
Өчигдөр бага үдийн үед Нарантуулыг зорин очиход шөнө орсон борооны ус хаа сайгүй тогтоол үүсгэчээ.
“Гурилын үйлдвэрүүд болон импортын гурил нийлүүлж байгаа ченж нар уржигдар өглөө ирэхдээ л үнээ нэмчихсэн байсан. Тэд нараас үнэтэй авсан гурилаа хуучин үнээр нь зарвал бидэнд ашиггүй болохоор аргагүйн эрхэнд үнээ нэмсэн” гэсэн тайлбарыг сонссон юм.
Өчигдрийн байдлаар Нарантуул зах дээр “Алтан тариа”-ны дээд гурил нэг килограмм нь 800 төгрөг, нэгдүгээр гурил 650-700 төгрөг, Оросын дээд гурил 800 төгрөг, нэгдүгээр гурил 700, “Улаанбаатар”-ын дээд гурил 700 төгрөг, нэгдүгээр гурил 650 төгрөгөөр зарагдаж байлаа. Гурилынхаа үнийг юуны учир гэнэт нэмсэн талаар үндэсний үйлдвэрлэгч нараас тодруулахад “Дэлхийн улс орнуудад ган нүүрлэж, үүнийг дагаад ургацын хэмжээ буурах төлөвтэй байна. Эндээс шалтгаалж улаанбуудайн үнэ өсөх болсон. Тиймээс манай компани гурилын үнийг 70 төгрөгөөр нэмж байгаа” гэв.
Гурилын үйлдвэрүүд үнээ нэмснийг далимдуулж наймаачид шат дамжлага бүртээ тав, арван төгрөг нэмсээр ойролцоогоор 0,4 дахин өндөр үнээр хэрэглэгчдийн гар дээр очиж байна. Энэ бол зөвхөн нийслэлд байгаа байдал. Орон нутагт хэчнээн төгрөгөөр нэмж борлуулж байгааг тааварлахад бэрх байна.
Б.Өсөхбаяр