Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"

"Анна Каренина": Хожмын учралд гунихарч хоёул дахиж зовохгүй юм шүү!

Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"

Бямба/2020.10.03/гариг.  Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ.  Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт.  Ийнхүү  Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина”  үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. "Анна Каренина" аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.

Сонгодог аялгуу эгшиглэх театрын үүдээр үзэгчид амны хаалтаа зүүж, биеийн халуунаа хэмжүүлж, дотогшоо нэвтрэв. Хуран цугласан олон дунд театр урлагийн ахмадууд, урлагийнхан, бизнесийн хүрээнийхэн, элчин сайдууд, улстөрчид "Анна Каренина"-г үзэхээр урилгаар иржээ. Цагаасаа өмнө ирсэн үзэгчид гэрэл зургаа татуулж, “Анна Каренина: Оросын зураачид түүний дүрсийг эрэлхийлсээр” үзэсгэлэнд саатна. Уг үзэсгэлэнд ОХУ-ын Москва хот дахь улсын музейн урын санд хадгалагдаж буй Л.Н.Толстойн уран зургийн үзэсгэлэнг танилцуулжээ. Тэр дундаа социалист реализмын хэв маягаар зурсан А.Н.Самохваловын бүтээлүүд нь түүхэн үнэнийг яруу тод харуулснаараа илт ялгарах аж. Зураачдын анхаарлыг хамгийн их татсан дүр бол мэдээж  Анна Каренина юм. Гол дүр болох Анна амархан танигдах боловч зураг болгон дээр өөр өөрөөр дүрслэгдсэн байх ажээ.

Театрын гадна талбайд цагдаа нар холхиж, чихэндээ аппараттай хамгаалалтын ажилтнууд зогссоныг харвал төрийн гурван өндөрлөгөөс хэн нэг нь "Анна Каренина"-г үзэхээр ирж байгаа бололтой. Миний таамаглал ч хол зөрсөнгүй, тун удалгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий  Л.Болорцэцэгийн хамт театрын хаалгаар орж ирж харагдлаа.

Үзвэрийн хонх дуугарч, үзэгчид хэдийнэ суудалдаа тухалжээ.  Театрын торгон хөшиг алгуурхан нээгдэж, тайзнаа толины тусгалд хоёр биеэ харах хоёр Анна зогсоно. Мэдээж, нэг нь залуухан Анна буюу жүжигчин Н.Баярмаа. Нөгөөх нь түүний хувь заяаны дүрд тоглож буй Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд юм.

Жүжиг “Би чухам хэн юм бэ?” гэсэн асуултаар ахлав.

Ах нь эхнэр Долитойгоо муудалцаад салж сарнихдаа тулах үедээ Аннагаас тусламж хүсэхэд тэрбээр ирж эвлэрүүлэх үүрэг хүлээдэг. Харин энэ үед үе тэнгийн Вронский  гэх сайхан залуутай таарч, сэтгэл алдарна. Улмаар уулзаж, учирдаг болж, хайртай залуугийнхээ хүүхдийг тээнэ. Анна аль хэдийнэ хүнтэй суусан. Тиймээс тогтсон гэр бүлээсээ салж чадахгүй, хайртай Вронскийтайгаа хамт байх  гэхээр дээдсийн хүрээнийхэнд ад шоо үзэгдэх хувь заяатай нүүр тулна.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн дүрийн сонголт, гол дүр болох Анна Каренинагаас эхлээд түүний хүү бяцхан Серёжа хүртэл дүрээ сайн тодотгож, үүргээ сайн гүйцэтгэсэн. Магадгүй үзэгчид хамгийн түрүүнд Аннагийн дүрийг онцолж харсан биз. Хэдийгээр Монгол Анна Каренина боловч үзэгчдийн зүрх сэтгэл доторх Аннагаас хэт хол зөрөөгүй болов уу. Тиймээс зарим үзэгчид түүний дүрийг “нүдээ олжээ” гэлцэнэ. Үзэгчдийн сэтгэлд “Гамлет”-ын дүрийг сийлж чадсан жүжигчин С.Болд-Эрдэнэ энэ удаа Левиний дүрд тогложээ. Тэрбээр газрын чинээлэг эзний дүрийг төвөггүйхэн бүтээж, жүжиглэлтээрээ үзэгчдийг хэд хэд инээлгэж амжив.

Найруулагчийн үзэгчдэд барьсан бас нэг гэнэтийн бэлэг бол Ардын жүжигчин Н.Сувд. Тэрбээр Аннагийн сэтгэлийн дотоод зөрчилтэй хэсгийн улам тодотгон өгч байв. Аннагийн хувь заяа хэрхэн эргэхийг урьдаар сануулж буй мэт…Энэ дүр бол цэвэр найруулагчийн уран сэтгэмжийн илэрхийлэл. Дан ганц Анна Каренина тайзан дээр өөр өөртэйгөө ярилцсан бол уйтгартай ч юм шиг.

“Анна Каренина” жүжигт Кити, Доли, Анна гэх гурван бүсгүйн амьдралыг өгүүлнэ. Гурван өөр ертөнц, гурван өөр амьдрал, гурван өөр хувь тавилан. Энэ дүрүүд хоорондоо хурц тэмцэлдэж, зөрчилдөхгүй ч жүжгийн гол утга санааг зангидах аж. Жүжгийн төгсгөл хэсэгт гурван бүсгүй сууж буй сандлаа солилцон сууснаар бие биенийхээ амьдралыг мэдэрдэг. Энэ хэсэгт найруулагчийн торгон мэдрэмжээр хэн нь хэн болохыг илүүтэй харуулахыг хүсчээ.

Жүжгийн төгсгөлд Анна "Миний хайр сэтгэл улам улам шатаж, янаг халуун болж байхад Вронскийнх хөрсөөр хөрсөөр байна…? Надаас холдохыг тэр хүсэж байна. Надад хязгааргүй хайртай гэдэг байсан. Би ч бас… Гэсэн ч энэ бүхэн худлаа байсан юм гэж үү. Үгүй ээ хайр сэтгэл байсан… Байз байз… Алексей Александрович Серёжаг минь өгч, Вронскийтай гэрлэлээ гэж бодъё. Тэглээ гээд… Кити над руу өнөөдрийнх шигээ харахаа болих уу? Одоо тэгээд яах ёстой гэж? Амсаад, ухаараад л бол оо юу? Миний охин… миний охин Аннаг ч ийм заяа хүлээж байгаа юу?… Үгүй ээ, тийм байж болохгүй" хэмээн өгүүлэх нь жүжгийн эхэнд өөрөөсөө асуусан "Би чухам хэн бэ"" асуултандаа хариулах мэт.

“Хойдын тавилан гэж байдаг бол намайгаа чи таниарай.

Хожмын учралд гунихарч хоёул дахиж зовохгүй юм шүү” хэмээн өгүүлэх Анна Каренинагийн гоо үзэсгэлэн, үнэнч хайр сэтгэл, үүрд мөнх зургийн жаазанд үлдэнэ…Ийн үзэгчдийн сэтгэлд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах орон зайг үлдээх буй за. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдэдээ баяр хүргэе. Анна Каренина хэмээх эрхэмсэг нэгэн дүрийг бүтээж чадлаа.

Уран бүтээлчдийн баг

 Гол дүрд:

Ерөнхий продюсер – Д.Цэрэнсамбуу /УГЗ/

Ерөнхий найруулагч – Н.Наранбаатар /Төрийн соёрхолт/

Ерөнхий зураач – Т.Ганхуяг /СТА/

Уран сайхны удирдагч Н.Ганхуяг /УГЗ/

Жүжгийн зохиол болгосон – Н.Пүрэвдагва

Хөгжмийн зохиолч – Ш.Өлзийбаяр /СТА/

Хөгжмийн найруулга – М.Бирваа /СТА/

Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/

 

Анна Каренина – Н.Баярмаа /СТА/

Алексей Вронский – Т.Сэргэлэн

Алексей Каренин – Б.Жаргалсайхан /УГЖ/

II дүрд :

Константин Левин – С.Болд-Эрдэнэ /СТА/

Анна /хувь заяа/ – Н.Сувд /ТС АЖ/

Долли Облонская – Г.Урнаа /УГЖ/

Кити Щербацкая – Д.Хулан

Степан Облонский – Л.Дэмидбаатар /УГЖ/

Бетси Тверская – М.Тогтохжаргал /СТА/

Туслах дүрд:

Варя Вронская – С.Сарантуяа /АЖ/

Щербацкий Ван – П.Цэрэндагва /АЖ/

Щербацкая хатагтай – Ж.Оюундарь /УГЖ/

Серёжа – Т.Маргад

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж