандангийн надад юу гэж хэлснийг би бүгдийг нь хадгалдаг. Би ер нь сүүлийн таван жилийн тэмцлийн эцэст ардчилал гэдэг зүйл байдаг юмуу гэж боддог болсон. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чинь өөрөө 2007 оны гуравдугаар сард Ерөнхий сайд байхдаа тушаал өгч, Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөний анхны гэрийг нураалгасан. Тэгэхээр ардчилал байдаг юм гэдгийг бодох хэрэгтэй байна. Харин Скандинавын орнуудаар яваад үзэхээр тэндхийн ардчилал өөр байдаг юм. АНУ-ын ардчиллыг бодоход хамаагүй хүнээ бодсон, социалист чиг баримжаатай нийгмийг тэд байгуулж чадсан. Ер нь тэгээд Монгол шиг ийм жижигхэн орон Хятад, Орос хоёртой эвтэй, найртай явах нь л чухал болохоос дэглэм чухал бус. Нийгэм нь авторитар байна уу, тоталитар байна уу, ардчилсан байна уу энэ нь иргэндээ ямар ч хэрэггүй зүйл.

-“Ардчилал, шударга ёс, эрх чөлөө” гэсэн уриа лоозон барьж, бусдыг тэмцэлд уриалдаг хүн өнөөдөр ийм юм ярьж болж байгаа юмуу?

-Наадах чинь зүгээр л жижүүрийн үг байхгүй юу. Монголчуудын хувьд гол зүйл нь энэ хоёр том гүрэнд уусчихгүй шиг л өөрсдийгөө авч үлдэх л нь чухал. Эцсийн эцэст дахиад хэлэхэд нийгэм нь социалист байна уу, ардчилсан байна уу энэ нь иргэн хүнд мэдрэгддэггүй юм. Зөвхөн хуулийн дагуу л амьдрах ёстой. Өөрийнхөө нутагт эзэн шиг эзэн л байх ёстой. Ядуу биш байх ёстой. Байгалийн баялгаа хэрхэн зарцуулахыг ард түмэн л мэддэг байх ёстой. Энэ л гол нь. Тэр урианы тухайд би хувьдаа ардчилал гэдэг лоозон хэзээ ч барьж байгаагүй. Харин шударга ёс гэдгийг бол хэлдэг. Би шударга ёсны төлөө л тэмцдэг.

-Хүмүүс таныг “Энэ чинь социалист нийгмийн төлөө тэмцдэг нөхөр байна” гэх болов уу?

-Намайг юу гэж хэлэх нь сонин биш. Заримдаа манай нөхдүүд чиний наад үзэл чинь явж, явж коммунист үзэл юм бишүү гэдэг юм. Би сүүлийн 20 жилд Монголд бий болсон нийгмийг зэрлэг капитализм гэж хэлж байгаа.

-Олон хүн таныг зүүн Германы суурь үзэл баримтлалыг сурталчилдаг гэдэг. Энэ дүгнэлт нэг их оргүй биш санагдлаа?

-Исландын амьдралын түвшин их сайн. Гэхдээ тэнд тасарчихсан баян хүн байдаггүй. Хүмүүс нь жигд амьдралтай. Би тэрбумтан боллоо гэж баярлаад байгаа хүмүүсийг ойлгодоггүй. Нэг хүн баян байлаа гээд 10 талх нэг дор идэхгүй биз дээ. Би гэхдээ хүнийг баяжуулахын эсрэг байгаа юм биш. Гол нь нэг нь хагартлаа баяжаад, нөгөө хэсэг нь улам бүр туйлдаад байна. Ийм байж болохгүй. Намайг бага байхад манай аав надад нэг ном уншиж өгч байсан. Азийн нэг орны ханхүү Англид сурч байгаад сургууль төгсөхболоход сайн сурлаа гээд шагнал өгөхөөр болдог юм. Тэгэхэд тэр хүү “Би энэ шагналыг авахгүй. Танай орны энэ олон жилийн колончлолын үр дүнд манай улс ядуу буурай байгаа юм” гэж хэлээд эзэн хааны нэрэмжит шагналаас татгалздаг. Тэгээд нутагтаа очоод улс төрийн бүх намыг хориод, улс орноо эдийн засгийн хувьд маш сайн хөгжүүлдэг. Гэтэл АНУ тэргүүтэй улсууд хориг тавиад, тэр эзэн хааныг цэргийн эргэлтээр унагаж байсан. Эндээс би юу хэлэх гээд байна гэхээр тэр улс төрийн нам, энэ тэр ер нь ямар хэрэгтэй юм бэ. Бодит байдал дээр аль ч намын дарга намынхаа хөтөлбөрийг л боддог биз дээ.

-Та аавыгаа танилцуулаач. Юу хийж байсан бэ?

-С.Гомбосүрэн гэж хүн байсан. Их олон ажил хийж байсан даа. Анх 1924 онд Хан хэнтий аймгийн төвд байгуулсан Монголын анхны бага сургуульд манай аав 10 настай хамгийн бага нь орж байсан. Миний аав Зөвлөлтөд Дорно дахины ард түмний сургуульд сурсан. Монголын анхны л шилдэг сэхээтнүүдийн нэг нь. Гадаад яамыг анх байгуулахад оролцож, Ази, Европын хэлтсийн болон Ёслолын хэлтсийн дарга хийж байсан. Мөн Нийгмийг аюулаас хамгаалах яаманд Сөрөг тагнуулын хэлтсийн даргын алба хашиж байсан. Тэнд хэд хэдэн газрын дарга хийсэн юм. Дараа нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

-Таны 10 настайдаа уншуулсан номынхоо агуулгыг өнөөдрийн нийгмийг үзэх үзэлтэй холбож ярих нь сонин санагдлаа. Багаасаа их ч ном уншуулж, их ч ном өөрөө уншсан бололтой?

-Гэнэт ийм бодол төрөөгүй л дээ. Би чинь зургадугаар ангидаа 18 мянган ном уншиж, алтан медаль авч байлаа. Агуулга, зохиолч энэ тэрийг нь тэмдэглээд сүйд болдог байсан юм.

-Одоо тэгээд уншиж байна уу?

-Уншина аа.

-Ямар хэл дээр унших уу?

-Монгол, Орос, Герман, Англи дээр уншина.

-Европын орны өөр хэлийг судалж байсан уу?

-Үгүй ээ, би ямар хэл судлаач биш. Надад энэ мэддэг хэд маань хангалттай. Харин япон хэлийг сонирхож судалж байсан. Бас мөчөөгөө өгөхгүй тодорхой хэмжээнд ойлголцоно оо.

-Танай аав Сөрөг тагнуулчийн алба удирдаж байсантай холбоод асуухад таныг НАХЯ-ны бэлтгэгдсэн тагнуулч гээд байдаг талаар хариулт өгөхгүй юу?

-Хэрэв би тагнуул байсан бол долдугаар сарын 1-ний үйл явдалд С.Баяр буруутай гэж хэлэхгүй байсан. С.Баяр чинь ээжийнхээ талаар надтай адил еншөөбуу, буриад гаралтай хүн. Оросоос Хиагт хавиар орж ирсэн хүмүүс. Манай ээж тэр угсааны хүн. Манай аав бол Дорнод аймгийн Халхгол сумын хүн. Бүр нарийн яривал манай эмээгийнх чинь С.Баярын эмээгийнхтэй хамар хашаа байсан хүмүүс. Ээжийнх нь ч манай аавын хажуу орцонд байсан. Тэгэхэд би С.Баярыг шүүмжилдэг. Одоогийн Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд чинь мөн л манай хажуу орцны хүүхэд. Тэр хүн намайг НАХЯ-ны хүн бол илчилнэ биз дээ. Би тагнуул байсан бол шоронд 14 хоног суух уу.

-Жаахан нууц санаа гаргах юм бол таныг мэдэгдэхгүй гээд бусадтай тань адил хорьдог ч юм билүү. Бид мэдэхгүй шүү дээ?

-Тэр яриаг Ж.Батзандан л гаргасан.

Би юманд их болгоомжтой ханддаг хүн. Анх Эрүүл ний­гэм-Иргэний хөдөлгөөн байгуулахад Ж.Батзанданг шүүмжлэх юм байсан. Миний амьдралын туршлагыг түү­нийх­тэй зүйрлэх аргагүй. Тэр битгий хэл Ж.Батзандан намайг “Шар хадны эмнэлэгт бүртгэлтэй хүн” гэж хүртэл ярьсан. Би тэр эмнэлгийн ядаж ядаргааны тасагт нь нэг удаа хэвтсэн бол тэгж ярьж болох л байх. Гэтэл тэгээгүй л байхгүй юу.

