МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалантай ярилцлаа.
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлалыг залгуулан Бээжинтэй сөргөлдөгч хоёр орон болох АНУ болон Японы өндөр дээд албан тушаалтнууд Монгол Улсад айлчлал хийхээр яригдлаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 7-ны өдөр Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан боловч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп COVID-19-ийн халдвар авснаас болж Ази дахь айлчлалаа богиносгож зөвхөн Японд айлчлахаар болсон. Харин Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги энэ долоо хоногт Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээ мэдэгдсэн. Дээрх айлчлал нь яах аргагүй анхаарал татах сэдэв болоод байна л даа.
–Ерөнхийдөө АНУ болон БНХАУ, ОХУ гэх их гүрнүүдийн хоорондын дайсагнасан байдал нь “II хүйтэн дайн”-ыг эхлүүлээд байна гэхэд буруудахгүй. Нэг талаас АНУ тэргүүтэй ардчилсан гэгдэх орнууд нөгөө талаас ОХУ, БНХАУ гэсэн их газрын орнууд гэсэн хоёр туйлд хуваагдаж байсан, тэр хэвээрээ одоо ч гэсэн зөрчилдсөөр байна.
Өмнөх хүйтэн дайнаас ялгаатай нь БНХАУ өмнө нь байгаагүй хэмжээнд хүчирхэгжээд нэгэн туйл болж гарч ирсэн. Энэ нөхцөлд газар зүйн өвөрмөц байрлалтай, хүйтэн дайнаас хойш төдий л анхааралд өртөж байгаагүй Монгол Улс сөргөлдөгч их гүрнүүдийн анхаарлын төвд байна.
Өнөөдөр дэлхийн улс орны анхаарал БНХАУ руу чиглэсэн. Учир нь, хөгжиж буй орон байсан БНХАУ хэт их хүчирхэг болж байгаа нь хүчний тэнцвэрийг алдагдуулж, бусад улс орныг болгоомжлоход хүргэж байна. Жишээлбэл, АНУ-аас Номхон далайн бүс нутаг дахь улс орнууд руу чиглэсэн “Энэтхэг-Номхон далайн стратеги” гэх бодлогыг хэрэгжүүлээд явж байна. Хятад улс Энэтхэгийн далайн орон зайд өөрийн ашиг сонирхлыг тэлж, байр сууриа бэхжүүлэх бодлого барьж байгаа нь Энэтхэг улсыг ч мөн адил болгоомжлоход хүргэж байгаа юм. "Энэтхэг-Номхон далайн стратеги" бодлогод нэгдсэн орнууд болох Япон, Австрали, Энэтхэг нь тус бодлогыг өөрсдийн өнцгөөс харж байгаа учраас холбоотон гэж шууд хэлж болохгүй. Гэхдээ Хятадын эсрэг хүчээ нэгтгэх бодлого баримталж байгаа учраас нэг ашиг сонирхолтой байна. Хамгийн сүүлд “Энэтхэг-Номхон далайн стратеги”-д Герман, Франц улс нэгдэн ороод байна. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр улс нь Хятадын эсрэг хүчний тэнцвэрийг тэнцүүлэх гэж нэгдсэн гэсэн үг.
Хэрэв энэ өнцгөөс харвал АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлалын гол зорилго нь ардчилсан улс гэдэг утгаар нь Монголыг “Энэтхэг-Номхон далайн стратеги”-д нэгтгэх эрмэлзэлтэй байсан юм болов уу гэж харж байна.
ОХУ, БНХАУ, АНУ, Энэтхэг зэрэг улс Монголд төмөр зам, цахилгаан эрчим хүч, хийн хоолой, буцалтгүй тусламж зэргээр анхаарлаа хандуулаад эхэллээ. БНХАУ-ын талаас “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Монголд дэд бүтэц , эдийн засагт хөрөнгө оруулж тусалж дэмжихээ илэрхийлсэн. Энэ нөхцөлд АНУ-ын хувьд ч тодорхой төсөл, хөтөлбөр, санхүүгийн тусламжийг Монголд амлах боломжтой болчихоод байгаа юм.
-Монголын хоёр хөрш сүүлийн жилүүдэд АНУ тэргүүтэй барууны орнуудтай хүчтэй зөрчилдөх болсон. Энэ нь Монголын геополитикийн үнэ цэнэ их гүрнүүдийн хувьд нэлээд нухацтай авч үзэх шаардлагатай болсныг дээрх айлчлалууд харуулж байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Ерөнхийдөө “Энэтхэг-Номхон далайн стратеги” нь Хятадыг тогтоон барих бодлого гэж үздэг. Тиймээс Хятадын талаас Монголд тодорхой хэмжээгээр нөлөөгөө алдахгүй байхыг хичээнэ. “Энэтхэг-Номхон далайн стратеги” нь Хятадыг тойрон байгаа ардчилсан орнуудад өөрсдийн нөлөөгөө эдийн засгийн хувьд тогтоох ёстой гэж үзэж байгаа. COVID-19 цар тахлын улмаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь айлчлалаа хязгаарлаагүй байсан бол Япон, Монгол, Өмнөд Солонгос гэх дарааллаар айлчлах хөтөлбөртэй байлаа. АНУ өмнө нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь үндсэн хоёр холбоотон болох Япон, Өмнөд Солонгос улсад л айлчилдаг байсан бол энэ удаагийн айлчлалд Монгол Улс нэмэгдсэн нь онцлог байв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ази дахь айлчлалаа Номхон далайн бүс нутаг дахь гол холбоотон болох Япон улсаар эхлүүлж тэнд Quad буюу Их дөрвөл болох АНУ, Энэтхэг, Япон, Австрали улсууд “Энэтхэг-Номхон далайн стратегийн” хүрээнд яриа хэлэлцээр явуулаад дараа нь Монголд мөн дээрх асуудлаар санал бодлоо солилцоход оршиж байсан гэж таамаглаж байгаа. Их дөрвөл Аюулгүй байдал, стратегийн хувьд хамтын ажиллагааг бий болгох талаар ярилцаж байгаа. Гол зорилго нь мөн л Хятадыг тогтоон барихад оршиж байна.
БНХАУ-ын талаас “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хөрш орнуудынхаа дэд бүтцийг байгуулж өгөөд, өөрсдийн худалдаа эдийн засгийг либералчлах бодлого баримталж байгаа. Харин АНУ-ын хэрэгжүүлэх “Энэтхэг-Номхон далайн стратеги” нь БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын эсрэг сөргүүлэн тавьсан бодлого гэж хэлж болно.
Энэ утгаараа АНУ нь чөлөөтэй, нээлттэй "Энэтхэг-Номхон далайн стратеги"-д ямар ч улс том улсын нөлөөнд орох ёсгүй, бие даасан, чөлөөт эдийн засагтай, жижиг дунд бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн хэмээн улс орнуудыг дээрх стратегид нэгтгэж байгаа.
МОНГОЛД НӨЛӨӨГӨӨ ТОГТООХЫН ТУЛД ХӨРӨНГӨ, САНХҮҮ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР САНАЛ БОЛГОНО
–Тэгвэл Монгол Улсын гадаад харилцааны салбар их гүрнүүдийн сөргөлдөөнөөс өөрт ашигтай хувилбарыг бий болгож чадах болов уу. Монгол Улсын хувьд гадаад түншүүдийнхээ хэнээс ч нүүр буруулалгүй, өөрт ашигтай байдлаар хамтран ажиллахыг эрмэлзэж байх нь чухал байх?
-Монгол Улс хоёр хөршийнхөө дунд тэнцвэрийг хадгалах бодлого явуулдаг. Үүнийгээ ч үзэл баримтлалууддаа тусгасан байдаг. Хуучин хүйтэн дайны үед Монгол Улс, Зөвлөлт Холбоот улсын холбоотон байсан. Харин одоо нөхцөл байдал арай өөр. Монгол Улс гурван том хүчний ашиг сонирхлын анхаарлын төвд ороод байна. Орос, Хятадыг нэг тал гэж үзэхэд хэцүү. Учир нь, АНУ-ын зүгээс тус хоёр улс руу шахалт үзүүлсэн учраас аргагүйн эрхэнд стратегийн холбоотнууд болчихоод байгаа юм. Хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа ч улс орнуудын харилцаа эцсийн дүндээ ашиг сонирхол дээр тулгуурладаг учраас ОХУ Хятадаас ихэд болгоомжилж байгаа. Өнөөдөр олон улсын харилцаанд БНХАУ хүчирхэгжээд хүчний тэнцвэрийг алдагдуулах хэмжээнд хүрсэн.
Тиймээс Монгол Улс өөр дээрээ ирээд байгаа их гүрнүүдийн ашиг сонирхлын тэнцвэрийг хадгалахын тулд ОХУ-ыг бараадах уу, гуравдагч хөршийг түшиглэх үү гэх мэт асуудлууд гарч байгаа учраас илүү мэдрэмжтэй хандах хэрэгтэй болоод байна.
Ерөнхийдөө бид Хятад, АНУ, Оростой ямар салбарт, ямар хэмжээнд харилцаатай байх вэ гэх шинэ сорилттой нүүр тулж байна. Бид илүү ухаалаг, алсын хараатай бодлого явуулах шаардлагатай болж байна гэсэн үг. Зөвхөн дээрх гурван улсаас гадна, тэдгээр улсын зүгээс хэрэгжүүлж байгаа “Энэтхэг-Номхон далайн стратеги”, “Бүс ба зам”, “Евразийн эдийн засгийн холбоо”-ны аль нь Монгол Улсад ашигтай болохыг судлах хэрэгтэй. Мэдээж Орос, АНУ, Хятад улсууд Монголд нөлөөгөө тогтоохын тулд хөрөнгө, санхүү гэрээ хэлэлцээр санал болгоно. Ер нь аль нэг улсын гэхээсээ илүүтэй өөрсдийн хүчинд найдах цаг болоод байна. Энэ нь гадны улс орнуудаас Монгол Улсын хараат байдлыг тодорхой хэмжээнд багасгах учиртай.
–Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн айлчлалын үеэр найрсаг харилцаа иж бүрэн стратегийн гэрээг баталгаажуулах нь чухал гэж үзсэн. Мөн Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэх эсэх нь судалгаа, яриа хэлэлцээрийн шатандаа явж байна. Таны хувьд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд элсэхийг юу гэж бодож байна?
– Шуудхан хэлэхэд Евразийн эдийн засгийн холбоо нь ОХУ-ын орон зай буюу интеграци юм. Энэ интеграци нь мөн зарим талаараа Хятадын “Бүс ба зам”-ыг сөрөн зогсох бодлого. Зарим хүмүүс “Бүс ба зам” бодлогыг зүгээр дэд бүтэц тавьж байна гэж ойлгоод байдаг. Угтаа энэ бодлого нь тээвэр, ложистикийн дэд бүтцийг байгуулснаар Хятадын экспортод гаргах бүтээгдэхүүнийг хялбаршуулах, нөгөө улс нь худалдаж авах боломжтой байх, Хятадын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа. Тиймээс хятадуудын хувьд тээврийн өртгийг боломжийн хэмжээнд хүргэж өрсөлдөх чадварыг нь нэмж байгаа юм. Үүний эсрэг ОХУ өөрийн хувилбараа дэвшүүлж байгаа нь Евроазийн эдийн засгийн холбоо юм.
-Ярилцлагын төгсгөлд та дээрх айлчлалуудаас аль орны айлчлалыг онцлох вэ?
–Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн айлчлалыг онцолно. Монгол Улсын цаашдын хөгжилтэй холбоотой олон чухал асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, байгалийн хийн хоолой, төмөр зам, эрчим хүч гэх зэрэг асуудлууд яригдсан болов уу. Өмнө нь Монголын нутгаар хийн хоолой тавина гэж байсан ч хэсэг таг болсон. Энэ тохиолдолд нийлүүлэгч, хэрэглэгч хоорондоо тохиролцоонд хүрсэн байх. Монголоор татах хийн хоолой геостратегийн ач холбогдолтой. ОХУ, Хятадтай тохиролцоонд хүрч ОХУ барьж байгаа гэж би хувьдаа ойлгож байгаа. Муугаар хэлэхэд ОХУ, Монголыг хяналтдаа байлгах, сайнаар хэлбэл манайхыг дэмжих бодлого л доо. Монголын хувьд жийргэвч улс хэвээрээ байгаа. ОХУ-аас Монголыг хараандаа байлгах үндсэн гурван хөшүүрэг нь эрчим хүч, хийн хоолой, төмөр зам юм.
Холбоотой мэдээ