Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Лойдорууд ба Лоббизм

Лойдорууд ба Лоббизм

УИХ-ын гишүүд тодорхой нэг чиглэл зорилгын хүрээнд нөлөөлөл үзүүлэх лобби бүлэг байгуулдаг. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан парламентын гишүүд гэхэд 21 лобби бүлэг байгуулжээ. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуулиар шинээр бүрдсэн эрх баригч МАН-ын олонхи гишүүд мөн хэд хэдэн лобби бүлгийг УИХ-ын анхны ээлжит бус чуулганаар байгуулж амжсан. Тэдгээр лобби бүлэг нь ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд янз бүрийн үйл ажиллагаа явуулж байдаг.

Лоббизм гэдэг нь товчхондоо төрийн бүхий л байгууллагад шахалт үзүүлэх, нөлөөлөх замаар хувь хүн болон янз бүрийн сонирхлын бүлгүүд ашиг сонирхолдоо нийцсэн шийдвэр гаргуулах үйл ажиллагааг нэрлэдэг.

Энэ нь англиар үүдний өрөө гэсэн утгатай бөгөөд XVII зууны 40-д оноос Их Британийн парламентын ордны барилгын хоёр хонгил, хүлээх өрөөг хэлдэг болсон бөгөөд үүгээр депутатууд саналаа өгөхөөр явдаг, мөн тэдний нэгдсэн хуралдаанд оролцох эрхгүй сонирхогч хүмүүстэй уулздаг газар нь байжээ. Лоббизм нь улс төрийн үзэгдэл болохынхоо хувьд сонирхлын бүлгүүдийн үүрэг, тэдний төр засгийн байгууллагуудад нөлөөлөх бололцоотой нягт холбоотой.

Улс төрийн нам хүчирхэг, үйл ажиллагаа нь үр ашигтай байхын хэрээр сонирхлын бүлгүүдийн улс төрийн бодлого боловсруулахад үзүүлэх нөлөө нь бага байдаг аж. Харин улс төрийн намууд сул дорой байхын хэрээр “лоббидох” нь далайцтай болдог байна.

Ер нь эрх мэдэл бодитой оршиж буй газарт л лобби явагдаж байдаг бөгөөд тэр нь улс төрийн, эсвэл эдийн засгийн ашиг сонирхлыг агуулдаг. Лобби бий болох үндэс нь нийгэмд олон янзын ашиг сонирхол оршиж мөн улс төрийн засаглалд хүрэх боломж нээлттэй байдагтай холбоотой. Зорилгоос нь хамааруулж сонирхлын бүлгийн лоббиг эдийн засгийн, нийгмийн, соёлын гэж үндсэндээ гурав ангилдаг байна.

Парламент дахь лобби нь тодорхой сонирхлын бүлгүүдэд хэрэгцээ шаардлагатай байгаа хуулиудыг батлуулахад чиглэгддэг. Манай оронд лоббидох үйл ажиллагааг зохицуулахад 1996, 2006 онд Монгол Улсын Их хурлаас баталсан Авилгын эсрэг хууль тодорхой үүрэг гүйцэтгэж, хууль ёсны бус лоббиг таслан зогсооход чиглэсэн.

Тэгвэл МАН-ын олонхоос бүрдсэн парламентын гишүүдын лобби бүлэг байгуулах нь хэр зохимжтой эсэх талаар УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү “Лобби бүлэг гэдэг УИХ-д наймаас доош суудалтай нам УИХ-д бусад эрх баригч намын гишүүдээр бодлогоо дэмжүүлж батлуулахын тулд байгуулдаг. Өөрийн гэсэн бүлэгтэй, мөрийн хөтөлбөрөө ард түмнээр дэмжүүлсэн Засгийн газартай байж лобби бүлэг байгуулж байгаа нь хийх ажил олдохгүй юм байна гэсэн үг” гэж хэлжээ.

Нөгөөтэйгүүр баахан лобби гэх бүлэглэлүүдийн үйл хэрэг эцэстээ төрийг үймүүлж самарсан гэмт бүлэглэл болох вий гэсэн болгоомжлол  ч нийгэмд байдаг.

Эрх баригч намын гишүүдийн байгуулаад байгаа лобби бүлгүүдийг дэлгэрэнгүй танилцуулъя.

1. АРДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ

БҮЛГИЙН АХЛАГЧ: Ж.Чинбүрэн

БҮЛГИЙН ГИШҮҮД: М.Оюунчимэг, Б.Саранчимэг, С.Амарсайхан, П.Анужин, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин нар.

ЗОРИЛГО: Тус лобби бүлэг 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд эрүүл мэндийн салбарын санхүүжилтын тогтолцоог боловсронгуй, үр өгөөжтэй болгож, эмнэлгийг бие даасан байлгах, эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн орчныг бүрдүүлэх, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр ашиг, өгөөж далайцыг өсгөн нэмж, элэгний Д вирусын улмаас өвдөн шаналж буй 100.000 гаруй иргэнээ эмчлэгдэх боломжоор хангах, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэх, нийгмийн эрүүл мэндийн салбарын “шүдний өвчин” болтлоо ужгирсан архидалт, мансуурлын эсрэг бодлого боловсруулж ажиллах, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчлөлийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын болон иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод бодитой тусгах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг үндсэн чиглэлээр ажиллана.

2. ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЛОББИ БҮЛЭГ

БҮЛГИЙН АХЛАГЧ:Ж.Мөнхбат

БҮЛГИЙН ГИШҮҮД: Ш.Адьшаа, С.Амарсайхан, А.Адъяасүрэн, Ц.Анандбазар, П.Анужин, Т.Аубакир, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, Ц.Туваан, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Г.Ганболд, Н.Ганибал, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нар.

ЗОРИЛГО: Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, үндэсний баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжихэд лобби бүлгийн гишүүд манлайлан ажиллана. Мөн бэлчээрийн нөөцийн менежментийг сайжруулах холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэх, газар тариалангийн салбарт дэмжлэг үзүүлэх асуудлын хүрээнд хууль санаачилж, идэвхтэй ажиллах.

3.ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ЛОББИ БҮЛЭГ

БҮЛГИЙН АХЛАГЧ: Б.Баярсайхан

БҮЛГИЙН ГИШҮҮД: Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Ц.Туваан

ЗОРИЛГО: Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэгч талбаруудад тулгамдаж буй асуудлыг судлан бодлогын дэмжлэг үзүүлэх гэх мэт өргөн хүрээнд ажиллах юм байна. Хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг хүчирхийллүүд нийгмийн бүх түвшинд олон хэлбэрээр үйлдэгдэж байгаа нь холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт сул, сурталчилгаа тааруу, ард иргэдийн ёс зүйн боловсрол доройтсоныг харуулж байна. тиймээс хууль боловсруулж, батлах түвшинд энэ чиглэлд анхаарал хандуулж, батлагдаж буй хууль, тогтоомжуудыг боловсруулах шатанд анхаарал хандуулан ажиллах.

4.БАРУУН БҮСИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, АГААР, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ  ЛОББИ БҮЛЭГ

БҮЛГИЙН АХЛАГЧ: Ш.Адьшаа

БҮЛГИЙН ГИШҮҮД: Т.Аубакар, Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Бейсен, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн, Б.Энх-Амгалан, Б.Саранчимэг нар.

ЗОРИЛГО: Бүс нутгийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, орон нутгийн иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажлууд хийж эхний ээлжид аймгийн төв тус бүрд агаарын бохирдлыг өнөөгийн байгаа түвшнээс тодорхой хувиар бууруулахыг гол зорилгоо болгосон. Үүний хүрээнд Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гарган, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгуулахаар ажиллана.

5.КЭМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ

БҮЛГИЙН АХЛАГЧ: Н.Учрал

БҮЛГИЙН ГИШҮҮД:  Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, С.Батболд, Х.Булгантуяа, Д.Батлут нар.

ЗОРИЛГО: Монгол хүүхдүүд дэлхийд үнэлэгдэх, өрсөлдөх боловсролыг нийслэлд ч орон нутагт ч тэгш эзэмших боломжийг боловсролын тогтолцоонд бий болгох. Кэмбриж, лаборатори гэж ялгадаг байдлыг арилгаж бүгд тэгш боловсрол эзэмших боломжийг бий болгох зорилготой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж