МАН сүрээ нэмэх үү, АН үхдэл болох уу?

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

МАН сүрээ нэмэх үү, АН үхдэл болох уу?

МАН сүрээ нэмэх үү, АН үхдэл болох уу?

Монгол Улс Үндсэн хуулиараа парламентат засаглалтай улс. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын төлөөллийг бид дөрвөн сарын өмнө саналаар байгуулсан. Бидний бүрэлдүүлсэн УИХ нь МАН-ын үнэмлэхүй олонх төлөөлөл бүхий парламент. Өмнөх буюу 2016-2020 оны парламентад МАН мөн үнэмлэхүй олон буюу 65 суудалтай байсан бол энэ оны сонгуулиар сонгогчид МАН-ын 62 гишүүнд эрх мэдэл олгосон.

2020 он бол монголчууд бидний хувьд улс төрийн сонголтын жил. Ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 15-нд бид аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонголтыг хийх гэж байна. 8169 суудлын төлөө 17161 өрсөлдөхөөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад байна.

8169 суудлыг задалбал, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 816 суудал, нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын 291 суудал, 330 гаруй сумын ИТХ-ын 7062 суудлын төлөө өрсөлдөж байна.

Сүүлийн хоёр сонгуулийн цикл буюу 2012, 2016 онд аймаг, нийслэлийн сонгуулийн санал хураалтыг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулж байсан бол энэ удаад бүх шатны ИТХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулж байна. Энэ нь сонгогч хоёр шатны ИТХ-д санал өгнө гэсэн үг юм. Улаанбаатар хотын сонгогчид оршин суугаа дүүргийн ИТХ болон нийслэлийн ИТХ-ын, харин орон нутгийн сонгогчид оршин суугаа сум болон аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөө сонгоно.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд анхаарах хэд хэдэн зүйлс бий.

УИХ-ын сонгуульд сонгогчдын ирцийг хуульчилсан байдаг бол орон нутгийн сонгуульд ирцийн босго байхгүй болгосон нь сонгогчдод орон нутгийн сонгуульд тийм ч ач холбогдолтой зүйл биш гэсэн ойлголтыг төрүүлж, сонгуулийн ач холбогдлыг бууруулж байгааг судлаачид шүүмжилж байгаа. Санал өгсөн сонгогчдын хувиар хувилан олон санал авсан нэр дэвшигч сонгогдоно. Санал өгөх ёстой сонгогчийн 20 хувь нь оролцсон байлаа ч сонгууль хүчинтэй бөгөөд олон санал авсан нэр дэвшигч тухайн шатныхаа ИТХ-д сонгогдох хуулийн зохицуулалттай.

Мөн санал хураалт өглөөний 07.00 цагаас эхэлж оройн 20.00  цагт дуусгавар болох учиртай. Нэг нэр дэвшигч хоёр шатны ИТХ-д давхар сонгогдох боломжтой. Нэр дэвшигч сумын болон аймгийн, дүүргийн болон нийслэлийн ИТХ-д зэрэг сонгогдох боломжтой гэсэн үг.

Зургадугаар сард болсон УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон чамгүй олон хүн лам олдохгүй бол буцахдаа зална гэгчийн үлгэрээр нэр дэвшиж байгаа нь бас нэг онцлог болж байна. Мөн залуучуудыг олноор нэр дэвшүүлсэн нь анхаарал татаж байна.

Парламентад олонх болсон МАН орон нутгийн сонгуульд зургадугаар сарын амжилтаа бататгах зорилготой. Ялангуяа нийслэл Улаанбаатар хотын ИТХ-д олонх болж чадахгүй бол эрх баригч хүчний бодлого доод шатандаа гацах магадлалтай учраас ямар ч үнээр хамаагүй ялах зорилготой. Хэрэв МАН орон нутгийн сонгуульд өмнөх амжилтаа бататгавал Монголын улс төрийн бүх эрх мэдэл МАН-д бүрэн шилжих нь.

Парламентын сонгуульд амжилтгүй оролцсон АН мэдээж даагаа нэхэх зорилго тавьж байгаа ч ялагдвал АН улс төрийн үхдэл болох нь цаг хугацааны асуудал болно.

Энэ сонгуулийн хамгийн том дуулиан нь ХҮН-тай холбоотой асуудал байлаа. Боловсролтой залуучуудын төвлөрөл гэсэн имижтэй ХҮН зургадугаар сарын сонгуулиар УИХ-д нэг суудал авч чадсан. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нийслэл Улаанбаатар хотод ихээхэн найддага тавьж байсан ч намын дотоод маргаанаа цэгцэлж чадаагүй, намын эрх бүхий удирдлага тодорхойгүй гэсэн шалтгаанаар тоглоомын гадна үлдлээ.

Д.НАРАНТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж