Трамп бүрэн эрхээ дуусгаж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Трамп бүрэн эрхээ дуусгаж чадах уу?

Трамп бүрэн эрхээ дуусгаж чадах уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп нар өнгөрсөн Баасан гаригт (2020.10.2) коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Тэрбээр Вашингтоны ойролцоо Вашингтон хотын ойролцоо “Уолтер Рийд” үндэсний цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүнийг эмчилж буй эмчийн мэдээлснээр Трампын биеийн байдал тогтвортой байгаа гэнэ. Гэхдээ ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуулиас өмнө Трамп бүрэн тэнхэрч амжих эсэх нь эргэлзээтэй. Трампын хүйс, жин, нас нь түүнийг коронавирусийн халдвараар өвдсөн эрсдэлтэй хүмүүсийн тоонд оруулж байна. Хэрэв Трампад “муу зүйл” тохиодвол Бүгд найрамдах намаас өөр нэр дэвшигчийг тодруулах болно. Гэвч Трамп бүрэн эрхийн хугацаандаа үүргээ гүйцэтгэж чадахгүй бол АНУ-ын улс төрд юу өрнөх вэ?

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ

Ерөнхийлөгч нь бүрэн эрхийнхээ хугацаанд албан үүргээ гүйцэтгэх чадваргүй, боломжгүй болвол бүрэн эрхийг нь сайн дураар эсвэл албадан түр хугацаанд дэд Ерөнхийлөгчид хариуцуулж болно хэмээн АНУ-ын Үндсэн хуулийн 25-р нэмэлт өөрчлөлтөд заажээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедиг 1963 онд бусдад хорлогдсоны дараа Үндсэн хуулийн 25-р өөрчлөлтийг оруулсан аж.

ҮНДСЭН ХУУЛИЙН 25-Р ӨӨРЧЛӨЛТ

АНУ-ын Үндсэн хуулийн 25-р өөрчлөлтийн III дахь хэсэгт заахдаа Ерөнхийлөгч албан үүргээ сайн дураараа түр хугацаанд хүлээлгэн өгөхөд анхаарчээ. Ерөнхийлөгч нь тодорхой шалтгаанаар албан үүргээс түр хугацаанд чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр Сенат, Төлөөлөгчдийн танхимын даргад хүргүүлснээр дэд Ерөнхийлөгч нь үүргийг гүйцэтгэж болно. Мөн Ерөнхийлөгч нь албан үүрэгтээ буцаж орохоор бол бичгээр мэдэгдсэнээр ажлаа хүлээн авч болно. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч асан Роналд Рейган бүдүүн гэдэсний хагалгаанд орох болсноор  1985 оны долдугаар сарын 13-нд албан бичиг илгээн дэд Ерөнхийлөгч Жорж Бушд албан үүргээ түр хариуцуулж байв. Тухайн өдөр Жорж Буш ердөө найман цагийн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэсэн байв. Хожим 2002-2007 оны хооронд Жорж Буш хагалгаанд орохын тулд хэд хэдэн удаа албан үүргээ дэд Ерөнхийлөгч Ченейд шилжүүлж байжээ.

АНУ-ын Үндсэн хуулийн 25-р өөрчлөлтийн IV дахь хэсэгт Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болвол албадан бүрэн эрхийг нь шилжүүлэх тухай заажээ. Энэ нөхцөлд дэд Ерөнхийлөгч болон АНУ-ын Засгийн газрын гишүүдийн олонх шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчийг албан үүргээ гүйцэтгэх чадваргүй болсныг тогтооно. Өнөөдрийг хүртэл энэ заалтаар Ерөнхийлөгчийн албан үүргийг шилжүүлсэн тохиолдол гараагүй байна. Хэрэв дээрх нөхцөлд дэд Ерөнхийлөгчид албан үүргийг шилжүүлнэ. Мөн Ерөнхийлөгч албан үүрэгтээ буцаж орох чадвартай болсноо бичгээр мэдэгдэж, дэд Ерөнхийлөгч болон Засгийн газрын олонх татгалзахгүй бол эрх, үүргээ буцаан авах боломжтой.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим болон Сенатын гуравны хоёр нь Ерөнхийлөгчийг албан үүргээ гүйцэтгэх боломжгүй хэвээр гэдэгт санал нэгдвэл Цагаан ордны дараагийн тэргүүн тангараг өргөтөл дэд Ерөнхийлөгч үргэлжлүүлэн ажиллана.

ЗАЛГАМЖЛАГЧ БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

АНУ-ын Үндсэн хуульд зааснаар дэд Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгчийн залгамжлагч. Хэрэв Ерөнхийлөгчийг огцруулах, нас барах, өөрийн хүсэлтээр огцрох, албан үүргээ гүйцэтгэх чадваргүй болох зэрэг нөхцөлд дэд Ерөнхийлөгч Цагаан ордныг удирдана. Энэ үйл явдал АНУ-ын түүхэнд олон удаа болж байсан ба сүүлд 1974 онд Ерөнхийлөгч асан Ричард Никсон огцорсны дараа дэд Ерөнхийлөгч Жерард Форд Ерөнхийлөгч болж байв. Түүнчлэн зарим шалтгаанаар Ерөнхийлөгчийн албан үүргийг дэд Ерөнхийлөгч хүлээн авах боломжгүй бол Төлөөлөгчдийн танхимын даргад шууд шилжүүлнэ. Одоогоор АНУ-ын Төлөөлөгчдийн танхимыг Нэнси Пелоси удирдаж байна.

Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп ба Ардчилсан намын Жо Байден нарын анхны мэтгэлцээн

Хэрэв ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч санал хураалт болохын өмнөхөн өрсөлдөөнийг орхивол АНУ-ын Конгресс сонгуулийг цуцлах эсвэл хойшлуулахыг шийднэ. Сонгуулийн санал хураалтыг өөрчлөх тухай хуулийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим болон Сенатад баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурах ёстой. Улиран нэр дэвшсэн Дональд Трамп өрсөлдөөнийг үргэлжлүүлэх боломжгүй болвол Бүгд найрамдах намын Үндэсний хороо хуралдаж, намын шинэ дарга болон нэр дэвшигчийг сонгоно. “Хэрэв Трамп үүнээс өмнө коронавирусийн халдвараар оношлогдсон бол Бүгд найрамдахчууд өөр хүнийг ирэх сонгуульд өрсөлдөгчөөр тодруулах байсан. Гэтэл одоо цаг тун бага үлдсэн” хэмээн Нью-Йорк их сургуулийн хуулийн профессор Ричард Пилдес мэдэгджээ.  Ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 2.8 сая гаруй америкчууд саналаа өгч оролцоно. Сонгуульд ялагчийг зөвхөн үндэсний санал хураалтаар шийдэхгүй бөгөөд АНУ-ын 50 муж улсаас сонгогдсон “сонгуулийн коллег” шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж