Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг хуурамч дуудлага мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулав. Цаг агаар эрс хүйтэрч, галлагааны улирал эхэлсэн тул угаарын хийнд хордсон дуудлага эрс нэмэгджээ. Гэвч архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс бие нь муудах, эсвэл даралт ихэссэн үед угаарын хийд хордчихлоо хэмээн хуурамч дуудлага өгөх тохиолдол цөөнгүй гарах болсныг холбогдох албаны хүмүүс мэдээлэв.
Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй "Угаарын хийнд хордсон 10 дуудлагын 2-3 нь хуурамч байдаг тул төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулж байна" гэсэн юм. Согтууруулах ундаа хэрэглэсэн, даралт нь ихэссэнээс болж, бие нь эвгүйрхсэнээ угаарын хийнд хордлоо гэж Түргэн тусламж дууддаг аж.
Мөн иргэдийг угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлж угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд тараасан ч иргэдийн тухайд чимээ их гаргаж байна гэх шалтгаанаар төхөөрөмжийг унтрааснаас өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулж буй тохиолдол цөөнгүй болохыг онцгой байдлын алба хаагчид сануулав.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