-Уг нь та нар чинь салж хагацахгүй л хамтран зүт­гэгчид гэгдэж байсан биз дээ, өөрсдийгөө. Ер нь анх иргэний хөдөлгөөнийг байгуулалцаж байсан нө­хөд таны дэргэд өнөөдөр байна уу?

-Байлгүй яах вэ. Хамгийн шударга нөхөд нь намайг Шударга иргэдийн фронтыг байгуулахад дагаад гарсан. Тэд мөнгө сонирхож бай­гаагүй. Талбайд тэмцэхэд хар бор ажлыг нь хийж байсан хүмүүс. Би ямар ч байсан хамт зүтгэж байсан хүмүүсээ урвагч энэ тэр гэж хэлэхгүй. Г.Уянга гэхэд л ҮШН-д ороод, Н.Энхбаярын талд элссэн.

-Н.Энхбаярт ажиллаж байгаа гэдэг нь үнэн гэж үү?

-Үнэн байх л гэж боддог. М.Энхсайхан, Н.Энхбаяр хоё­рыг сиамын ихэр гэдэг биз дээ.

-Иргэний хөдөлгөө­ний­хөн салчихаж. Тэгвэл 40 мянгатын найз нараас дэргэд чинь байна уу. С.Баяр гишүүнтэй үе тэнгийн хүний хувьд найзалж нөхөрлөж байв уу?

-С.Баяр надаас гурав ах. Би бага байхдаа их томоотой байсан. Нэг их гадагшаа гарахгүй. С.Баяр чинь учир зүггүй хулигаан ш дээ. Гадуур, зодоон цохион хийгээд явдаг л хүүхэд бай­сан. Би бол багаасаа шил зүүгээд, ном уншаад суудаг хүүхэд байлаа.

-Таны мессенжерт 53 мянга гаруй хүний хаяг бүртгэлтэй байдаг гэж сонсч байсан. Мөн www.facebook.com-оор дамжуулаад залуустай байнга санал бодлоо солилцдог гэдэг. Өмнөд Солонгост байдаг найз маань хүртэл таныг их мундаг ухаантай хүн. Санал бодлоо ярилцах дуртай гээд байх юм билээ. Ингэж залуусын сэтгэл зүй рүү өнгийх нь танд ашигтай байдаг уу. Зүгээр ч нэг ярилцдаггүй л болов уу?

-Би хэвлэлээр ярилцлага өгье гэхээр надад хамгийн их хаалттай байдаг. Иймд  мессенжерээр, www.facebook.com-оор залуустай ярилцах нь надад илүү хялбар.

-Та чинь харин ч зурагт, сониноор их ярьдаг юм биш үү.

-Үгүй шүү дээ. Н.Энх­баярын телевизээр Н.Энх­баярыг муулчихсан чинь гаргахаа больсон. Ардчилсан намын зурагтаар Ардчилсан намыг шүүмжилсэн чинь дахиж нэвтрүүлэг хөтлүүлэхээ болиулсан. Надаас тэнэг юм яриад байгаа хүмүүсийг л гаргаад байдаг.

-Сонинд ч таны ярилцлага их байдаг. Г.Арслангийн байр суурь гээд л?

-Би харин ч сонинд бага гардаг гэж боддог. Би насаараа төрийн ажил хийгээд манай эхнэр л байшин бариад байдаг юм гэсэн хүмүүсийг л хэвлэл их гаргадаг шүү дээ. Ямар ч мундаг бизнесмэн эхнэрүүдтэй юм бэ дээ.

-Яах вэ дээ, нэг нь төрийн ажлаа хийгээд л, эхнэр нь эдийн засгаа хөгжүүлдэг байж болно шүү дээ?

-Худлаа, худлаа. Түүн шиг худлаа юм байхгүй. Ц.Ням­дорж гэж нөхөр өөрийгөө мундаг шударга гээд байдаг. Тэр шударга хуульчийн ца­лингаар ямар ч олон хаус бариулдаг юм. Үүнийг шалгах хэрэгтэй.

-Тэр залуустай харилца­хын ашиг гэдэг асуултын тухайд?

-Тэд чинь санал өгнө шүү дээ. Тэр залуус 2012, 2016 оны сонгуульд миний төлөө, манай намын төлөө саналаа өгнө.

-Тэгэхээр тархийг нь “угаах” сонирхол танд бай­даг байх нь ээ. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхдүүд таны яриаг л зөв гээд бодчихвол миний хувьд бол харамсалтай?

-Харин ч сайн байна. Нуугаад байх юм байхгүй. Дэмжээсэй гэсэндээ л санал солилцдог.

-Та ямар нам байгуулсан юм бэ?

-Шударга ёсны нам гэдэг нэр авах гэсэн чинь авчихсан байна гэсэн. Тэгээд Шударга нам гэдэг нам байгуулахаа өнгөрсөн оноос л ярьсан. Уг нь нам байгуулах шаардлага байхгүй. Гэтэл хуулиараа нам байгуулахаас өөр ар­гагүй болгож байна. УИХ-д мөнгөтэй бол нохой ч байсан орохоор л болчихсон байна. Тэгэхээр өөрсдийнх нь зохиосон дүрмийн дагуу л тоглох хэрэгтэй байна. Би www.facebook.com-д 4000 гаруй хүний хаягтай. Мессенжерт нэг удаадаа 20-30 хүнтэй харилцдаг. Уг нь мөнгөтэй байсан бол тэгж шөнөжин суух хэрэггүй л байгаа юм.

-Улс төр ярьдаг болохоор таныг хүмүүс хангалттай сайн мэднэ. Харин гэр бүлийн тань тухайд мэдээлэл нэг их гардаггүй?

-Манай гэр бүлийн хүн бүжигчин. Хүүхэд маань до­лоон настай. Гэр бүлийнхээ талаар үүнээс өөрийг яри­мааргүй байна. Тэднийг хам­гаалах хэрэгтэй шүү дээ. Би авгай, хүүхэддээ их хайртай. Гэхдээ эх орондоо тэрнээс илүү хайртай. Эх орныхоо төлөө юуг ч золиослоход бэлэн хүн.

-Таны үеийнхэнтэй   харь­цуулахад их бага хүүхэдтэй юм байна шүү дээ?

-Би Герман хүмүүжилтэй. Эхлээд дээд сургуулиа төгс. Дараа нь байртай бол. Тэгээд гэр бүлтэй бол гэдэг тэр зарчмаар л явсан.

-Таныг нэг үймээний үеэр 500 ам.долларын ши­лээ алдлаа гэж баахан “агсарсан” гэж дуулсан юм байна?

-Үгүй ээ, Германд хийл­гэсэн 200 ам.долларын шил байсан. Германд шил угаасаа тийм л үнэтэй байдаг. Хэл, ам болоогүй ээ. Цагдаагийн дэвтэрт бичүүл гэхэд нь л үнийг нь бичиж байсан юм. 

-Ерөнхийдөө амьдрал­даа Герман зарчимтай гэ­хээр хүмүүс таныг “Гит­лерийн фэн. Муу нацист” гээд л хэлэх байх даа. Мөн Гитлерийн талаар ямар бодолтой байдгийг тань давхар сонирхмоор байна?

-Анх 1933 онд Германд эдийн засгийн хямрал нүүр­лэж байхад зургаан сая хүн ажилгүй болсон. Тэгэхэд Гитлер гарч ирээд зургаан сарын дотор тэднийг ажилтай болгож, эдийн засгийг нь сэргээсэн. Тэнд тодорхой хэмжээний диктатур байсан. Би гэхдээ үүнийг магтах гэж хэлж байгаа юм биш. Дампуу байсан улсыг сэргээх боломж байдаг гэдгийг л хэлж байна. Үүнийг хатуу гарын тусламжтай хийсэн. Монголд тэгэхэд зөөлдөөд байна. Би энэ үгээр нацизм хэрэгтэй гэж хэлж байгаа юм биш. Тодорхой хэмжээнд бас  диктатур, чанга гар хэрэгтэй гэдгийг л хэлж байна.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж